Нийслэлийн Засаг даргын захирамжаар ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргалаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид ирэх долоо хоногийн даваа гараг буюу нэгдүгээр сарын 13-нд хичээлдээ орох байсан. Амралтыг сунгаснаар нэгдүгээр сарын 20-нд хичээлдээ орохоор болж байна.
Хүйтний улиралд ханиад томуу их байгаа учир амралтыг сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлээд байсан юм.
Ё.Баатарбилэг сайд энэ талаар хэлэхдээ, "0-4 насны хүүхдүүд дунд ханиад томуу их байгаа юм байна. Эцэг, эхчүүд хүүхдээ өвчлүүлэхгүй байх, амин дэмтэй хооллох тал дээр анхаарах шаардлагатай. Энэ шийдвэр нийслэлд гарсан боловч аймгийн Засаг дарга нарт сурагчдын амралтыг нааш цааш болгох эрх шилжүүлсэн байдаг. Сунгасан долоо хоног дээр нэмж дахиад амралт сунгана гэвэл гуравдугаар улирлын амралтаас хасагдах шаардлагатай болдог. Бид чинь сургалтын чанарын тухай их ярьдаг шүү дээ. Амралт сунах тусам хүүхдүүд сургалтын хөтөлбөрт заасан хичээлээ бүрэн эзэмшихэд бэрхшээл үүсч ирнэ. Аймгуудын Засаг дарга нар БСШУСЯ-нд мэдэгдээд амралтыг сунгаж болно" гэсэн юм.
Одоогийн байдлаар аймгуудаас Өвөрхангай, Сэлэнгэ аймгууд сурагчдын амралтыг долоо хоногоор сунгахаар болжээ.