Коронавирусийн халдвар авсан иргэд нэг удаадаа эм тан авахад 100-200 мянган төгрөг зарцуулж байна. Хэрвээ мөнгөгүй хүн бол иргэд эм тангаа ч авч чадахгүй байдал хүрэх нь, зарим эмээ иргэддээ хөнгөлөлттэй, үнэгүй олго гэх шүүмж цахим орчинд хөвөрч байна. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлын үеэр хөндлөө.
Тэрбээр "Ковидын үед эмийн үнийг нэмж байгааг яриад сууж байна гэдэг үнэндээ биш байна. Үнэ нь хэд дахин өсчихсөн. Хэрвээ эрүүл мэндийн шаардлага хангахгүй эм байгаа бол иргэдэд өгөөд хэрэггүй. Эсвэл шаардлагатай бол эрүүл мэндийн даатгалд оруул. Ер нь эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг юунд зарцуулах гээд ковидын үед хадгалаад байгаа юм бэ" гэлээ.
Эрүүл мэндийн сайд Л.Энхболд "Арбидол эмийг хүний эмийн зөвлөлөөр хэлэлцээд "Тавин ус" компани Монголдоо үйлдвэрлэдэг болсон. Одоогоор энэ эмнүүд маань даатгалын хөнгөлөлтөд орох эсэхийг судалж байна" гэлээ.