Дэлхийн улс орнууд одоогоор коронавирусний 180 орчим вакциныг гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд үүнээс 35-ыг нь хүмүүс дээр туршиж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
“Дэлхий дахинд нийт 180 орчим вакциныг хөгжүүлж байгаагаас 35-ыг нь хүмүүс дээр туршиж байна. Аливаа өвчинд судалгаа шинжилгээ ийм хурдацтай хийгдэж байсан тохиолдол түүхэндээ байгаагүй. Энэ нь сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн салбарт итгэмээргүй ахиц дэвшил гарч байгааг батлан харуулж байна” хэмээн тэрбээр ярьжээ.
Үүнтэй холбогдуулан вакцины хүртээмжийг аль болох олон хүнд хүргэхийг Тедрос Аданом Гебрейесус уриалж ДЭМБ-ын 4 дүгээр сард санаачилсан коронавирустэй тэмцэх арга хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх “ACT Accelerator” олон улсын түншлэлийн механизмын санхүүжилтийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэхгүйгээр зорилгодоо хүрч чадахгүй байгаад анхаарал хандуулав.
Одоогоор “ACT Accelerator” нь 2.7 тэрбум ам.долларыг хандивлагчдаас цуглуулсан нь шаардлагатай мөнгөний 10 хувьд нь хүрэхгүй байгаа аж.
Вакцины талаарх асуудалд үндсэрхэг үзэл гаргах, хоёр талт хэлэлцээр хийх нь халдварт өвчинтэй арга хэрэгсэлд тэгш хүртээмжтэйгээр хүргэх явдлыг эрсдэлд оруулж болзошгүй хэмээн болгоомжилж буйгаа ДЭМБ-ын тэргүүн илэрхийлэв. "Халдварт өвчинтэй тэмцэхдээ дэлхий дахин эв нэгдэлгүй байгаа нь хамгийн том сорилт болоод байгаа юм. Эв нэгдэлгүй байснаар бид вирус тархах маш сайхан боломжийг бий болгож байна. Тийм учраас л халдварт өвчин тархсан хэвээр байна” гэж тэрбээр хэлэв.