Францад өнөөдрөөс эхлэн “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн шинжилгээний хариу нь эерэг гарсан тохиолдолд тусгаарлагдах хугацааг 10 хоног байсныг долоо хоног болгон бууруулахаар болжээ. Тодруулбал, вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс халдвар авсан тохиолдолд коронавирусний ямар хувилбараар халдварласнаасаа үл хамааран долоо хоног тусгаарлагдах бөгөөд антиген, “PCR” шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд таван хоногийн дараа тусгаарлалтаас гарах боломжтой байна.
Мөн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс халдвар авсан хүмүүстэй ойр байсан ч тусгаарлагдах шаардлагагүй болох ажээ. Гэхдээ иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, тогтмол шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэдгийг Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран “Le Journal du Dimanche” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ онцлон хэлжээ.