Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж мөнгө завшдаг төрийн бус байгууллагууд олширсон байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Монголын брайль шатрын холбооны тэргүүн Ц.Чинбаттай манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн байдал, хөдөлмөр эрхлэлт болон бусад сэдвээр ярилцлаа.
Та Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус Зөвлөхийн ажил хийж байна. Магадгүй энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байтугай жирийн хүмүүсийн ч тэр бүр очиж чадах албан тушаал бишээ. Та ямар мэргэжилтэй хүн бэ?
Би МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. УТБА-ийг “Насанд Хүрэгчдийн Иргэний Боловсролын талаархи төрийн бодлогын зарим асуудал” сэдвээр төрийн удирдлагын магистр хамгаалсан.  Математик, физикийг л хүмүүс шинжлэх ухаан гэж хардаг боловч улс төр ч шинжлэх ухаан. Аль ч шинжлэх ухаанд мэдэхгүй хүн орж ирэхээр тухайн салбарыг сөнөөдөг гэж хэлж болно. Мэдэхгүй хүмүүст хэлж, ойлгуулж, төрийн бодлогыг зөв чиглүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэсэн хүсэл эрмэлзлээр зүтгэж явна.
Сүүлийн үеийн тоо баримтаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хичнээн хүн байна вэ?
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог ХНХЯ, ЭМЯ, Статистикийн Газраас гаргасан тоонууд хоорондоо дандаа зөрж байдаг. Дунджаар авч үзэхэд 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Харин тэдний төлөө ажилладаг 799 байгууллага байна. Энэ жилээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд нэгдэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын бодлогын  Шүхэр ерөнхий зөвлөл байгуулагдсан. Миний бие энэ зөвлөлийг байгуулахад өөрийн хувь нэмрийг оруулж, бодлогын түвшинд дэмжин ажиллаж байна.
Ямар зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд нэгдэж байгаа юм бэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч буй бодлогод тэдний санаа бодлыг тусгах, хэрэгжиж буй хуулинд хяналт тавих, мониторинг хийж үнэлгээ дүгнэлт өгөх, бодлогын хувьд төртэй парраллель явах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс нэгдсэн нэг бодлоготой явах нь туйлын зорилго болоод байна.
Та өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллаж,  бодлогод оролцож байсан уу?
2003, 2007 онд бид эрх ашгийнхаа төлөө өлсгөлөн зарлан тэмцэж байхад хүмүүс хүсэл эрмэлзэлийнхээ төлөө чин сэтгэлээсээ нэгдэж байсан. Тэр үед бид олон асуудлуудыг шийдвэрлүүлж чадаж байсан. Тухайлбал 2003 онд хараагүйчүүдийн үйлдвэрийг татвараас чөлөөлүүлж, хараагүйчүүдийн бие даасан сургууль, номын сан, нөхөн сэргээх төв гээд төрөөр олон асуудлыг шийдвэрлүүлсэн бол 2007 онд ная гаруй цаг өлсгөлөн зарлаж тэмцсэний үр дүнд нийгмийн хамгааллын хуулинд нэн ядуу бага боловсролтой асран хамгаалах хүнгүй бол халамж авна гэсэн заалт болон бидний эрх ашигийг зөрчсөн бусад заалтуудыг өөрчлүүлж чадсан юм даг.
Одоо та бүхний эрх ашгийг хамгаалсан заалтууд хуулиудад тусгагдаж байгаа юу?
 Би яагаад 2003, 2007 оны тухай ярьж байна вэ гэхээр тэр үед бидэнд зэвсэг гэх зүйл байгаагүй юм. Тиймээс бидэнд тэмцэхээс өөр сонголт үлдээгүй. Харин одоо бол 13 хуулинд өөрчлөлт орж түүнчлэн Монгол улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хүний Эрхийн Конвенцийг УИХ соёрхон баталсан.
Мөн 2015 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан бие даасан хуультай болсон.
Гагцхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, мониторинг хийх хэрэгтэй байгаа юм. Одоо бол өлсгөлөн зарлаж жагсаж орилж хашгирах нь тийм ч үр дүнтэй арга биш болсон байна. Харин төр засагтай ширээний ард сууж хуулийг хэрхэн сайжруулах, хэрэгжүүлэх талаар зөвшилцөж хэлэлцээр хийх соёлд суралцах хэрэгтэй байгаа юм.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах хуультай. Энэ хууль хэрэгжиж байна уу?
