Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нар мэдээлж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
Сүүлийн өдрүүдэд PCR шинжилгээний эерэг тохиолдлын тоо зөвхөн нийслэлд биш орон нутагт ч буурч, дельта хувилбарын давлагаа дуусаж, халдварын тархац буурч байна. Дэлгэсэн орны тоо долоо хоногт 5000-аар багасаж байгаа ба оргил үедээ 20 мянган гаруй ор хүнтэй байсан одоо 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар нийт 640 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 1826 байна.
Ерөнхий сайдын уриалгыг санаж байгаа бол энэ сараас эхлэн урлаг, спортын арга хэмжээнүүдийг нээсэн ба нэмэлт тунг хийсэн хүн үзэж болно, үгүй бол түргэвчилсэн шинжилгээг хийлгэсэн байх шаардлагатай болсон. Тиймээс иргэд нэмэлт вакциндаа хамрагдаж эсвэл түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч ямарваа нэгэн арга хэмжээнд оролцох боломжтой гэсэн дэглэмээ баримтлаад төрийн албан хаагчдаас бусад нь буюу хувийн хэвшлийн байгууллагууд нь шинэ жилийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэж болно. Хамгийн гол нь бид бүүстер буюу нэмэлт тунг 50 болон түүнээс дээш хувьдаа хүргэж ёстой бөгөөд тэгж байж дараагийн шатлал руу шилжиж орох ёстой.