“Токио-2020” зуны олимпийн XXXII наадам ид үргэлжилж, манай баг тамирчид олимпийн дэвжээнд хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Дэлхийн наадмыг хүн болгон цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч тамирчдаа уухайлан дэмжиж буй энэ өдрүүдэд Монголын жүдо бөхийн баг тамирчид медалийн салхийг хагалж, олимпийн дэвжээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Баярт энэ мөчид тамирчиддаа амжилт хүсэн залбирч бас сэтгэл догдлон хүлээж буй жүдо бөхийн шигшээ баг тамирчдын ар талын албаныхны нэг, Монгол Улсын гавьяат эмч, самбо бөхийн ОУХМ, жүдо бөхийн улсын шүүгч Пүрвээгийн Бат-Очиртой уулзаж ярилцсан юм.
Тэрбээр Монголын спортын анагаах ухааны салбарт 40-өөд жил зүтгэхдээ 1996 оны Атлантагийн олимпоос эхлэн таван олимпод жүдо, чөлөөт бөх, боксын баг тамирчдын эмчээр оролцсон, 2014 оноос жүдо бөхийн шигшээ багийн эмчээр ажиллаж байгаа юм.
Жүдочдын арын албаныхан
Олон улсын тэмцээний үеэр. Гэрэл зургийг хувийн архиваас.
Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв Спортын ордны хоёр давхарт байрладаг. Хүмүүс хөлхөж, хөлс үнэртэж байдаг Спортын төв ордон сүүлийн хоёр жил цар тахлын улмаас заалуудаа хаасан. Энэ удаа ч нам гүм угтав.
Монголын үндэсний шигшээ багийн 10 төрөлд 43 тамирчин Токиогийн олимпод оролцож байна. Тэгвэл шигшээ багийн бүх тамирчныг спортын төрөл болгон дээр бэлтгэх ажилд Спортын анагаах ухааны төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд, эрдэм шинжилгээ судалгааны баг ажилласан юм. Тамирчдын эрүүл мэнд, бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох, сэтгэл зүйн байдал, хоол зүй гээд амжилт гаргах бүх нөхцөл бололцоогоор хангаж, ар талыг нь даан залбирч суугаа тэд бол тамирчдын найдвартай ар тал. Харин медаль авсан тамирчдын ялалт, амжилтын тухай ярихад тэдний талаар тэр бүр дурдагддаггүй билээ.
Дэлхий нийт асар хурдасч буй техникийн дэвшлийг бүхий л салбарт ашиглаж буйг энэ удаагийн олимп олон талаар харуулж байгаа. Тэгвэл арын албаныхан энэ боломжийг ашиглан нээлттэй цахим ертөнцөд жүдочдынхоо бүх барилдааныг харж, харилцаж, хэн нэгэнд нь ямар нэгэн зүйл хэрэгтэй болоход шууд холбогдон анхаарах зүйлүүдийг нь хэлж зөвлөж байгаа аж.
Хамгийн гол нь тамирчид эрүүл байж мөн тодорхой хэмжээнд өндөр түвшний бэлтгэл хийж байж амжилт үзүүлдэг. Гэмтэл бэртэлтэй байвал спортын амжилт гаргахад төвөгтэй. Энэ удаа манайханд хүндрэлтэй гэмтэл бэртэл байхгүй, хуучин гэмтэл бэртэлтэй тамирчдаа эмчилж, барилдахад тодорхой хэмжээний амжилт гаргах бололцоотой болгож Токио руу үджээ.
Олон олимпод баг тамирчдын эмчээр ажилласан П.Бат-Очир эмчээс энэ удаа Монголын тамирчид ямар амжилттай оролцох тухайд сэтгэгдлийг нь асуухад “Токио-2020 олимпийн наадамд манайхаас эмэгтэй тав, эрэгтэй долоо, нийт 12 жүдочин олимпийн эрх аван оролцож байгаа. Тэд медалийн салхийг хагалаад зогсохгүй гурван медаль ихэрлүүлж авсанд бид баяртай байна. Спортын бусад төрөл, буудлага, бокс, 3х3 сагсан бөмбөг, ширээний теннисийн төрөлд Монголын баг тамирчид амжилттай оролцож байна. Энэ удаагийн олимпийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед зохиогдож байна. Сүүлийн хоёр жил тамирчид бэлтгэл хийхэд төвөгтэй байсан. Хөл хорио, хязгаарлалтын дэглэм ойр ойрхон хийж бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаан байсхийгээд цуцлагдаж ирсэн. Гэсэн ч биеийн тамир спортын хороо, Улсын шигшээ багаас Нийслэлийн болон Улсын онцгой комисст хандан тусгай зөвшөөрөл авч олимпийн баг тамирчдыг вакум орчинд нэгдсэн бэлтгэлд хамруулж чадсан. Иймд манай баг тамирчид энэ жил бусад олимпийг бодвол медалийн арвин ургацтай ирэх байх” гэлээ.
Нэрт оточийн удам “Эмчийнхэн” овгийнхон
Эмчийнхэн овогт Пүрвээгийн Бат-Очир 1957 онд Увс аймгийн Завхан сумын Шар булаг гэдэг газар мэндэлжээ. Түүний аав ээж эрүүлийг хамгаалах салбарт насаараа зүтгэсэн хүмүүс. Аав Ё.Пүрвээ нь аймгийнхаа төв аптект нярваар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан бол ээж Ч.Авирмэд нь сувилагч мэргэжилтэй. Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт 103 түргэн тусламжийн сувилагч, Халдвартын эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Тэд 10 хүүхэд төрүүлснээс таван хүү, гурван охин тогтсон бөгөөд П.Бат-Очир айлын хоёр дахь хүүхэд юм. Тэрбээр эмчийн мэргэжил эзэмшиж мөн эмч бүсгүйг амьдралын ханиа болгожээ. Түүний хань Ч.Эрдэнэчимэг агсан дотрын эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн их эмч байв. Тэднийх хоёр охин, таван зээтэй. Том охин Б.Болор нь Улаанбаатар их сургуулийг англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр, бага охин Б.Батчимэг нь Бээжингийн Биеийн тамирын их сургуулийг төгсчээ.
Тэдний дээдсүүд дотор аавынх нь талд нэртэй оточ нар байсны нэг нь нутаг усандаа нэртэй Сэмүүн хэмээх оточ байсан гэнэ. Хойч үеийнхэнд аав, ээж хоёрынх нь аль алины талд эмч мэргэжилтэн олон төрөн гарчээ.
Иймд П.Бат-Очир эмч Монгол Улсын хүн амын ургийн бүртгэлжүүлэлт хийх үеэр ах дүү нартайгаа зөвлөөд “Эмчийхэн” хэмээх овог авчээ. Өмнөх үеэ ч, хойч ирээдүйгээ ч харсан энэ нэр их утга учиртай байснаас ингэж шийджээ. Өнөөдөр тэдний удмаас 10 гаруй хүн эмчийн мэргэжил эзэмшжээ.
Эмч дүү П.Дулмаагийнх нь хүүхэд эмчийн мэргэжил эзэмшин ажлын талбарт гарсан бол араас нь дахин нэг дүүгийнх нь хүүхэд эмч мэргэжлээр суралцаж байгаа гээд удам дамжин ахан дүүсээрээ эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байна.
Самбо, жүдогийн тамирчнаас спортын анагаах ухааны эмч
Тэрбээр спортын анагаах ухааныг сонирхож түүнд татагдаж орохоос өмнө самбо, жүдогийн тамирчнаар их спортын босгоор алхан оржээ. Спортод өөрөө сонирхолтой учраас Монголд шинэ тутам хөгжиж байсан спортын анагаах ухаан хэмээх шинжлэх ухааныг сонгон авч өнөөдрийг хүртэл 40-өөд жил ажиллаж байна.
