Тэмбүүгүй анхны сум Сэлэнгийнх

Бэлгийн замын халдварт өвчнөөр бохир заваанаараа хөдөөнийхөн л хамгийн ихээр өвчилдөг гэх ойлголт бий. Тэгсэн харин ч орон нутаг, аймаг сумдын иргэд шинжилгээ, эмчилгээнд идэвхитэй хамрагддаг болжээ.
 
Тухайлбал өнгөрөгч долоо хоногт Сэлэнгэ аймагт болсон “Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” үндэсний чуулганы хоёрдугаар хэсэг тус аймгийн Жавхлант суманд зохион байгуулагдсан. Энэ үеэр халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэг, шинжилгээ хийгдсэн бөгөөд сумын иргэд маш идэвхитэй хамрагдаж байлаа.
 
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачилсан “Тэмбүү устгая” үйл ажиллагааны хүрээнд энэ өвчнийг илрүүлэх, тэмцэх үйл ажиллагаа эрчимжсэнээс хойш Сэлэнгэ аймгийн Жавхлант сум энэ өвчнийг илрүүлж устгасан анхны сум болжээ.
 
Жавхлант суманд анх 2017 оноос халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг хийгдэж эхэлсэн байна. 2017 оны үзлэгээр шинээр 13 хүнээс тэмбүү өвчин илэрчээ. Улмаар хавьтлын диспансер өвчтөнүүдтэй биечлэн ажиллаж тэмбүүтэй иргэдийг 100 хувь эмчилж тэмбүүгүй сум болжээ.
 
Сумын төв жижигхэн, хүн ам цөөн тул бие биенээсээ ичиж, тэмбүүтэй байвал “онигоо” болно гэх хандлага их байдаг аж. Гэхдээ өвчтөний нууцыг задруулах боломжгүй, хувь хүний нууцыг чанадлан хадгалж зөвхөн нэг л эмч өвчтөнтэй харьцдаг тул үүнд санаа зовох зүйлгүй гэнэ.
 
Жавхлант сумын хувьд иргэдээ эрт илрүүлэг, шинжилгээнд бүрэн хамруулахын тулд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг нэрийн дор оношилгоог явуулдаг байна.
 
Тус сумын эрүүл мэндийн төвийн дарга А.Шинэ-Од “2017 онд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн шижнилгээнд нийтдээ 1300 хүн хамрагдахаас 800 орчим хүн хамрагдаж 74 хувьтай  хамрагдаж байлаа. Харин 2018-2019 оны халдвар болон халдварт бус өвчний эрт илрүүлгээр аймгийнхаа хэмжээнд тэргүүлсэн. Энэ удаад 100 хувь иргэдээ хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Цогц үзлэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн, өндөр настай иргэдийн аймаг руу явж эмчлүүлэх зардал мөнгийг хэмнэдэг. Нэг удаа аймаг явж үзүүлэхэд 100 орчим мянган төгрөг зарцуулдаг тухай иргэд хэлдэг” гэв.
 
Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2099 хүн амтай. Энэ суманд зүрх судасны болоод халдварт өвчлөл харьцангуй бага аж.
 
Харин Сэлэнгэ аймгийн хувьд 2018 онд 31, 2019 онд 10 тэмбүү өвчний тохиолдлыг шинээр илрүүлжээ. Энэ нь аймгийн нийт хүн амын дунд өвчлөл өндөр байгааг харуулж байгаа юм.
 
Г.Сүрэн
shuud.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан