Эрүүл монгол хүнгүйгээр эдийн засгийн өсөлт ярилтгүй


ОЛОН ЭМИЙН ДАСАЛТТАЙ СҮРЬЕЭ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ БАГААР БОДОХОД 0.6 ХУВИАР БУУРУУЛНА
Антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар нь дэлхийн эдийн засгийг хөмрүүлэх дөхсөн 2008 оны санхүүгийн хямралаас илүү хохирол учруулж магадгүйг НҮБ мэдээллээ. Сүүлийн 80 жилийн түүхэн дэх дэлхийн эдийн засгийн том сүйрэлд тооцогддог уг хямрал нийт 24 сая хүнийг ядуурлын ангал руу түлхэж, сая сая хүнийг орлогын эх үүсвэрээс нь салгасан.
АНУ-аас эхэлж, Европ холбоо, Японд халдварлан, хөгжиж буй орнуудад тархсан санхүүгийн уг “өвчин” дэлхийн эдийн засгийг сэхээнд ортол нь доройтуулсан. Сүүлийн арван жилийн турш Америкаар ахлуулсан улс орнууд хямралаар сүйрсэн эдийн засгаа эргэн илааршуулахаар өдий хүртэл зүтгэсээр байна.
Антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас жилд 700 мянган хүн нас бардаг байна. Харин 2050 он гэхэд энэ тоо 10 саяд хүрч, уг халдварын улмаас 100 их наяд ам.долларын хохирол учирна гэж НҮБ тооцсон байна.
АНУ-ын Засгийн газрын холбогдох байгууллагийн мэдээллээр зөвхөн тус улс гэхэд 2008 оны хямралын төлөөсөнд нийт 22 их наяд ам.доллар гаргажээ. Тэгвэл нэг америк хүн хямралын төлбөрт дунджаар 70 мянган ам.доллар зарцуулсныг холбооны нөөцийн банкнаас тооцсон байна. Гэтэл ганц улсаар тогтохгүй дэлхий нийтийг доргиож, үр дагавар нь өнөө хэр олон улсын эдийн засгаас арилаагүй байгаа санхүүгийн хямралаас ч илүү хор уршиг дагуулах чимээгүй гамшиг хүн төрөлхтний дунд тархаж, сүйрэл рүү хөтөлсөөр байна.
Антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас жилд 700 мянган хүн нас бардаг байна. Харин 2050 он гэхэд энэ тоо 10 саяд хүрч, уг халдварын улмаас 100 их наяд ам.долларын хохирол учирна гэж НҮБ тооцсон байна. Түүнчлэн тус байгууллагаас нийгэмд газар авах болсон халдварт өвчний аюул улс орнуудын төсөвт дарамт болж эхэлснийг дурдаад, хямралын нэг шалтгаанаар нэрлэсэн байх юм. НҮБ-аас энэ оны дөрөвдүгээр сард танилцуулсан уг тайлан хүн амын эрүүл мэнд, нийгмийн өвчлөл аливаа улсын эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшлийн нэн чухал тулгуур болохыг дэлхий нийтэд дахин сануулав.
Олон улсын бодлого тодорхойлогчид, ялангуяа, улс орнуудын удирдагчид, улстөрчид, манлайлагчид санхүү, эдийн засгийн хямралаас үнхэлцэг нь хагарах шахтлаа айцгаадаг. Улстөрчид, нөлөө бүхий эрхмүүд нэгэн дор чуулахаараа аль хэдийн 10 жил болсон 2008 оны хямралыг өнөө хэр шүүн тунгаан, сөхөн хэлэлцэж, мөдхөн тохиож магадгүй шинэ хямралд санаа зовинож, сандран тэвдэж буйгаа илэрхийлдэг. Гэтэл үүнээс дутахгүй, бүр илүү хор хохиролтой чимээгүй аюулыг улс төрчид, эрх мэдэлтнүүд ингэж чухалд авч үзэн, мэгдэн сандардаг бил үү. Харин энэ зуур өнөөх үл тоосон хөнөөл дэлхийгээр чөлөөтэй тархаж, хүн төрөлхтөнд уй гуниг, үхэл хагацал, төлж баршгүй хор хохирол дагуулсаар байна.
• Антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас жилд 700 мянган хүн нас бардаг байна.
• 2050 он гэхэд энэ тоо 10 саяд хүрч, уг халдварын улмаас 100 их наяд ам.долларын хохирол учирна гэж НҮБ тооцсон байна.
• Эрүүл мэнд хэмээх хүчин зүйл хөдөлмөрийн бүтээмжийн гол түлхүүр болоод зосгохгүй эдийн засгийн өсөлт, хөгжлийн хөдөлгөгч хөшүүрэг болохоор байна.
Milken институтийн шинэ тайланд дурдсанаар АНУ альцгеймер, тархи, зүрхний өвчин зэрэг эмгэгт жил бүр 1.1 их наяд ам.доллар зарлагаддаг. Үүн дээр энэ өвчнүүдээс үүдэлтэй эдийн засгийн хор хохирлыг нэмж тооцвол нийт дүн 3.7 их наяд ам.долларт хүрч, тус улсын ДНБ-ий 20 хувьтай тэнцэх аж. Энэ мэт өвчин эмгэгийн улс орнуудын эдийн засагт учруулж буй гарз хохирлыг дурдвал дуусахгүй.
Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад зарим төрлийн халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, нийгэмд харанга дэлдээд байна. Ялангуяа, халдварт сүрьеэгийн сүүдэр Монголын ирээдүй, итгэл найдвар болсон хүүхэд багачуудыг нөмөрч, нийгмийн нэг эмгэнэл болчихоод байна. Үүнээс гадна БЗХӨ, гепатит вирус зэрэг нийгмийн өвчний тархалтаар бүс нутагтаа дээгүүрт бичигдэж буйгаас гадна хорт халдварын өвчлөл ч өндөр байна. Манай улс сүрьеэгийн өвчлөлөөр ази, Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос дөрөвдүгээрт бичигдсэн бол БЗХӨ/ДОХ-ын тархалт 1549 насны залуучуудын дунд 0.1 хувь буюу 148 орноос 11 дүгээрт жагссан байх юм. улсын хөгжлийн цохилох зүрх болсон монгол хүний эрүүл мэнд доройтож, өвчин эмнэгт нэрвэгдэж буйг үүнээс харж болно.
Антибиотикт тэсвэртэй нян санхүүгийн хямралаас илүү хохирол учруулж магадгүй
Гэтэл хүн амын өвчлөл нь эргээд эдийн засгийн өсөлтөд дарамт болж байна. Тухайлбал, Монгол Улсад сүүлийн жилүүдэд өсөх болсон олон эмийн дасалттай сүрьеэ өвчин гэхэд дэлхийн эдийн засгийг багаар бодоход 0.6 хувиар агших шалтгаан болох аж. Энэ өвчнөөр нас барсан хүний тоо 2050 онд 75 саяд хүрч, 16.5 их наяд ам.долларт хүрнэ гэж Johnson & Johnson-ийн тайланд дурдсан. Түүнчлэн сүүлийн жилүүдэд сүрьеэгээс үүдэлтэй эдийн засагт дарамт нэмэгдэхийг Goldman Sachsийн эдийн засагч Жим О’Нил анхааруулж байна.
Зарим бодлого тодорхойлогчид эрүүл мэндийг бизнес, эдийн засгаас ангид мэт авч үзэх нь бий. Гэтэл үнэндээ нийгмийн эрүүл мэнд хэмээх хүчин зүйл хөдөлмөрийн бүтээмжийн гол түлхүүр болоод зогсохгүй эдийн засгийн өсөлт, хөгжлийн хөдөлгөгч хөшүүрэг болохоор байна. Цаашлаад хүн амын эрүүл мэндийн эдийн засагт үзүүлэх нөлөө сүүлийн жилүүдэд улам өсөж байгаа аж.
Нөгөө талаас, хүн амын эрүүл мэнд нь аливаа улсын хөгжлийн тусгал болдгийг судлаачид хэлдэг. Ялангуяа, хүний бие махбодын ерөнхий эрүүл мэнд, эсэргүүцэх чадвар, дархлааны системээс хамгийн их хамаардаг сүрьеэ зэрэг халдвар өвчин нь аливаа улсын ядуурлын сүүдэр болдог. Эдүгээ Монголын нийгэмд аюулын харанга дэгдээж, айдаст автуулж буй халдварт өвчлөлийн цаана ядуурал нуугдаж байдаг. Ядуурлаас үүдэн монгол хүний үнэлэмж унаж, эрүүл мэндийн доройтол орж, өвчин эмгэгт нэрвэгдэж байна.
Гэхдээ эдийн засгийн сул хөгжил, ядуурлаас үүссэн энэ өвчлөл нь эдийн засгаа унагах, өсөлтийг мохоох шалтгаан, үл тасрах чөтгөрийн тойрог болж буй нь энэ. Хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн өсөлт хэмээх хоёр хүчин зүйл харилцан хамааралтай болж таарч байна. Өөрөөр хэлбэл, халдвар болон халдвар бус өвчний түвшин нэмэгдэж, хүн амынх нь суурь эрүүл мэнд муудаж байхад эдийн засгийн өндөр өсөлт, хөгжлийн талаар яриад ч хэрэггүй аж. Гэтэл бид өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг урд хөрш рүү гаргаж буй түүхий нүүрсний тонноор л хэмжсээр байгаа.
Мэдээж, Монголын эдийн засгийг сүүлийн хагас зуун жил уур уурхайн салбар нуруун дээрээ үүрч яваа нь үнэн. Гэхдээ нүүрс, зэсийн орлогоор хөгжил, эдийн засгийн өсөлтийг төсөөлж, монгол хүний үнэ цэн, түүний амь нас эрүүл мэндийг умартан, үл тоосоор ирсэн нь өнөөдөр Монголын нийгмийн архаг асуудлыг улам даамжруулсаар байна. Биднийг хэдэн чулууныхаа ханш харан, эдийн засгийн хуурай өсөлт ярьсаар суух зуур монгол хүний эрүүл мэнд нийгмийн харанга болж эхэллээ.
Нийтлэгч: Г.Байгал
"Засгийн газрын мэдээ" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ус уух 5 ШАЛТГААН