МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН 25 ХУВЬ НЬ ТАРГАЛАЛТТАЙ БАЙНА
Монгол Улсын хүнсний салбарын төлөөллүүд цуглан хүнсний аюулгүй байдлын талаар зөвлөлдлөө. Чуулганд 17 мэргэжлийн холбоо, 21 аймгийн 60 гаруй төлөөлөгч, Монголын хүнсчдийн холбооны 100 гаруй хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон юм. Тэд хүнсний аюулгүй байдал, хангамжийн өнөөгийн түвшин, хүнсний салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцав.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар монголчууд хоол хүнснээс шаардлагатай илчлэгээ авч чаддаггүй аж. Судалгаанаас харахад монголчуудын хоол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд буудайн гурил байдаг. Бараг нийт илчлэгийнхээ 63 хувийг үр тарианы гаралтай бүтээгдэхүүнээс авдаг бөгөөд бусад нэр төрлийн бүтээгдэхүүн үлдсэн цөөн хувийг эзэлдэг аж.
НАСАНД ХҮРСЭН ХҮМҮҮСИЙН 50 ХУВЬ НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ
“Монголчууд өнөөдөр хоол хүнсээ зохистой хэрэглэж чадахгүй байна. Зохистой хооллолт гэж юу вэ гэхээр “Өөх тос бага, жимс ногоо их идэх ёстой” гэж хариулдаг. Гэтэл зохистой хооллолт гэдэг нь олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ зохих хэмжээгээр, нас биеийнхээ онцлогт тохируулж хэрэглэхийг хэлнэ. Бидний судалгааны дүнгээс харахад монголчуудын насанд хүрсэн хүмүүсийн 50 хувь нь илүүдэл жин буюу таргалалттай байна.
Хүүхдүүдийн 25 хувь нь таргалалттай байна. Ийм хэмжээтэй хоол хүнсээ тогтмол хэрэглээд байвал халдварын бус өвчинд нэрвэгдэнэ гэсэн үг. Таргалалт нь зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, дархлааны системийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг” гэж ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн их сургуулийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Туяацэцэг тайлбарлав.
Д.Сувд
"Засгийн газрын мэдээ" сонин