Дэлгүүрийн лангуун дээр шүр байна шиг бөнжийх улаан алим урд хөршөөс оруулж ирсэн амтат жимсний нэг. Нүдээр харахад өө сэвгүй хэрнээ хазаад үзэхэд арааны шүлс асгаруулам сайхан амт лав алга. Харин голынх нь үртэй хэсэгт үл ялиг хөгц харагдах нь идэх дур хүслийг шууд л унтраав. Энэ бол өнөөх мөөгөнцрөөр өвчилсөн хүнсний бүтээгдэхүүний нэг аж. Жимсний энэхүү мөөгөнцөр өвчнийг устгадаг химийн бодисын ерөнхий нэршил нь пестицид. Пестицидийн хүнсний ногоонд хэрэглэх зөвшөөрөгдөх тунг олон улсын байгууллага тогтоосон байдаг ч газар тариалан эрхлэгчид заасан хэмжээг хэтрүүлэн хэрэглэдэг талаар албаны эх сурвалж хэлж байв. Пестицидийн үлдэгдэл ихтэй хүнсний ногоо худалдааны захуудад борлуулагдаж буй нь аюулын харанга дэгдээж болзошгүй байна. Хэт их хэмжээгээр хэрэглэвэл бүдүүн гэдэс, хөх, түрүү булчирхайн хорт хавдар үүсгээд тогтохгүй үхлийн аюулд ч хүргэдэг гэдгийг ДЭМБ анхааруулсаар байгаа юм.
Үхлийн аюул дагуулагч энэхүү химийн бодис ганц бус бүр мянган төрөл бий гээд боддоо. Энэ олон төрлийг нь тайлбарлана гэвэл барагдахгүй.
Харин НҮБ-н хүнс хөдөө аж ахуйн байгууллага 100 төрлийн пестицидийг бүртгэж, хэрэглэх тунг нь тогтоосон байна. Эхлээд энэхүү пестицид гэдэг бодисын танин мэдэхүйн талаар багахан мэдээлэл өгье. Пестицид гэдэг нь pestis–хор хөнөөл, cido–устгах гэсэн утгатай грек гаралтай үг.
Пестицидийн талаар химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд “Мал, амьтан, ургамлыг аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис” юм хэмээн тодорхойлжээ.
Байгаль орчин аялал жуулчлал, хүнс ХАА, Эрүүл мэндийн сайд нарын 2011 оны хамтарсан тушаалаар 100 гаруй нэр төрлийн пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг заасан жагсаалт гаргажээ. Эл бодисыг 154 аж ахуйн нэгж хил гаалиар оруулж ирдэг гэсэн мэдээлэл байна.
Хүний эрүүл мэндэд хор учруулахуйц бодисын жагсаалтад есөн төрлийн пестицидийг багтааж буй. Хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэдэг химийн энэ хорны хэмжээ дэлхийд сүүлийн 45 жилийн дотор 450 дахин нэмэгдэж, жил бүр 20 мянган хүн хордож, нас бардаг гэсэн судалгааг НҮБ-аас нэгэнтээ гаргаж байжээ. Дэлхийн улс орнууд сүүлийн үед пестицидийн хор хөнөөлийн талаар ихээхэн хөндөх боллоо. Хойд хөрш л гэхэд хуримтлагдсан пестицидийг устгах том аян өрнүүлсэн байна. Газар тариалан эрхлэгчид хөгц мөөгөнцрөөс жимс, ногоогоо хамгаалах бас ургацаа алдахгүй байх, хураасан ногооныхоо хадгалалтыг уртасгах зорилгоор пестицидийн төрлийн бодисыг өргөн хэрэглэдэг байна.
БҮХ УРГАЦЫГ ШИНЖЛЭХ БОЛОМЖГҮЙ
Энэхүү бодисыг Европын орнууд хэдэн сая тонноор нь хэрэглэдэг аж. Хэдийгээр Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгаль орчинд халтай бодис хэмээн анхааруулдаг ч газар тариалан эрхлэгчдийн гол хэрэглээ болсоор байна.
Шведийн Стокгольм хотноо 2001 онд баталсан удаан задардаг органик бохирдуулагчийн тухай конвенцид 180 орон нэгдсэн бөгөөд Монгол улс ч мөн орсон билээ. Тиймээс пестицидийн хяналтыг сайжруулах шаардлага тулгарч байгаа юм. Манай улсын зарим тариаланч аминч үзэл гаргаж пестицидийг их хэмжээгээр хэрэглэдэг талаар нэгэн эх сурвалж хов дуулгасан. Уг нь ххаахүя бүртгэж, хэрэглэх хэмжээг нь тодорхой заасан байдаг ч хэнэггүй тариаланчид далдуур чухам юу хийдгийг хэн ч таашгүй. Хоёр ч лабораторид хүнсний ногооны пестицидийн үлдэгдлийг шинжилдэг гэх боловч бүх ургацыг хамруулах боломжгүй байдаг аж.
• Хоёр ч лабораторид хүнсний ногооны пестицидийн үлдэгдлийг шинжилдэг гэх боловч бүх ургацыг хамруулах боломжгүй байдаг.
• Хэдийгээр Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгаль орчинд халтай бодис хэмээн анхааруулдаг ч газар тариалан эрхлэгчдийн гол хэрэглээ болсоор байна.
• Хэрэглэгчдээс гадна тариаланчид өөрсдөө хамгийн их хордож буйгаа ойлгох хэрэгтэй.
Зөвхөн энэ жил гэхэд урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гаргаад байгаа. Тэгэхээр ийм хэмжээний ургацыг бүхэлд нь шинжлэх боломжгүй гэсэн үг. Тиймээс пестицид хэр хэмжээгээр агуулагдаж байна вэ гэдгийг тогтоох боломжгүй учраас хамгийн энгийн арга нь сайтар угааж хэрэглэх хэрэгтэйг хоол судлалын мэргэжилтнүүд зөвлөж байна. Импортын хүнснээс ч найман төрлийн пестицидийн үлдэгдэл илэрч байсан тохиолдол байгаа юм. Ер нь зөвшөөрөгдөх хэмжээнээс пестицидийн үлдэгдэл үл ялиг их гарах тохиолдол бий гэж нэгэн мэргэжилтэн онцолж байлаа. Хэрэглэгчдээс гадна тариаланчид өөрсдөө хамгийн их хордож буйгаа ойлгох хэрэгтэй. Пестицидтэй шууд харьцдаг хүмүүс хамгийн их хордож байдгийг мэргэжилтнүүд сануулдаг. Хордож нас барсан тохиолдол ч бий. Тодруулбал,1975 онд анх пестицидийг буруу хэрэглэсний улмаас 2-61 насны 21 хүн өвдөж, 13 нь нас барсан нь баримт тэмдэглэгдэн үлджээ.
ПЕСТИЦИДИЙН ХӨНӨӨЛӨӨС БОЛЖ ХЭДЭН ТЭРБУМ ДОЛЛАР ХИЙСГЭДЭГ
АНУ гэхэд л пестицидээс болж хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирсан хор хөнөөлийг багасгахын тулд жил бүр хэдэн тэрбум доллар зарцуулдаг боллоо. Бразилд л гэхэд зөгий олноор үхэж дэлхий дахиныг гайхашруулсан. Үүний цаад шалтгааныг пестицид байж болзошгүй гэж олон улсын байгууллага үзсэн байна. Ийн хүнсний аюулгүй байдал хүний эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй, амьтдад ч гэсэн хор хөнөөлөө учруулсаар байна.
ЗГМ: ТОДРУУЛГА
Б.ЭНХТУНГАЛАГ: ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД ХОРДЛОГОНД ОРУУЛНА
Бид пестицид хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын ал баны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагаас тодрууллаа.
-Пестицид хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Пестицидийг хогийн ургамлыг устгах (гербицид), мөөгөнцөр болон ургамлын өвчинг устгах (фунгицид), хортон шавж устгах (инсектцид) зорилгоор ихэвчлэн хэрэглэж байна. Ямар ч зорилгоор хэрэглэхээс үл хамааран буруу хэрэглэх тохиолдолд эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ. Жишээлбэл, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй фунгицид гэхэд уургийн нийлэгжилт болон эд эсийн амьсгалах үйл явцыг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулна. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдах, хөх, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, элэг, уушгийг гэмтээх, жирэмсэн эхийн урагт нөлөөлөх гэх мэт. Иймээс НҮБ-ын ДЭМБ, ХХААБ-ын хамтарсан хүнсний эрх зүйн комиссоос хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг хатуу тогтоож өгдөг. Мөн хүн амын хоол хүнсээр авах пестицидийн хоногийн хүлцэх тунг, хүний биеийн жингийн 1кг-д ямар хэмжээтэй байхыг тогтоосон. Ер нь шавьжийн эсрэг бодис нь хүний эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй. Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 долоон тэрбум хүрнэ гэж тооцоолсон. Хүнсний нөөцийн хангамж, хүртээмж, ургац нэмэгдүүлэх зориулалтаар пестицидийг ямар нэг хэмжээгээр хэрэглэх асуудал гарч байна. Гэхдээ пестицидийг хүнсэнд аль болох хэрэглэхгүй байх нь зөв. Хэрэглэхдээ тун хэмжээг тааруулах, багасгах, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, пестицидтэй зөв харьцах, хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдэлд хяналт тавих нь чухал. Нийт хүн ам пестицидийн үлдэгдэлд өртөх нь бага. Өртөмтгий бүлэг гэж байна. Тухайлбал, газар тариалан эрхэлдэг, өрхийн тариалан, хүнсний ногоо, жимс тариалдаг хүмүүс, ялангуяа жирэмсэн болон хөхүүл эхчүүд, хүүхдүүд гэх мэт. АНУ, Канадад хийсэн судалгаагаар пестицидийн үлдэгдэлтэй жимс, ногоо хэрэглэсний улмаас хүүхдүүдийн анхаарал төвлөрөл нь муудах, өөрийгөө хянах чадваргүй болж буйг тогтоосон байсан. Пестицидтэй харьцдаг, өрхийн тариалалт эрхэлдэг хүмүүс хамгаалах хэрэгсэл бээлий, амны хаалт, нүдний хаалтыг байнга хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 18-аас доош насны хүүхдийг пестицидтэй харьцахыг хориглодог.
-Бразилд зөгий олноороо үхсэн тохиолдол гарсан. Тэгэхээр амьтанд бас хор учруулдаг гэсэн үг үү?
-Амьтанд ч гэсэн сөргөөр нөлөөлнө. Шавжийн эсрэг бодис гэхэд тухайн амьтны амьсгалын системийг гэмтээж, устгадаг.
-Жимсний хөгц мөөгөнцрийг нүдээр хараад мэдэх боломжтой юу?
-Ер нь хөгц нүдэнд харагдана гэдэг бол аль хэдийн хөгц мөөгөнцрийн задрал явагдаад хор нь ялгарчихаад байна гэсэн үг. Нүдэнд харагдахгүй учраас жимс, ногоог гаднаас нь хараад хөгц мөөгөнцөртэй гэдгийг мэдэх боломжгүй. Тариалах, худалдах явцад эрүүл ахуйн дэглэм хэрхэн сахисныг хэрэглэгч мэдэхгүй шүү дээ. Шинжилгээгээр л нарийн зүйл нь тодорхой гарна. Ялангуяа төмс бол маш их мөөгөнцөрддөг, өвчилдөг ногоо.
-Манай лабораториуд пестицидийн үлдэгдлийг зөв шинжилж чадаж байна уу?
-Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори пестицидийн үлдэгдлийг шинжилдэг. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори энэ тал дээр илүү туршлагатай. НҮБ-ын ДЭМБ, ХХААБ-ын хамтарсан хүнсний эрх зүйн комисс 100 төрлийн пестицидийн хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдлийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон. Монгол Улсын хувьд улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори 38 төрлийн пестицидийн үлдэгдлийг шинжлэх боломжтой байх.
-Угааж хэрэглэвэл пестицидийн үлдэгдэл бүрэн арилах уу?
-Тодорхой хэмжээгээр бохирдсон тул бүрэн арилахгүй. Гэхдээ зах зээлд худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэлд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг тул хэрэглэгчид маань энэ тал дээр санаа зовохгүй байж болох байх гэж бодож байна. Пестицидийн үлдэгдлийг багасгахын тулд хүнсний ногоо, жимсийг хальслах, сайтар угааж хэрэглэхийг ДЭМБ зөвлөмж болгосон. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шинжилгээний бичгийг нь заавал үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
ЗГМ сонин