Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг ялан дийлэхэд сэтгэлзүйн эмчилгээ эмийн эмчилгээнээс дутуугүй чухал нөлөөтэй. Англи улс өвчтөнд "ном"-ын эмчилгээ бичиж өгөх туршлагыг арваад жилийн өмнөөс үр дүнтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох судалгааг нарийвчлан хийж байгаа юм байна.
Энэ долоо хоногоос Лондонгийн өрхийн эмнэлгүүд сэтгэлзүйн эмгэг, саад бэрхшээлтэй хүүхдүүд, тэр тусмаа эцэг эхээс өнчирсөн, сургууль дээрээ дээрлэхүүлдэг, бухимдал эсвэл гутралд орсон залуу өвчтөнүүдэд туслах 30 гаруй номтой жагсаалтыг ашиглаж эхэлнэ гэж ВВС4 радиогийн "Та бас таны" хэрэглэгчийн нэвтрүүлгээр ярихыг сонслоо.
Дээрх нэвтрүүлгийн сүүлийн гурван ч дугаарт ном унших нь хүний сэтгэлзүй, хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлж, тусалдаг тухай уншигч сонсогчид, зохиолчид, мэргэжлийн судлаач, эмнэлгийн ажилтнуудтай ярилцсан нь үнэхээр анхаарал татав. "Амьдралын хамгийн хүнд үеийг туулахад тань ямар ном тусалсан бэ?" сэдэвтэй 40 минут урт нэвтрүүлгийг сонсоод огт уйдаагүй шүү.
Зөвхөн уран зохиол ч биш, баримтат зохиол, хувь хүнийг хөгжүүлэх чиглэлийн бүтээлүүд ч хүмүүст асар их урам зориг, амьдралын ухаарал, баяр баясгалан, эрүүл мэнд бэлэглэдгийг олон сонсогчийн яринаас сонслоо. Тэр ч бүү хэл, шашингүй үзэлтэй эрдэмтэн хүн өндөр настай эхийнхээ хүслийг биелүүлж шашны сургаал уншиж өгөөд гайхмаар үр дүнд хүрсэн тухай туршлагаа үлгэрлэн ярив.
Үүнээс хөнгөн дүгнэхэд,
1. Өвчин зовлонгийн үед монгол лам нараа "ном" уншлаа гэж зэмлэн буруутгаж, элэглэн шоолох, эсвэл гандан хийдээр "ном" уншуулсан нэгийгээ бүдүүлэг харанхуйгаар бодож, гурвалжин дөрвөлжин нүдээр хардаг бол өөртөө дүгнэлт хийх болжээ, та минь. Монголын бүхнийг "мод" гэдэг үе улирч, монголын бүхэн "мода" болох цаг айсуй юм уу даа гэж бодно, барууны хөгжингүй ертөнцийн трендийг харахлаар.
2. Эмч нар "сэтгэлийг засагч" зохиолч, яруу найрагчид болон бусад мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтрах орон зай Монголд их буй мэт ээ. Өвчнийг ялахад дархлаа чухал, дархлааны системийн 70 хувь нь сэтгэлзүйтэй холбогддог гэж үзвэл өвчтнүүд өөрөө өөрийгөө эмчлэх боломж өндөр юм. Тэгвэл өвчтөнүүдийн бас тэдний орчин тойрны хүмүүсийн сэтгэл санаанд юу нөлөөлж чадах вэ? Уран бүтээлийн жагсаалтыг хамт гаргаж яагаад болохгүй гэж?