Тэрбээр хүүхэд байхдаа 1971 оноос Увс аймгийн “Спорт” нийгэмлэг гэж байх үед улсын начин Лхамаа багшийнхаа секцэд явж эхэлжээ. Харин сургууль дээрээ Жигдэн багшийнхаа удирдлагад дугуйланд хамрагддаг байв. 1973 онд аймгийнхаа наадмаар үндэсний бөхөөр хүүхдийн барилдаанд түрүүлэн Шонхор цол хүртэж, шинэ цүнх, хичээлийн хэрэглэлээр шагнуулсан нь түүний шагналын болон спортоор хичээллэх анхны гараа болжээ. Харин 1975 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн оюутан болж намрын ажилд явахдаа одоогийн улсын начин, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Жанчивдоржтой танилцсан байна. Залуус намрын ажлын талбарт мөр зэрэгцэн ажиллаж, чөлөөт цагаараа барилдаж, бөх ярьж явсаар хотод ирээд Спортын төв ордонд самбо бөхийн дугуйланд, одоогийн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох нарын удирддаг дугуйланд оржээ. Тухайн үед хамт бэлтгэл хийж байсан тамирчид нь одоогийн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Дамдин, улсын харцага Г.Намсрайжав, спортын мастер н.Батбаатар, Д.Жанчивдорж нар байлаа. Ингэж спортын алдартнуудтай хамтдаа бэлтгэл хийсний хүчинд самбо бөхийн спортын мастер, олон улсын хэмжээний мастер, жүдо бөхийн улсын шүүгч болж хот, улс, олон улсын болон нэрэмжит тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль 30 гаруйг хүртсэн хэмээн П.Бат-Очир эмч ярих дуртай. Анагаах ухааны дунд сургуульд суралцах хугацаандаа тэрбээр сургуулийнхаа бөхийн дугуйланг удирдан хичээллүүлснээр оюутан бөхчүүд хот, улс, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон алт, мөнгө, хүрэл медаль авч, өөрөө “Анагаахын Бат-Очир”, “Хоршоолол” нийгэмлэгийн “Буржгар Бат-Очир” хэмээн нэрлэгдэж, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийн гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, олон улсын тэмцээнээс таван хүрэл медаль, Бүх ард түмний VIII спартакиадын хүрэл медаль хүртжээ.
Түүнийг Анагаах ухааны дунд сургуульд байхад оюутнуудыг Эмнэлэг биеийн тамирын диспансерт эрүүл мэндийн үзлэг оношлогоо, сорилт үзлэгт байнга хамруулдаг байв. Тухайн үед Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын арслан П.Дагвасүрэн багш нь спортод сонирхолтойн дээр анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутан гэдгийг нь судалж мэдээд өөрийн гарын шавь болгожээ. П.Дагвасүрэн арслан бол Монголын спортын анагаах ухааны нэгэн үеийн хөгжлийг тодорхойлсон хүн юм. Тэгвэл манай зочин түүний гарын шавь нарын нэг болж нарийн мэргэжил эзэмшсэн Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч агсан Д.Загдсүрэн нарын анхны цөөн хүний нэг бөгөөд одоо ч Монголын спортын анагаах ухааны салбарт П.Дагвасүрэн арслангийн шавь нар зүтгэж явна.
П.Бат-Очир эмч 1978 онд сургуулиа төгсч бага эмчээр найман жил ажилласны дараа АУДэС-д суралцжээ. Төгсөхдөө “Спортын анагаах ухааны чиглэлээр цаашид ажиллах хүсэлтэй байна” хэмээн Эрүүлийг хамгаалахын сайд Нямдаваад өргөдөл гаргасныг нааштай хүлээн авч Эрүүлийг хамгаалах яамны харъяа Эмнэлэг биеийн тамирын диспансерт ажиллуулахаар дахин томилсноор П.Бат-Очир эмч спорт, спортын анагаах ухаан хоёртой насаараа холбоотой явах зам, заяа хоёроо дагажээ.
“Шигшээ багийн олимпод оролцдог төрлүүдийг бүгдийг нь хариуцаж ажиллаж үзсэн”
Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт.
Спортын эмч болоод тэрбээр олимпийн цикль болгонд Үндэсний шигшээ багийн тамирчдын оролцдог томоохон төрлүүдийг бүгдийг хариуцан ажиллаж үзжээ. Тухайлбал, 1996 онд АНУ-ын Атланта зуны XXVI олимпийн наадам, 2000 онд Австралийн Сидней хотод зуны XXVII олимпийн наадам, 2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зуны XXIX олимпийн наадам, 2012 онд Английн Лондон хотноо зуны XXX олимпийн наадам, 2016 онд Бразилийн Рио Де-Жанеро хотод зуны XXXI олимпийн наадамд тэрбээр тамирчдынхаа хамтаар “зодоглосон” эмч юм. Харин энэ удаа “Токио-2020” олимпийн наадамд жүдо бөхийн шигшээ багийн баг тамирчдын эрүүл мэндтэй холбоотой бүх бэлтгэлийг хангаж өгөөд үлджээ. Үүний зэрэгцээ жүдо, самбо, чөлөөт бөх, боксын төрлүүдийн тивийн аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд 60 гаруй удаа оролцож, Монгол Улсын багийн эмчээр ажилласан амжилтын түүх түүнд бий. 1997 онд БНСУ-ын Бусанд болсон Зүүн Азийн II наадам, 2010 онд Хятадын Гуан-жаод болсон зуны Азийн наадам, 2013 онд Хятадын Нажин хотод болсон хүүхдийн зуны Азийн анхдугаар наадам, 2018 онд Индонезийн Жакарта хотод болсон Зүүн Азийн наадамд тус тус оролцсон байна.
П.Бат-Очир эмч хэлэхдээ “Монгол хүний ген, бие бялдрын онцлог улсынхаа газар зүйн байдал, цаг агаарын нөхцөлтэй зохицсон учраас аливааг хурдан сэтгэдэг, IQ өндөртэй, бие бялдрын хөгжил сайтай. Иймээс спортын аль ч төрөлд амжилт гаргах боломжтой. Дээрээс нь цаг агаарын нөхцөлтэй холбоотой юм уу, хүмүүсийнх нь тэсвэр тэвчээр сайн. Хүн ам цөөхөн ч гэсэн бусад улс оронтой харьцуулахад тэдэнтэй адил түвшинд тэнцүү өрсөлдөх чадвар өндөртэй байдаг учраас манай тамирчид спортын төрлүүдэд амжилт гаргаад байна гэж спортын анагаах ухааны үүднээс би үздэг” хэмээсэн. Заяамал энэ өгөгдөл дээр хүн эрүүл байж, байнгын бэлтгэл сургуулилтыг зөв хийснээр амжилтад хүрэх нь ойлгомжтой юм.
Түүнийг баг тамирчдын эрүүл мэндийг хариуцан ажилласан он жилүүдэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон шилдэг тамирчин төрж гарсан байдаг. Тэрбээр 1992-2000 онд бөхийн самбо, жүдо барилдааны төрлийг хариуцан ажилласан бөгөөд “Атланта-1996” олимпийн наадамд анх жүдо бөхийн багийн эмчээр ажиллахад Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн түүхтэй. 2000 оны Сиднейн олимпод Д.Нармандах, П.Нямлхагва, Х.Болдбаатар нарыг хариуцсан эмчээр ажилласан бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Х.Болдбаатар шагналт байрт орж байв. 2008 оны Бээжингийн олимпод бөхийн чөлөөт барилдааны баг тамирчдыг хариуцаж, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар шагналт байрт орсон бол 2012 оны Лондоны олимпод тэрбээр боксын спортын төрлийг хариуцаж орсон бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм. 2016 оноос П.Бат-Очир эмч бөхийн жүдо барилдааны үндэсний шигшээ багтаа эргэн ирж тамирчдын эрүүл мэндийг хариуцсан эмчээр дахин ажиллаж байгаа бөгөөд Токиогийн олимпоос жүдочид гурван медаль хүртсэн нь тэдний хамтын зүтгэлийн үр шим билээ.
Торгон агшин, хөгжилтэй түүхүүд
Багийн эмч байна гэдэг тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтад ажиллах явцад тамирчдад байнга анхаарал тавьж, харж хандах үүрэг хүлээсэн амаргүй ажил. Тамирчид жин хасах, ядрах, гэмтэл бэртэл авсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлж, байнга хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд жижүүрлэх шаардлага ч гарна. Үүний хажуугаар ажил, мэргэжилтэй холбоотой хөгжилтэй түүх, тэмцээн уралдааны торгон агшнууд дурсамж болсон үйл явдал ч зөндөө. Хэрэв бүгдийг бичиж тэмдэглэж байсан бол уншихад амттай, бас санаа авууштай зүйлээр дүүрэн ном ч болж мэдэх юм хэмээн П.Бат-Очир эмч дурссан. Заримаас нь дурдвал 1996 онд Атлантагийн зуны XXVI их наадамд жүдо бөхийн тамирчин Д.Нармандах, Цогтбаяр, Сэргэлэнбаяр нар жин хасч оржээ. Жин хасч байгаа тамирчдыг байнга харж хянаж байхгүй бол шөнө нойрмог босоод ус уучих тохиолдол гарна. Тухайн үед 57 кг-д барилдахаар жин хасч байсан Цогтбаяр шөнө нойрондоо урт хонгилоор явсаар том баллонтой ус тэврээд ирж байсан тохиолдол гарч байв. Түүнийг нь уулгахгүйн тулд авч хойш нь тавиад тамирчнаа тайвшруулж унтуулж байжээ.
