"Д витаминаар дутагдах нь коронавируст халдвараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна"

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт  коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 26.6 сая хүн өвчилж, 872 мянган хүн нас баржээ. 18 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Гурав хоногт өвчлөл нэг саяар нэмэгдсэн нь халдварын тархалт эрчтэй хэвээр байгааг харуулж байна.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 279 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 4995 хүн шинээр халдвар авч, 114 хүн эндсэн байна. БНХАУ-д 33 тохиолдол шинээр бүртгэгдсэний найм нь гадаад улс орноос зөөвөрлөгдсөн тохиолдол гэжээ. Япон улсад COVID-19-ийн 659 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн энджээ.
БНСУ-д 189 хүн шинээр коронавирусийн халдвар авсны ес нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол гэж үзсэн байна. БНСУ-ын хувьд сүүлийн 14 хоногт тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газраас нь зайнаас харилцах, хүн бүр сонор сэрэмжтэй байх, ажлаа цахимаар хийх арга хэмжээг авч байгаа.
Халдвар тараасан байгууллага хувь хүнээр эмнэлгийн төлбөр төлүүлэх арга хэмжээг аван хуулийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгджээ. Үүнд буруу ташаа мэдээлэл тараах, ард нийтийн сэтгэл санааг үймүүлсэн үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээхэд хүргэнэ гэдгийг онцлон хэллээ.
Дэлхийн улс орнуудад хийж буй судалгааны ажлууд, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээнүүдийг танилцуулъя.
Тайланд улсад сүүлийн 100 гаруй хоногт шинэ халдвар бүртгэгдээгүй байсан ч өчигдөр хорих ангийн 37 настай хоригдолд вирус илэрсэн байна. Тухайн хүн гадаад улсад аялаагүй, өвчтөнтэй хавьтал болоогүй гэсэн өгүүлэмжтэй байгаа тул энэ тохиолдлыг сайтар судлах хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна.
Чикагогийн их сургуулийн эрдэмтэд Д витаминаар дутагдах нь коронавируст халдвараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэх судалгааны дүнг дахин баталгаажууллаа.
АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс их, дээд сургуулийн орчин, ялангуяа бүх байгууллагын цахилгаан шатанд тамхи татахыг хориглох шийдвэр гаргах талаар мужийн захирагч нарт шаардлага хүргүүлжээ.
Манай улсад өчигдөр 217 хүн шинээр тусгаарлалтад орж, 12 хүн тусгаарлалтаас гарч, 3697 хүн ажиглалтад байна. Тэдэнд 32 их эмч, 85 резидент эмч, 71 төрийн албан хаагч тусламж үйлчилгээг үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 72 хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс хоёр хүний биеийн байдал хүнд байна.
24 цагт 119 дугаарт 46 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөө авсан.
СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 16 хүн холбогдож зөвлөгөө авсан байна“ гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан