АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар “Pfizer/BioNTech”-ийн COVID-19-ийн эсрэг вакцины зөвшөөрлийг эцсийн байдлаар олгосон талаар мэдээллээ.
Тус улсад “коронавирус”-ийн “Дельта” хувилбар хурдтай тархаж байгаа энэ үед дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхэд томоохон түлхэц болно гэж үзэж байна. “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 16-аас дээш насныханд ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм. Харин 12-15 насныханд яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олгожээ.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хувийн хэвшлүүдийг ажилчдадаа вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлага тавихыг уриалсан байна. Түүнчлэн ирэх саруудад вакцинжуулах явц хурдацтай байвал энэ хавар гэхэд хэвийн амьдралдаа шилжинэ гэж АНУ-ын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи мэдэгдээд байгаа юм.
Үүнээс гадна Филиппин улсын Хүнс, эмийн удирдах газар ОХУ-ын COVID-19-ийн эсрэг нэг тунт “Sputnik Light” вакциныг бүртгэж, яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олголоо. Тус улс “Sinovac”, “Sinopharm”, “AstraZeneca” болон “Pfizer”-ийн вакциныг бүртгээд байгаа юм. Филиппин улс 13 сая гаруй иргэнээ вакцины бүрэн тунд хамруулсан үзүүлэлттэй байна.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv