Цагаан гаргалга зүрхний хийн өвчинд маш үр дүнтэй

Уламжлалт анагаах ухаанд хийн хямралтай өвчтөнд хийдэг эмчилгээний нэг арга нь хоол хүнсний эмчилгээ. Хоол хүнсний эмчилгээний нэг төрөл болох гаргалга эмчилгээ гэж бий. Гаргалга эмчилгээ нь дотроо исгэлэн, сармисан, улаан, цагаан гэсэн дөрвөн төрөл бөгөөд эдгээрээс зүрхний хийн өвчний үед маш үр дүнтэй байдаг цагаан гаргалгыг танилцуулъя.

Үндсэн орц: Шар тос, арвайн гурил, үнээний сүү

Бэлтгэх арга: Арвайн гурилаа шар тосондоо багсарч бор шаргал өнгөтэй болтол хуураад сүүгээ хийж чанах бөгөөд түүнийхээ дээр цагаан гаа болон молор давс талбих буюу хачирлан амт оруулсан найрлагыг цагаан гаргалга гэнэ. Тухайн өвчтөн ямар зовиур давамгайлж байгаагаас шалтгаалж хачирт орох орцыг нэмэлтээр хийнэ.

Ямар үед хэрэглэж болох: Нойргүйдэж ядарсан үед хааяа гэрийн нөхцөлд хэрэглэж болно. Мөн хоол ундны дуршилгүй хүүхдүүдэд генетикийн өөрчлөлтөд орсон өглөөний хоол гэх мэт сүүнд хийдэг янз бүрийн хүнсний оронд хааяа өгөх нь эрүүл мэндийн ач холбогдолтой. Амт нь ч гоё байдаг. Өглөө, оройд хийн цаг буюу 03:40-07:40, 15:40-19:40 цагийн хооронд ууж болно.

Хориглох заалт: Орой хийн цагаар ууж болох ч нойр булчирхай өвддөг хүнд сүүтэй хоол хүнс хэрэглэх нь тохиромжгүй. Мөн сүүний харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй. Бүх төрлийн гаргалгын тус эрдэм: Гаргалга тэдгээрийг шүтсэний / хэрэглэсний/ тус эрдэм нь эс барагдсан хий өвчин, ялгавартай хий бүгдийг дарна. Хийн өвчин бүгдийг дарж, биед хүчийг үүсгэн эрхтэн нүд болон ялгавартайд дурьдлын мэдлийг тодруулна. Ялгамжтайд уул тал завсрын хий өвчинд рашаан адил хэмээн Анагаах ухааны дөрвөн үндэс ном болон түүний тайлбар зохиолуудад гардаг. Энэ нь амархан ядарч, тамирдах, ажлын ачаалал даах чадваргүй болсон үед ч хэрэглэхэд сайн. Нүдний хараа, чихний сонсгол, үнэрлэх, амтлах мэдрэмжийг сайжруулна.

Цагаан гаргалгын үндсэн бүтцэд ордог хүнс тус бүрийн ач тус 

Шар тос: Амтлаг, ширүүн, тослог, хүнд чадалтай. Оюуныг хурцатгана. Дурьдлын эрхтнүүдийг тодруулна. Зориггүй, эргэлзээ ихтэй сэтгэлийг шулуутгана. Биед илчийг үүсгэнэ. Дөрвөн мөч дулаацдаггүй, байнга даарч, жихүүцдэг хүмүүст сайн. Нас хүчийг арвижуулна, урт настай болгоно. Ялгамжтайгаар нүдний харааг сайжруулна. Нялхас болон хөгшин хүмүүст чийрэгжүүлэлт болно. Өнгө, зүс царайг сайжруулж залуу болгоно. Дууг яруу тунгалаг болгоно. Уушги нэвчирсэн өвчин, архаг хууч өвчнүүд, цанх, мэсийн шарх, хатангиршсан биед сайн. Сарлаг, үхрийн шар тос алтан шаргал өнгөтэй, тэгш чанартай учраас ямар ч хүн хэрэглэж болно. Хонины шар тос халуун чанартай улбар шар буюу арай тод шар. Хонины шар тосыг элэг, цөсний асуудалтай хүмүүс хэрэглэх нь тийм ч зохимжтой биш. Ямаа, тэмээний сүүнээс гаргаж авсан шар тос сэрүүн чанартай, цайвар шаргал өнгөтэй байдаг. Өвлийн цагийн тэсгим хүйтэнд шагайн чинээ шар тосыг аманд чихэр адил хүлхвэл зүрхний тамирыг тэжээж уушгины сулрал хатингаршил арилгадаг. Үс гэзэг ургуулна, өнгө жавхааг тодруулж, бэхжүүлнэ. Бөөрний ус, элэгний галыг тэтгэснээр нүдний харааг тодотгон гялалзсан сайхан нүдтэй болгоно. Хүйтэнд өлчир чийрэг болгоно, халуун цагт амны цангаа тайлна, насыг уртасгана гэж онолын номонд гардаг. Тухайн хүний махбодь болон өвчний мөн чанараас шалтгаалаад хэрэглээг зохицуулна.

Арвайн гурил: Хүнд, сэрүүн чадалтай, өтгөнийг гадагшлуулах ба биед хүчийг үүсгэнэ.

Сүү: Амтлаг, тослог чадалтай, биед тамирыг үүсгэнэ. Өнгө зүсийг сайжруулна. Хий, шарыг арилгана. Хүчийг үүсгээд, эрэгтэй, эмэгтэйн дусал буюу үрийн шингэнийг арвидуулдаг. Бадганыг үүсгэдэг учраас тохируулан хэрэглэх хэрэгтэй. Нойр хүрэхгүй бол оройн цагаар сүү хөөрүүлж уувал сайн. Үнээний сүү таргалуулна. Уушигны архаг өвчинд сайн, сэтгэлийг шулуутгана. Хүчийг үүсгэж, хөхний сүүг нэмэгдүүлнэ. Суулгах, ядрах, тулай, хэрэх, солиорох, ханиалгах, амьсгал амаргүй болох, өлсөж ундаасах, хуучирсан хижиг, шижин өвчин, ойр ойрхон шээх болон цус шарын халууныг арилгана.

Эх сурвалж: Манба дацан эмнэлэг

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан