Энэ өдрүүдэд 2020 улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 2020 оны улсын төсвийг хуваарилсан байдлыг харвал эрх баригч "МАН татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийх нарийвчилсан төлөвлөгөө" гаргажээ гэх товч дүгнэлтийг хийж болохоор байгаа юм.
Учир нь 2020 оны улсын төсөв нь улсын эдийн засаг болоод иргэдийн амьдралд бодитоор үр өгөөжөө өгөх томоохон төсөлд зарцуулагдахааргүй байна. Харин зургаан сарын дараа болох 2020 сонгуульд зориулсан жижиг, сажиг буюу тоглоомын талбайн тохижилт, худаг барих, хашаа хайс хийх, гүүр тавих, клубийн шал засах гэх мэт ажилд ихэнхдээ хуваарилжээ. УИХ-ын гишүүд ч өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрч төсвийн хуваариалтыг “шог” байна хэмээн хатуухан шүүмжилж, ширүүхэн үгийг хэлсээр байна.
Ганцхан жишээ дурдахад, Монголдоо ганц Хавдрын эмнэлгийг өргөтгөж, үйл ажиллагааг нь сайжруулахад шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг тус эмнэлгийн захирал Ж.Чинбүрэн болон түүний хамт олон улсын төсөвт суулгахыг гуйсан ч хасч орхижээ.
Тэр бүү хэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг хандлага нь буруу” хэмээн хэлсэн нь хавдарын өвчнийг анагаах салбарт өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж буй олон зуун эмчийн урмыг хугаллаа.
Хавдар судлалын үндэсний төв нь өнөөдөр “хар зах” шиг дүр зурагтай байгаа гэхэд хилсдэхгүй. Хүмүүс зөрөх зайгүй битүү чигжшсэн энэ эмнэлэг хэтийдсэн ачаалалтай ажиллаад олон жилийг үдсэн. Өөрсдийн нөөц боломж бололцоог үргэлж давуулан ажиллаж ирсэн ХСҮТ-ийн хамт олон энэ жил гол эмчилгээний хэсгүүдээ 10 мянган м.кв бүхий шинэ байранд нүүлгэн шилжүүлж, ороо 120-оор нэмэгдүүлэн, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн эмнэлгийн байрыг түрээсээр ашиглах шинэ шийдэлд шилжихээр ажиллаж байна.
Тодруулбал, “Энэрмед” ХХК-ийн хавдрын өвчтэй иргэдэд зориулан барьсан шинэ эмнэлгийг түрээслэн ажиллахаар болсон ч улс шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг улс төрчид төсөвлөж өгсөнгүй. 2019 онд ХСҮТ-д түрээсийн байранд шилжин орох нэг ч төгрөггүй байсан учраас шинэ эмнэлгийн байрыг тохижуулан, өвчтөнүүдээ хүлээн авахад бэлэн болтлоо үнэгүй түрээслэхээр гэрээ байгуулсан байна. Гэтэл 2020 оны төсвөөс түрээсийн мөнгийг нь хасчээ. Үүнд тус эмнэлгийнхэн гомдолтой байна.
Дайн дажинтай бус энхийн цагт нэг жилд 4000 уулаа хавдраар амиа алдаж буй нь тус өвчинтэй ТӨРИЙН БОДЛОГЫН ТҮВШИНД тэмцэх цаг нь болсныг илтгэнэ. Бид гуравхан сая.
Гэтэл Засгийн газар, Сангийн яам, УИХ-ын гишүүд хавдрын өвчнөөр шаналж буй иргэдээсээ мөнгө харамласан мөртлөө өөрсдийн тойрогт хийгдэх нэг их хэрэгцээгүй ажилд төсвөө суулгуулсан байна.
-Ё.БААТАРБИЛЭГ САЙД АРХАНГАЙ АЙМГИЙНХАА ХАРЪЯА ОЮУТНУУДАД ДОТУУР БАЙР БАРЬЖ ӨГНӨ-
Тухайлбал, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэгийн багцад Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын Улаанбаатарт хот дахь оюутнуудын дотуур байрын барилгыг Хан-Уул дүүрэгт барихад шаардлагатай есөн тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар төсөвлөсөн байна.
Одоо байтлаа аймгийн тэр дундаа хэсэг сумдын оюутнуудад зориулж Улаанбаатарт дотуур байр барьж өгдөг болсон уу.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө төрсөн нутаг Хэнтий аймагт бусад аймгаас хамгийн өндөр буюу 131.9 тэрбум төгрөг төсөвлөхдөө аймгийн Биндэр, Батноров сумдад хоёр тэрбумаар хөшөө барих гэж байгаа.Тус хөшөөг улсын төсвийн 4.0 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны 19 сая доллароор барихаар болжээ. Азийн хөгжлийн банкнаас авч буй 19 сая долларыг 25 жилийн хугацаатай авч байгаа аж.Энэ мэт төсвийн мөнгийг үргүй зарцуулах өчнөөн ажил 2020 оны улсын төсөвт харагдсан. Гэтэл эрүүл мэндийн салбар, иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлаас 19 тэрбум төгрөг харамлалааа. Угтаа бол бүхэл бүтэн улсад 19 тэрбум төгрөг маш бага зардал билээ. Үнэндээ төрийн эрх барьж байгаа МАН 2020 оны улсын төсвийг сонгууль хийх нарийвчилсан төлөвлөгөө болгожээ.
iSee.mn