Хөдөлмөр өмгөөллийн тухай хуулийн 111.1-д зааснаар 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн хэрэгждэггүй заалтын хэрэгжилтийг хангахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор засгийн газарт чиглэл өгч 128-р тоот зарлигийг 2018 оны 9 сарын 4-ний өдөр гаргасан.
Үүний зэрэгцээ уг зарлигт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн сан байгуулах тухай заалт ч орсон. Албан байгууллагууд 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй бол Эрдэнэт, Улаанбаатар, Дархан хотуудад ажилчдын дундаж цалингаар, хөдөө орон нутагт ажилчдын дундаж цалингийн 60 хувиар тооцсон нөхөн олговрыг энэхүү санд хуримтлуулах Засгийн газрын тогтоол гарсан. 2020 оны нэгдүгээр сараас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн сан ажиллаж эхэлнэ.
Тэгж тооцвол санд багагүй хэмжээний мөнгөн хуримтлал бий болох юм байна. Үүнийг юунд зарцуулах вэ?
Санд жилд 100 орчим тэрбум төгрөг цугларна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Дээр нь олон улсын буцалтгүй тусламж болон бусад орлогыг нэмээд үзэхэд жилд 200 орчим тэрбум төгрөг энэ салбарт эргэлдэж хяналттай зарцуулагдана гэсэн үг.  Энэ мөнгийг яг зарцуулагдах ёстой хүнд нь хүргэх нь сангийн хамгийн гол зорилго.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бодлогын Шүхэр ерөнхий зөвлөл сангийн мөнгийг зарцуулахад саналаа оруулж хэрэгжилтэнд нь хяналт тавих ёстой гэж үзэж байгаа.
Энэ үйл ажиллагаанд бүх ТББ-уудын оролцоо нээлттэй. Харин Засгийн газар тухайн саналыг харгалзан үзэж зарцуулалт хийх үгүйг шийддэг байвал зохино.
Та  дээрхи яриандаа маш олон төрийн бус байгууллага байдаг гэсэн. Бүгд оролцох боломжтой гэсэн үг үү?
100 ямаанд 60 ухна гэгчээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажилладаг 799 байгууллага байна. Яагаад ийм их ТББ байгуулагдсаныг судалж үзэхэд зарим нэг халамжийн дарга нар болон цөөхөн тооны овжин зальтай хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон арван төрийн бус байгууллага байгуулж хяналтгүй байсан мөнгөнд гараа дүрдэг байжээ.
Жишээлбэл сургалт хийнэ гээд 10, 20 сая төгрөг авдаг ч үнэн хэрэгтээ сургалт зохион байгуулсан эсэх нь эргэлзээтэй. сургалт хийсэн ч үр дүнгүй байх гэх мэт. 
Хяналтын механизм байгаа ч хяналт тавиулах сонирхолгүй зарим нэг дарга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөллүүд ч байгаа. Тэд хяналттай байхыг хүсэхгүй байгаагийн учир нь зовлон нэгтэй хүмүүсийнхээ нэрийг барьж тэдэнд очих ёстой мөнгийг дундаас нь хулгайлж идэх сонирхол нь давамгайлсан мөн түүгээр амьдардаг болсон нь илт байна.
Хуулийн дагуу хяналт тавих боломж бидэнд нээлттэй. Тиймээс бусад ТББ-ууд маань ч өөрсдөө итгэл үнэмшилтэйгээр оролцож эрх ашгаа хамгаалж бусармаг үйлдлүүдийг таслан зогсоож чадна гэж хардаг.
2017 онд нийт 2400 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байртай болгоход багагүй хөрөнгө зарцуулсан. Энэ ажил хэр үр дүнгээ өгсөн бэ?
2017 онд 4.2 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил орлоготой болгоход зарцуулсан байдаг. Гэтэл дээрхи мөнгө хаашаа орсон, хичнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилтай болсон нь одоо хүртэл тодорхой бус. Яамнаас 2400 орчим ХБ-тэй иргэнийг ажилтай болгосон гэдэг авч энэ нь зүгээр л цаасан дээр буусан тоо. Би дээр хэлсэн. Энэ хяналтгүй мөнгийг л идэхийн тулд зарим нэг дарга, идээд амташчихсан цөөхөн ТББ-уудын ашиг сонирхол нь нэгдээд байгаа юм.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2 хувь нь л ажилтай байна гэсэн судалгаа бий. Үнэхээр энэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан бол бараг бүх     ХБ-тэй иргэд ажилтай болчихсон байх байсан биз ээ.
Аж ахуй нэгж байгууллагууд ХБ-тэй иргэдэд зориулсан ажлын байр гаргаж өгөх боломж хэр байдаг вэ?
Аж ахуй нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан ажил манайд байхгүй гэсэн байдлаар ханддаг. Хүмүүс нэг зүйлийг их буруугаар ярьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулагдсан ажлын байр гэж хаана ч байхгүй. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллах нөхцөл, тэдэнд тохирсон техник хэрэгслээр хангах тухай л яриад байгаа юм. Жишээлбэл хараагүй хүн ажиллуулах бол тусгай ярьдаг компьютерийн програмыг суулгах, тухайн хүнд аюулгүй ажиллах орчинг бүрдүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хэр анхаарал хандуулдаг вэ. Та Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд тэдгээр иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн халамжийг сайжруулах тал дээр ямар бодлого баримталдаг вэ?
Яг энэ чиглэлээр өмнө нь байсан ерөнхийлөгч нар болон одоогийн Ерөнхийлөгчийн ажил хэргийг анзаарч харах хэрэгтэй. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч хажуудаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөхгүй байсан.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодог, тэдэнд анхаарал хандуулдаг учир надад ажиллахад ч амар байдаг. Ардчилсан нийгэмд хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч тэр боломжоор хангахад Ерөнхийлөгчийн бодлого чиглэдэг. Бэрхшээлтэй гэдэг үгийг урдаа бариад байвал нийгмээс хоцроод л байна гэсэн үг. Харин дэд бүтцийг нь шийдэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах нь төрийн бодлогын хамгийн чухал хэсэг. Үүнээс бусад нь хувь хүний хөгжилтэй холбоотой асуудал юм.
Олон улсын сайн туршлагаас манайх хэр нутагшуулж байна?
Өнгөрсөн долоодугаар сард Ази Номхон далайн бүсийн орнуудын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 4-р чуулган манай улсад болоход миний бие зохион байгуулах ажлын хэсэгт ажилласан юм. Улсынхаа нэрийг бодоод ядаж зочид буудлууддаа тэргэнцэртэй хүмүүст зориулсан орц гарц барихыг зөвлөж ажлын хэсэг ч сайн ажилласны үр дүнд эерэг өөрчлөлтүүд гарсан. Үүний нэг жишээ нь Чингис хаан олон улсын нисэх буудал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг угтах үйлчилгээтэй болж, хараагүй хүн явах замтай болсон.     
Цаашид улсын комисс шинэ барилга хүлээж авахад хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл байлцах ёстой. Одоо баригдаж буй шинэ барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний орц гарцыг шийдсэн барилга хэд байгаа билээ дээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд боловсрол эзэмших нь тулгамдсан асуудал байдаг. Олон улстай харьцуулахад манайх энэ асуудалд хэр анхаарал хандуулж байна вэ?
Миний бие Азийн орнуудаар явж туршлага судалсан. Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Б.Үүрийнтуяатай зөвлөлдөж Нийгмийн хамгааллын тухай хууль, Боловсролын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар өгсөн саналууд маань дэмжигдэж байна. Жишээлбэл боловсрол олгох хүрээнд ганцаарчилсан сургалт зайлшгүй байх ёстой. Тэргэнцэртэй иргэн гэрээсээ онлайнаар сургалт авдаг байх ёстой. Нөгөө талаараа эрүүл хүүхдүүдийн дунд суугаад суралцах боломжоор ч хангагдах ёстой. Бид Бүгд Найрамдах Солонгос улсын Green Teachers  ТББ-тай хамтран Тусгай боловсролыг дэмжих төв байгуулж 2019 оны 9 сарын 30-нд БСШУСЯ-д хүлээлгэж өгсөн. Харамсалтай нь БСШУСЯ тэр төвийн утга учрыг ойлголгүй Боловсролын хүрээлэнд шилжүүлсэн. Харин Боловсролын хүрээлэн уг төвийн үйл ажиллагааг алдагдуулж энгийн нэг үзүүлэн шиг болгочихсон. Тэр төвд уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах 21 аймгийн багш нар, эцэг эхчүүдийг чадавхижуулж үйл ажиллагаа нь жигдэрч байсан юм. Тийм ч зорилгоор анхлан байгуулсан. Энэ талаар БСШУС-ын сайдад хандаж байсан ч өөрчлөлт гараагүйн дээр мөн яаманд тусгай боловсролын хэлтэс байгуулахыг хүртэл санал болгож байсан. Гэвч тусгай боловсролыг дайвар мэтээр харсаар байгаад харамсаж байна. Магадгүй дараагийн сайд ирээд ахиад л тусгай боловсролын төв нээнэ гэх байх. Үүнийг дагаад дахиад л зардал мөнгө цаг хугацаа урсаж өгнө.
Ер нь тусгай боловсролыг ойлгодог дэмждэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хайртай сэтгэлтэй салбарын сайд, дарга нар байх хэрэгтэй юм шиг санагддагаа нуух юун.
Та зарим эрүүл саруул хүнээс илүү хөдөлмөрлөж байна. Энэ утгаараа нийгэмд тэр дундаа залуучуудад юуг үлгэрлэхийг хичээдэг вэ?
Манай залуучууд их залхуу байна. Амар хялбар аргаар мөнгө олохыг эрмэлздэг болж.
Хүн хөдөлмөрлөж байж л баялаг бүтээнэ. Хэн нэгний цүнхийг барьж, даргад таалагдсанаар амьдрал нь, хувь хүн хөгжинө гэж байхгүй. Ардчилсан нийгмийн нэг давуу тал бол хүний хувь заяаг гарт нь өгсөн. Би 2000 онд хараагүй болоод гурван жил гэртээ зүгээр суусан юм. Тэр үед надад өөрөө өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж баялаг бүтээх, эсвэл халамжийн цөөхөн хэдэн төгрөгөө аваад амьдрах гэх хоёр л сонголт байсан. Хувь заяагаа хүн өөрөө л жолооддог юм байна.
Гадаад улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс төрд ордог туршлага байдаг юмуу? Та мэдэх үү?
Гадаадын улс оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэд яаж улс төрд манлайлж болдгийг олон номноос уншиж, тэдгээрийн төлөөлөлтэй ч уулзаж байлаа. Тухайлбал АНУ-ын New York хотын захирагч Дэвид Паторсон гэгч хараагүй хүн 2007 -2010 онд улс төрийн албууд хашиж байсан, Бүгд Найрамдах Солонгос улсын парламентэд 2000 оноос хойш хоёр ч хараагүй гишүүн байсан.  Одоо ч тэргэнцэртэй гишүүн байдаг. Япон улсын парламентэд 1993-2007 он хүртэл Хори Тошиказү гэдэг хараагүй гишүүн байсан. 2018 оноос хойш хоёр тэргэнцэртэй гишүүн парламентэд нь сууж байна. Ур нь ардчилал хөгжсөн оронд иргэддээ тэгш боломж олгодог. Тэрнээс биш бэрхшээлээр нь ангилаад гоочлоод байдаггүй юм байна гэдгийг л ойлгосон. Тэгээд миний бие 2015 онд Японы хөгжлийн бэрхшээлтэй парламентын гишүүн асан Хори Тошиказүгийн “Тэмцэл Дунд Туулж Өнгөрүүлсэн Он Жилүүд” номыг монгол хэлнээ хөрвүүлүүлээд редакторлаж гаргасан. Энэ номоо 2015 онд Монголын УИХ-ын гишүүдэд уншаасай гэсэн үүднээс захидлын хамт шуудангаар хүргүүлж байсан. Гэвч харамсалтай нь хичнээн гишүүн уншсаныг бас ойлгосныг бүү мэд.
Та ирээдүйгээ юу гэж төсөөлдөг вэ?
   Миний хувьд аливаа асуудлыг өргөн утгаар нь харахыг хичээдэг. Надад өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил бий. Зорьсон газар ч байгаа. Зорилгодоо хүрэхийн тулд олон саад бэрхшээлийг даван, унаж, босч шантралгүй алхсаар л явна.
Таны дараагийн зорьсон цэг тэгвэл УИХ-ын гишүүн гэсэн үг үү? Та тодорхой хэлж болох уу?
Би улс төр судлаачийн хувьд УИХ-д хөгжлйин бэрхшээлтэй иргэдийнтөлөөлөл байх ёстой гэж үздэг. Яагаад вэ гэвэл ардчилсан улсын парламент бүх иргэдийн эрхийг тэгш хангасан байх ёстой. Хэн нэгний асуудлыг шийдвэрлэхдээ өөрийнх нь оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үздэг. Сонгуулийн хуулинд улс төрийн намуудын нэр дэвшигчдийн 30% нь эмэгтэйчүүд байна хэмээн квот тогтоосон байдаг. Гэтэл 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийг яагаад  хангахгүй байгаа юм бэ. Хэн ч энэ дээр дуугардаггүй. Миний мэдэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, ах дүүтэй арваад гишүүн байдаг.  Тэд олон нийтээс нуугдмал байлгасаар л байна.
