Хүний ясны бат бэх байдалд гол үүрэг гүйцэтгэгч эрдэс бодис бол кальци юм. Ялангуяа хүүхдийн өсөлтийн насанд кальци хангалттай хэмжээнд авч байх нь насанд хүрснээс хойших амьдралд илүү эрүүл чийрэг, бат бөх ястай байх үндэс суурь болдог.
Бага насны хүүхэд рахит өвчтэй болсноор яс зөөлөрч улмаар майга хөлтэй болж өсөх нь бий. Үүнээс сэргийлэхэд D аминдэм болон кальци тусалдаг.
Кальци зөвхөн ясанд ч бус мэдрэлийн систем, булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд оролцдог. Зүрхний эрүүл чийрэг байдалд ч чухал үүрэгтэй.
ХҮҮХЭД КАЛЬЦИЙГ ХААНААС АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Кальцийг зарим хоол хүнснээс авах боломжтой. Кальциар баялаг хүнсний төрлөөс дурдвал:
Сүү, тараг, бяслаг, цагаан идээ;
Дүфү;
Брокколи;
Буйцаа, салат;
Бүйлс;
Шош, вандуй;
Яргай загас.
Кальци баялаг хоол хүнс, кальциар баялаг хоол хүнс
ХҮҮХДИЙН БИЕД ХЭР ХЭМЖЭЭНИЙ КАЛЬЦИ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Кальцийн хэмжээг миллиграммаар хэмжинэ. Хүүхэд идэж буй хоол хүнсээрээ дамжуулан хэрэгцээтэй хэмжээний кальци авч байх хэрэгтэй. Харамсалтай нь бид кальциар баялаг хоол хүнс, ялангуяа жимс, ногоо тэр бүр хангалттай хүүхдэдээ өгч чаддаггүй.
Нялх хүүхдийн кальцийн хэрэгцээ
6 сар хүрээгүй нялх хүүхдэд өдөрт 200мг кальци хэрэгтэй. Харин 6-аас 12 сартай хүүхдэд арай ахиу буюу өдөрт 260мг орчим кальци хэрэгтэй. Хөхүүл хүүхэд кальцийг эхийн сүүнээс авдаг.
Бага ба өсвөр насны хүүхдийн кальцийн хэрэгцээ
Хүүхэд өсөхийн хэрээр кальцийн хэрэгцээ ихэсдэг нь яс ч бас өсөж томорч буйтай холбоотой.
1-ээс 3 насны хүүхдэд өдөрт 700 мг;
4-өөс 8 насны хүүхдэд өдөрт 1,000 мг;
9 ба дээш насны хүүхдэд өдөрт 1,300 мг
авч байхыг зөвлөдөг.
КАЛЬЦИЙН ДУТАГДАЛ ГЭЖ ЮУ ВЭ? ХҮҮХДЭД ХЭРХЭН ХАНГАЛТТАЙ КАЛЬЦИ ӨГӨХ ВЭ?
Хүүхэд төдийгүй бүх насны хүний бие махбод, цусан дахь кальци дутагдах үед дараах шинж тэмдгүүд илэрдэг:
Хүүхдийн хөлийн хэлбэр өөрчлөгдөх;
Шүд амархан хорхойтох;
Нойр, ой тогтоолт муудах;
Хөл гар, булчин өвдөх, шөрмөс татах;
Ядрах, сульдах;
Арьс хуурайших, загтнах.
Хүүхдэд сүү цагаан идээ болон дээр дурдсан кальциар баялаг хоол өгөхөд анхаараарай. Дээрх төрлийн хоолонд хүүхэд дургүй, эсвэл өндөр үнэ, олдоц бага зэрэг шалтгаануудаар хангалттай кальци авч чадахгүй байх нь бий.
Хүүхэд кальцийг хоол хүнсээр хангалттай хэмжээнд авч чадахгүй, кальцийн дутагдалтай байгаа үед нэмэлт тэжээл хэлбэрээр өгөхийг зөвлөдөг.