Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Цар тахлын халдвараар дэлхий дахинд 5.7 сая хүн өвчилж, 356 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 101 мянган тохиолдол бүртгэгдэж 5,000 гаруй хүн амиа алдлаа. Товчхондоо, өвчлөл, нас баралт өмнөх өдрөөс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Манай улсын хувьд 383 хүн шинээр ажиглалтад орж, хоёр хүн тусгаарлах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогийн байдлаар 1,635 хүн ажиглалтад байна.
ХӨСҮТ-ийн халдваргүйжүүлэх баг өчигдөр 165 ачаа, гурван зочид буудал, 11 галт тэргэнд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.Сүүлийн 24 цагийн 119 тоот дугаарт 228 хэрэглэгч хандаж, мэдээлэл зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд гадаад улсад байгаа 15 иргэн хандлаа. Иргэдийн зүгээс зах худалдааны төвийн худалдагч нар амны хаалт зүүхгүй байна гэх гомдлууд гарч байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн гурван лабораторид өчигдөр хийсэн шинжилгээгээр нийт 517 хүнээс 504-т нь коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 27-нд 13 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Тавдугаар сарын 26-нд Москва-УБ онгоцоор ирсэн 170 хүнд хийсэн давтан шинжилгээгээр нэг оюутнаас коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ирсэн 370 хүний 12 хүний хариу эерэг гарсан. Батлагдсан тохиолдлын 10 нь халдвар авсан. Ихэвчлэн 17-20 насны, нэгдүгээр дамжааны оюутнууд халдвар авч байна.
Өнөө өглөө 07:40 цагт Алтанбулагийн боомтоор ирсэн 230 зорчигчийг галт тэргээр Улаанбаатарт авчирлаа. Үүнээс 21 хүнийг сэжигтэй гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлаад байна.