Өнөөдөр сонгуулийн хуулийг УИХуралд өргөн барилаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийн талаар улсын их хурлын гишүүд байтугай нөгөө эрхийг хамгаалагч дүр эсгэсэн төрийн бус байгууллагууд ч таг чиг. Миний хувьд ардчилсан Монгол улсад хүн шиг амьдрах юмсан л гэж хүсдэг.
Та Эрдэнэтийн хүү. Таныг хүмүүс Эрдэнэтийн Чинбаа л гэж ярих юм.
Тиймээ би 1978 оноос хойш Эрдэнэтдээ л амьдарч байна. манай Эрдэнэтийн унаган хүүхдүүд хотын соёлтой. Бид гудманд хог хаяж бас зүлгэн дээгүүр явж, гарцгүй газраар гарч, халтар царайлдаггүй. Би хувьдаа Эрдэнэтээ жишиг хот байх ёстой гэж үздэг. Жишиг хот гэдэг нь хүн болгонд тэгш хүртээмжтэй дэд бүтэцтэй, дэлхийн стандартад нийцсэн байна гэсэн үг шүү дээ. Тиймдээ ч засаг дарга тамгын газрынхан маань ойлгож 2017 - 2019 онуудад хөрөнгө гаргаж гэрлэн дохионуудыг дардаг дуут дохиотой болгож, стандартад нийцсэн тэргэнцэртэй хүний налуу зам, хараагүй хүний тактель замуудыг тавьсан. Манай Эрдэнэт бол Монголын мэдлэг оюуны нэгдэл юмаа. Гэхдээ 1974 оноос хойш арван найман аймгаас залуучууд илгээлтээр ирж Эрдэнэт хотыг бүтээн босгон гэр бүл болон амьдарч нэгэн том хотын өв соёлыг бий болгосон гэж би ойлгодог. Тиймдээ ч биЭрдэнэтээ Монголын Америк гэж хэлэх дуртай.
Танаас бас нэгэн зүйл асуухгүй бол болохгүй нь ээ. Саяхан нөхрөө алдсан хөөрхий эмэгтэй Б.Болормаагийн тухай юу мэдэх вэ?
Би Болормааг Нийгэм Хамгаалал Хөдөлмөрийн яаманд мэргэжилтнээр ажилладаг гэдгээс илүү сайн мэдэхгүй. Болсон үйл явдлын хувьд бол үнэхээр харамсалтай бас эмгэнэлтэй. Монголчууд  бид бурхан болсон хүнийхээ ясыг өндөлзүүлээд байхыг хүсдэггүй. Хүнийхээ хувьд би Болормааг маш их өрөвдөж байна.
Та үндсэн ажлынхаа хажуугаар яруу найраг, шатрын спорт сонирхдог гэсэн. Монголд брайль шатрын спортыг хөгжүүлж байгаа талаараа яриач?
Шатрын спорт хүнийг бодож, суулгаж, тактикт сургадаг.
Би хараатай байхдаа шатар тоглох их дуртай байсан юм. Одоо ч хааяа эрүүл хүмүүстэй шатар тоглож суудаг. Сэтгэл санаа тогтворгүй байхад шатар тоглосны дараа санаа бодол маань их цэгцтэй болчихсон байдаг. Монголчууд бид оюуны чадамжаараа дэлхийд гайхагдаж байна шүү дээ. Харааны бэрхшээлтэй иргэдийн дунд шатрын спортыг хөгжүүлэх хүсэлдээ автаж Монголд брайль шатрын холбоо 2019 оны 10 сард байгуулсан. Дэлхийн брайль шатрын холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ явуулсан түүнчлэн Азийн Брайль шатрын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх оны дөрөвдүгээр сард Монгол Улсад зохион байгуулахаар санал тавьсан байгаа.
Яруу найргийн хувьд бол сэтгэлээ амирлуулахын тулд өөртөө зориулж хэдэн мөрт холбодог гэх үү дээ.  Итгэлт баяны хэлдэгээр бол номтой хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа гэдэг шиг гээд л (инээв).
Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан