Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт оруулж, ахмад настнуудын хэрэглэдэг зүрх судас, тархины цусан хангамжийг сайжруулах эмүүдийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлжээ. Тодруулбал, зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмж, 17 нэрийн эмийг шинээр нэмж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай эмийн үнийг бууруулах талаар уулзалт, хэлэлцээ хийснээр 58 нэрийн эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан байна.
Мөн эрүүл мэндийн салбарын “Ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх” зорилтын хүрээнд 120 нэрийн эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлж, шинээр нэмж, үнийн дээд хязгаарыг бууруулсан байна. Ингэснээр ахмад настнуудын дийлэнх хэрэглэдэг зүрх судасны эмийг 34-81 хувиар, тархины цусан хангамжийг сайжруулах 10 гаруй эмийг 60 хүртэлх хувиар тус тус хөнгөлжээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг “Энэхүү хөнгөлөлтийг шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн мөрдөж байна. Хөнгөлөлт үзүүлэх эмийг сонгохдоо зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон байх, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэдсэн, жороор олгогддог, тогтмол нийлүүлэгддэг, эмчилгээний удирдамжид заагдсан байх гэсэн үндэслэлүүдийг баримталдаг” гэлээ. Өнгөрсөн онд ЭМДС-гаас эмийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын дийлэнх буюу 72 хувийг 0-5 насны хүүхдүүд болон 50-аас дээш насны иргэд эзэлж байгаа аж. Үүн дотроо 58 хувийг 50-аас дээш насны иргэд эзэлсэн байна. Ахмадууд зүрх судасны өвчний эмийг зонхилон авдаг.
2018 онд эмийн үнийн хөнгөлөлтөд 37.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 33.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн бол улсын хэмжээнд 1,026 эмийн сантай гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангийн хаяг байршил, утасны дугаар зэрэг мэдээллийг ЭМДЕГ-ын 70101128 дугаарын утсаар холбогдож авах, мөн тус газрын emd.gov.mn вэб сайтын Эмийн сангийн төсөв цэснээс шууд харах боломжтой юм байна.
С.САРУУЛ
Эх сурвалж: www.polit.mn