Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр омикрон хувилбарын талаар мэдээлэл өгч байна. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, 2021 оны 11-р сарын 27-ноос хойш Монгол Улсын хилээр нийт 95 нислэгээр 9723 зорчигч ирсэн. Эдгээр зорчигчоос одоогийн байдлаар эхний шинжилгээгээр 65, хоёр дахь шинжилгээгээр 75 зөөвөрлөгдсөн тохиолдол илэрлээ. Коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн тохиолдлууд дотор вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээг үе шаттайгаар хийж байна. Энэ шинжилгээгээр омикрон хувилбар бүртгэгдээгүй байна.
Олон улсын энхийг сахиулагч 244 цэргийн албан хаагч ирсэн. Алба хаагчид “Бага баян” амралтад тусгаарлагдсан. Ойрын үед цэргийн албан хаагчдын эхний хэсэг гэртээ харихаар бэлтгэгдэж байна. 12-р сарын 24-нд Тайландаас ирсэн нислэгээр эхний шинжилгээгээр 4, дараагийнхаар 11 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. 12-р сарын 27-ны өдөр ирсэн Туркийн нислэгээр мөн 10 хүнээс халдвар илэрсэн.
Дэлхийн 100 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Омикрон хувилбарын давлагаа анх нэг сарын өмнө ӨАБНУ-д гарсан бөгөөд одоо халдварын тохиолдол буурч байна. Их Британи улсад мөн халдвар буурч байна. ӨАБНУ-д хийсэн судалгаагаар халдвар авч өвчилсөн болон вакцинд хамрагдсан хүмүүс омикроны давлагаанд өртсөн ч харьцангуй хөнгөн өвчилж, хүндрэл, нас баралт багатай байна. Тийм учраас иргэдийг III тунгийн дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.
Израйль улсад хийсэн судалгаагаар бүүстер тунг хийснээс хойш гурван сарын дараа дархлааны түвшин буурч байна. Тийм учраас тус улсад эрүүл мэндийн салбарынхандаа дөрөв дэх тунг хийж эхэллээ.
Манай улсын хувьд хил дээр эрчимтэй хяналт тавьж байна. Манай улсад хуурай газрын хил хаалттай байгаа. Агаарын хил нээлттэй байна. Иргэдийг онцын шаардлагагүй бол гадаад руу зорчихгүй байхыг анхааруулж байна.