Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, цар тахлын үеэрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцав. Тухайлбал, Энэтхэг Улсын Засгийн газраас манай улсад олгохоор шийдвэрлээд буй "COVID-19"-ийн эсрэг вакциныг ойрын үед татаж авахаар тохиров.
Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлыг эрчимжүүлж, Монгол Улсаас Энэтхэг улсад коксжих нүүрс экспортлох чиглэлд эхлүүлсэн яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр болов.
Түүнчлэн талууд А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төвийг Улаанбаатар хотноо байгуулах, Монгол, Энэтхэгийн найрамдалт дунд сургууль, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах зэрэг хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрийн явц байдлын талаар ярилцав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэг хоёр улс олон улсын тавцанд бие биенээ идэвхтэй дэмжиж ирснийг онцолж, Стратегийн түнш Энэтхэг улстай цаашид ч олон улсын байгууллага, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.