Өдөрт хэрэглэх сүүн бүтээгдэхүүний зохистой хэмжээг тогтоожээ

BMJ Open Diabetes Research & Care сэтгүүлд нийтлэгдсэн олон улсын эрдэмтдийн судалгааны тайланд өдөртөө хоёр удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд диабет, цусны даралт ба бодисын солилцооны синдромын эрсдэлийг бууруулна гэж дүгнэжээ.
Өмнө нь Хойд Америк ба Европт хийсэн судалгаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх дээрх өвчнүүдээс гадна зүрх судасны өвчлөлөөр эрт нас барах эрсдэлийг багасгах үйлчилгээтэйг нотолсон. Гэхдээ уг үр дүнг дэлхийн хэмжээнд ашиглаж болох эсэхийг мэдэхгүй байв. Энэ удаад 21 орны 35-70 насны 147 мянга гаруй хүнийг хамруулжээ. Тухайлбал, хөгжингүй Швед, Канад, хөгжиж байгаа Бангладеш, Колумб, Иран зэрэг улс оролцлоо. Судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдлыг есөн жилийн турш ажиглаж, сүү, тараг, бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, эм эмчилгээ, жин, даралт, холестерин ба глюкозын түвшинд хэмжилт хийжээ. Үр дүнгээс харвал өдөрт хоёр удаа тослогтой сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд даралт ба диабет үүсэх эрсдэл тус бүр 11 ба 12 хувиар буурч байв. Хоёр удаагийн хэрэглээг эмч нар зохистой гэж үзсэн. Учир нь гурав дахь удаа хэрэглэхэд үр дүн төдий л дээшлээгүй аж. Нэг удаагийн хэрэглээний порц нь 240 грамм сүү, 20 грамм бяслаг, нэг сав йогурт, 120 грамм аарц буюу түүнтэй тэнцэх хэмжээний сүүн бүтээгдэхүүн байж болно. Тосыг нь ялгасан бүтээгдэхүүний үр ашиг хавьгүй доогуур байсан тул эрдэмтэд ийм хүнс хэрэглэхийг зөвлөөгүй юм. Оролцогчдын 47 мянга нь диабет, даралт буюу бодисын солилцооны эмгэгтэй байснаар барахгүй илүүдэл жин, ашигтай холестериний доогуур түвшин, цусанд нь өөх тос, глюкозын өндөр агууламж гэх мэт эрүүл мэндийн муу үзүүлэлттэй байв. Ийм оролцогчид сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд өвчлөл үүсэх эрсдэл хэрэглээгүй хүмүүсийнхээс 24-28 хувиар буурч байгаа нь ажиглагдав. Эрдэмтэд уг судалгаа ажиглалтын шинжтэй бөгөөд шалтгааныг тогтоох зорилго тавиагүй гэдгийг ярьжээ. Өгүүлэлд бичсэнээр "Энэхүү судалгааны үр дүн илүү өргөн, урт хугацааны судалгаагаар нотлогдвол сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь даралт, диабет, бодисын солилцооны эмгэгийг бууруулах хямд төсөр арга болно. Мөн дэлхий даяар зүрх судасны өвчлөлийг багасгахад тусалж болох юм". 
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан