Энэ онд нийт 4.5 кг хар тамхи хилээр нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ
Өнгөрсөн онд манай улсын хэмжээнд хар тамхины 197 хэрэгт 402 хүн холбогдож байжээ. Харин энэ оны 1-р улирлын байдлаар 67 хэрэгт 130 хүн холбогдсон байна. ЦЕГ-ын мэдээлснээр хар тамхи хэрэглэсэн иргэдийн 90 орчим хувийг 15-35 насныхан эзэлж байна. Хар тамхинд донтох, солиорох эмгэгтэй иргэдийг СЭМҮТ-д эмчилдэг. Хамгийн багадаа 14 хоногийн эмчилгээ хийдэг ч, эмчилгээ хийнэ гэхээс илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг эмч нар онцолж байна.
Хар тамхи хэрэглэсэн иргэдийг хүйсээр нь авч үзвэл 86 хувь нь насанд хүрсэн эрэгтэй, 13.4 хувь нь насанд хүрээгүй эрэгтэй, 28.9 хувь нь насанд хүрсэн эмэгтэй байгаа юм. Мөн насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд хар тамхи хэрэглэсэн 4 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнээс гадна 2018 онд хорихоос өөр төрлийн ял эдэлж байсан 412 иргэнээс 36 нь давтан гэмт хэрэг үйлджээ. Харин энэ онд 47 иргэн давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.
ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч Б.Эрхэсбаатар “Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь 15-35 насны залуус байгаа. Монгол Улсын хүн амын удмын сан, эрүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй байдалтай байна. Хүйсийн байдлаар авч үзвэл эрэгтэй хүмүүс дийлэнх хувийг эзэлсэн. Мөн насанд хүрээгүй дөрвөн эмэгтэй энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь анхаарууштай асуудал.
СЭМҮТ-ийн шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн эрхлэгч С.Байгалмаа “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэснийх нь дараа эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь маш чухал гэж үздэг. Дэлхий дахинд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмэнд донтсон хүмүүсийг эмчлэх нь маш бага үр дүнтэй байдаг учраас үүнийг хэрэглэгч, донтогч болохоос урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийх нь зүйтэй гэж үздэг”
Түүнээс гадна 2019 оны 10-р сарын байдлаар хар тамхийг хилээр оруулж ирэхийг завдсан 11 холбогдогчтой 9 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр нь нийт 4.5 кг хар тамхи байжээ. Хариуцлагын хувьд 2-8 жилийн хорих ял оноодог юм.
ГЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар “Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн үйлдэл, аргууд улам нарийссан. Зорчигчид биедээ болон дагалдах ачаа тээшиндээ нууц улсын хилээр нэвтрүүлэхийг завдахаас гадна улс хоорондын шуудан илгээмж ашиглах нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд гарч байгаа. Нийтдээ 11 удаагийн тохиолдлоор 4.5 кг гаруй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн” гэлээ.
2019 онд хар тамхины гэмт хэрэгт гадаадын 11 иргэн холбогдсон байна. Үүнээс хамгийн их нь Нигер улсын 4 иргэн байгаа юм. Түүний дараа Герман улсын 2 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогджээ. Харин гадаадад энэ төрлийн гэмт хэрэг холбогдсон манай улсын 13 иргэн цаазаар авах буюу бүх насаар хорих ялаар шийтгүүлээд байна.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN