Хүүхэд хумсаа мэрэх нь эцэг, эхчүүдийн сэтгэлийг зовниосон асуудлын нэг болоод байгаа. Чухам ямар шалтгаанаас болоод хумсаа мэрдэг, энэ үйлдлийг хэрхэн зогсоох талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч П.Энхчимэгээс тодруулсан юм.
-Хүүхэд хумсаа мэрэх нь зарим эцэг, эхчүүдийн сэтгэлийг зовоосон асуудал болоод байна. Энэ нь зуршил уу, эмгэг үү. Шалтгаан нь юу вэ?
Хумсаа мэрэх гэдэг нь хүүхдийн өсвөр насанд тохиолддог зуршилт эмгэг юм. Гол шалтгаан нь хүүхэд сэтгэл түгшилт, гутрал, айдас зэрэг сэтгэлийн сөрөг мэдрэмж үүсэхээр түүнээс зайлсхийж, өөрийгөө тайвшруулах байдлаар хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, үсээ зулгаах шинж тэмдэг гаргаад байдаг. Энгийн үгээр хэлэх юм бол бага насны хүүхэд нийгмийн болон гадаад хүчин зүйлээс шалтгаалж стресст өртөхөөрөө үүнийгээ би стресст өртөөд байна, надад таагүй, муухай байна, дургүй байна гэдгээ том хүмүүс шиг үгээр шууд хэлж мэдэхгүй учир биеийн үйлдлийн шинж тэмдгээр илэрхийлж гаргаж байдаг. Энэ нь цөөнгүй тохиолддог.
-Хүүхэдэд стресс үүсгээд байгаа гол хүчин зүйл нь юу вэ?
Стресс үүсгэдэг хүчин зүйл нь гэхээр хамгийн түрүүнд гэр бүлийн орчны хүчин зүйл байдаг. Эцэг эхийн харилцаа болон гэр бүлийн уур амьсгал хэр байгаагаас шалтгаалдаг. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд айдаст автуулсан хүчин зүйл нөлөөлөх, гэр бүлийн байнгын хэрүүл маргаан, зөрчилтэй байх, эцэг, эх асран хамгаалагчийн хэн нэг нь архины хамааралтай байх нь гэхчилэн хүүхдэд айдас, түгшүүр, стресс үүсгэх нөхцөлд байгаа хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй байдаг.
-Хүүхэд хэдий хэрийн хугацаанд хумсаа мэрвэл асуудал үүссэн байна гэж ойлгох вэ?
Эхэндээ энэ нь стрессээ даван туулж, түгшүүрээ тайлах арга хэрэгсэл болж байгаад сүүлдээ өөрийн мэдэлгүй хуруугаа хөхөж, хумсаа мэрэх зуршил болж үлддэг. Энэ үйлдэл нь 3-6 сарын хугацаанд үргэлжлэх юм бол эмгэг байж болзошгүй юм. Тэгэх юм бол эмчид, сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
-Хумсаа мэрэх энэ үйлдэл нь хэдэн насны хүүхдүүдэд илүү илэрдэг вэ?
Энэ нь 7-10 насны хүүхдүүдийн дунд 28-33 хувьтай, өсвөр насны хүүхдэд 44 хувьтай, залуу, идэр насныханд 19-29 хувьтай тохиолддог гэсэн статистик судалгаа байдаг.
-Тэгвэл бага насны хүүхдүүдийн хувьд...?
Бага насны хүүхдүүдэд ч мөн ийм тооны үүсдэг л дээ.
-Ийм зуршилтай хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ?
Энэ үйлдэл нь хүүхдүүдийн хувьд байх ёстой хэвийн зүйл биш. Ямар нэг асуудал байгаагийн илрэл учир анхаарахгүй орхиж болохгүй. Эцэг, эхийн хайр халамж дутагдах эсвэл буруу хүмүүжил олгох, хэт хатуу гараар хүмүүжүүлэх зэрэг нь стресс үүсэх шалтгаанд нөлөөлж болно. Хүүхэд өөрийн эрхгүй ийм үйлдэл хийгээд байгаа учир хүүхдийг буруутгаж, шийтгэж болохгүй. Эцэг, эхчүүдйин гол анхаарах зүйл нь ямар үед хүүхэд нь хумсаа мэрж байгааг нь ажиглаад түүнийг нь олж тогтоох хэрэгтэй. Стресс үүсгээд байгаа энэ үед нь яаж стрессээ даван туулж, түгшүүрээ зөв тайлах вэ гэдэг зөв арга замыг суулгах ёстой. Хүүхдийн хийх дуртай зүйлийг нь хийх. Зураг зурах дуртай бол зуруулж, хөгжим сонсгож, хүүхэдтэйгээ тоглож, гадуур алхах гэдэг ч юм уу стресстсэн үед түүнийгээ даван туулах өөр арга замуудад сургах хэрэгтэй юм.
Мөн хүүхдэд стресс үүсгээд байгаа орчныг нь өөрчлөх хэрэгтэй. Зөвхөн хүүхдээ хумсаа мэрлээ гэж загнаад л шалтгаан болоод байгаа асуудлыг шийдвэрлэхгүй л юм бол цаашид улам даамжираад өөр сэтгэцийн хүнд өвчнүүдийг үүсгэж болзошгүй.
-Хүүхэд стресстсэнээс болж хумс мэрэх зуршилтай болж байна. Гэтэл хумсаа мэрэх нь эрүүл мэндийн хувьд асар хортой мэт санагдаж байна. Хүүхэд гарын нянгаа шууд идэж байна шүү дээ.
Хумсаа мэрснээрээ хумсны ургалт, хэлбэр алдагдах сөрөг нөлөөтэйгөөс гадна хумсны эргэн тойрны арьс, салст нь гэмтээд шархалдаг. Тэгээд хуруу гараар дамждаг өөр нян бактерийн шалтгаант халдварт өвчнүүдээр өвдөж болзошгүй. Мөн хумсаа мэрснээр шүдний ургалт өөрчлөгдөж шүд гэмтэх, эмтрэх асуудал үүсдэг.
Дээрээс нь хумсаа мэрдэг хүүхдийг эцэг, эхчүүд нь яагаад хумсаа мэрээд байдаг юм бэ боль, боль гээд байнга загнаж, зэмлэж байдаг учир хүүхэд дотроо өөрийгөө буруутгах, ичих, гэмших мэдэрмжүүдийг хоёрдогчоор түрүүлж байдаг. Энэ нь даамжирвал өөртөө итгэлгүй сул дорой нэгэн болж төлөвших эрсдэлтэй.
-Тэгэхээр хумсаа мэрэх үйлдлийг нь зогсоох хэрэгтэй юм байна. Ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Ямар арга хэмжээ авах вэ дээр хэлсэнчилэн гэхээр хүүхдүүд юунаас болж стрессдэж хумсаа мэрээд байгааг нь олж мэдээд таслан зогсоох арга хэмээг авах, хүүхдээсээ холдуулах хэрэгтэй.
Хоёрдугаарт, хүүхдээ тийм үйлдэл хийхээр нь ер зэмлэж, шийтгэж, загнаж болохгүй. Өөрөө ч мэдэлгүй тийм үйлдэл хийгээд байгаа учир санаатай үйлдэд биш. Хүүхэддээ цаг гаргаж ярилцаж, хамт тоглож, гадуур зугаалж, хамт хооллож, хичээлийг нь давтуулах гээд ойр дотно байх цаг хугацаа гаргаад хүүхдүүд тоглоомын явцад юу нь болоод, юу нь болохгүй байгааг үг болон үйлдлээрээ илэрхийлээд гаргаад байдаг. Үүнийг нь эцэг эхчүүд анхааралтай ажиглаж хариу арга хэмжээ авах хэрэгтэй.
-Хумс мэрэх үйлдлийг хэрхэн эмчлэх вэ?
Бүрэн төгс эмчлэгдэх эмийн эмчилгээ байхгүй. Зан үйлийг нь засах, буруу зуршлыг нь өөрчлөх арга хэмжээ авдаг учир хугацаа шаарддаг. Зарим хүмүүс гар, хуруунд нь гашуун амттай зүйл түрхэх аргыг хэрэглэдэг. Мөн зарим тохиолдолд хурууны хумсыг ил байлгахгүйгээр наалт наадаг арга бий. Эдгээрийг хэрэглэж болно. Ер нь хумсыг нь урь ургуулахгүй байх хэрэгтэй. Жаахан ургах бүрт нь аваад байвал хүүхдэд хумсаа мэрэх боломжийг нь олгохгүй байж болдог.
-Энэ үйлдлийг зуршил болгосон хүүхэд СЭМҮТ-д хэр ханддаг вэ?
Байдаг. Хумсаа мэрдэг, хуруугаа хөхөх, үсээ зулгаах зуршилтай хүүхэд байдаг. Энэ нь биеэ даасан өвчин гэхээс илүү өвчний шинж тэмдэг болоод хавсарч гарч ирдэг. Тэгэхээр хүүхдийн ерөнхий байдлыг харж, айдас түгшилтийн зэргийг нь тогтооно. Үүнээс нь шалтгаалаад хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдээ хэвтүүлдэг. Манай тасагт жилд 450 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг гэж үзэх юм бол 5-10 нь ийм зуршилтай хүүхэд байдаг.
Харин амбулаториор бол хумсаа мэрэх, үсээ зулгаах зуршилтай хүүхэд сард 2-3 ирж үзүүлдэг байгаа. Мэдээд хандаж байгаа нь ийм боловч хандахгүй байгаа нь зөндөө байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ боль гэж загначихаад зэмлээд байвал хүүхэд нууцаар энэ үйлдлээ гаргах тохиолдол байдаг. Ингээд нууц байдал руу шилжих юм бол бүр мэдэгдэхгүй шүү дээ.