Мөн Д.Нармандах олимпийн хүрэл медалийн болзол хангасан агшны гэрэл зурагт П.Бат-Очир эмчийн зураг хамт гарсан нь 1996 оны Атланта олимпийн шилдэг гэрэл зургаар шалгарч байсан удаатай. 2012 оны Лондоны олимпийн наадамд боксын тамирчдыг хариуцаж байхад нь Н.Төгсцогтын жин хасагдахгүй, 2-3 удаа саунд оруултал хасах бүү хэл жин нэмэгдээд байж. Шалгаад үзтэл нойтон алчуур норгож тавиад усыг нь шимээд байсан учраас жин нь буухгүй байсныг мэдэж зохицуулж байсан бол Н.Төгсцогтыг алтан медалийн төлөө тоглох гэж байхад толгойг нь барьж тайвшруулж байгаа агшин олимпийн шилдэг гэрэл зургаар шалгарч Швейцарын Лузанн хот дахь Олимпийн музейд тавигджээ.
Олимпийн наадмууд, олимпод оролцдог шигшээ багийнх спортын төрөл бүрийн талаар сонирхолтой баримт, хөгжилтэй түүх хуучлах Монгол Улсын гавьяат эмч, самбо бөхийн ОУХМ, жүдо бөхийн улсын шүүгч П.Бат-Очир гуай арвин их дурсамжтай юм. Монголын тамирчид дээхнэ үед ганц эмчтэй, тэр нь сэтгэлзүйч, массажист, сувилагч, хоолзүйч, бэлтгэлжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, түүндээ үндэслэн эмчилгээний арга боловсруулах гээд бүх ачааг үүрдэг байсан. Тэгвэл энэ бүхнийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай болгон улам боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газраас Спортын анагаах ухааны төвд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна. Гэхдээ л спортын анагаах ухааны чиглэлд сэтгэл зүтгэлээ зориулсан эмч нарын ажил онцлогтой юм. Клиникийн эмч нар өглөө ажилдаа яваад орой гэртээ ирж, сард нэг удаа жижүүрт гардаг бол тэд өөр. Шигшээ багийн тамирчид хаана бэлтгэлд гарна, хаашаа тэмцээн уралдаанд явна тэнд хамт явах үүрэгтэй. Нэг удаагийн бэлтгэл 14-21 хоног байвал тэр хугацаагаар явна гэсэн үг. Тэр болгонд ар гэрт орон зай нь үлдэнэ. Ханьдаа түшиг болж, үр хүүхдээ өсгөх, амьдралаа авч явах өрхийн тэргүүний үүргийг эхнэр нь хүлээнэ. Ар гэртээ санаа зовохгүй явж байж тэдний ажлын үр дүн гарна. Энэ олон жилүүдэд П.Бат-Очир эмчийн ар талыг дааж, найдвартай түшиг нь болж, өдий зэрэгтэй явуулсан хүн бол түүний хань байсан бөгөөд өнгөрсөн хавар өвчний учир таалал төгсчээ. Эмч хүн ханиа өвчнөөр алдах, бусдыг аюулт өвчнөөс авардаг “цагаан нөмрөгтэй баатар” өөрөө хүнд өвчний эсрэг хэчнээн тэмцээд тэнгэрт одох нь хэчнээн гуниг харуусалтай вэ хэмээн цахим орчинд мэргэжил нэгт нөхөд нь, ач тусыг нь авч явсан хүмүүс сэтгэгдэл үлдээснийг энэ дашрамд олж үзээд элэг эмтэрч байв. Алтан гарт эмчдээ баярлалаа гэсэн үгийг бид байнга хэлдэг. Энэ үгээр энэхүү нийтлэл, сурвалжлагаа жаргаая. Эмч тандаа баярлалаа. Монголын баг тамирчдын медалийн ургац арвин байх болтугай.
Ч.Үл-ОлдохЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин