Дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа “Жокер” киноны гол дүр Артур Флек жирийн бус өвчтэй хүн. Толгойны гэмтлийн улмаас тэр гэнэт инээдэг өвчтэй болсон бөгөөд инээдээ хянаж чаддаггүй. Гайхаж цочирдсон хүмүүст өөрийнхөө ийм өвчтэй гэдгийг тайлбарласан цаас өгөөд явж байдаг билээ.
Ийм өвчин амьдрал дээр үнэхээр байдаг. 47 настай америк эр Скотт Лотан яг ийм өвчтэй бөгөөд заримдаа 10 минут тасралтгүй инээдэг гэнэ. Хүмүүст төвөг учруулахаас гадна удаан инээхэд маш их өвддөг талаар тэр ярьж байна.
“Ресторанд сууж байгаад гэнэт инээхэд үйлчлэгч нар намайг хөөгөөд гаргаж байсан удаатай. Найзуудтайгаа уугаад сууж байхад зарим нэг нь өөрийг нь доромжлоод инээж байна гэж бодоод намайг зодох гэж дайрах үе ч байсан”
Болзоот бүсгүй, ээж хоёр нь машины ослоор амиа алдсаны дараа Скотт тун эвгүй байдалд орсон юм.
“Сүй тавиад бид их аз жаргалтай буцаж явлаа. Харин согтуу жолооч тэднийг дайрч, гурав хоногийн дараа хоёулаа нас барсан. Цагдаагийн газарт надаас хэргийг тодруулж байхад би галзуу юм шиг инээж байснаа санаж байна”
Хүмүүс түүнийг галзуу, солиотой гэж боддог тул тэр энэ өвчний талаар тайлбарлахыг хичээдэг. Жинхэнэ өвчтэй хүний хувьд Скотт жүжигчин Хокаин Фениксийн ур чадварыг өндөр үнэлж байна.
“Хоакин ийм өвчтэй хүний дүрийг бүтээх гэж их ажилласан нь мэдэгдэж байна. Автобусанд инээж байгаа хэсэг дээр тэр яг над шиг өвчнөө үзэн ядаж байгаа нь мэдрэгдсэн. Хүмүүс ойлгохгүй гайхан харж байхад үнэхээр сэтгэлээр унадаг. Жокер хүмүүс түүнийг ойлгохгүй байгаад, ганцаардаж байгаадаа зовж байгаа нь харагдсан. Энэ киног үзээд би өөрийгөө харсан”
Гэхдээ амьдрал тэр чигээрээ харанхуй биш гэж Скотт хэллээ. Хэдэн жилийн өмнө түүний тасралтгүй инээж байгаа бичлэг цахим сүлжээнд гарснаас хойш олон хүнээс дэмжсэн захидал авсан гэнэ. “Жокер” кино гарсны дараа Скоттод ирэх захидлын тоо эрс нэмэгдсэн гэнэ.
М.Сугар-Эрдэнэ | Zindaa.mn