Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тоглоомын донг ICD-11 гэх олон улсын өвчний ангилалд бүртгэхээр болсон тухай өнгөрсөн бямба гарагт зарлалаа. Ингэснээр эрүүл мэндийн мэргэжилтнүүд тоглоомд донтох өвчнийг даамжрахаас өмнө сэргийлэх боломж бүрдэх юм.
Тус байгууллагын ассамблейн Б хороо “ICD” өвчний ангиллын шинэчилсэн хувилбарыг гишүүн орнуудын саналын дүнд дуу нэгтэй баталсан бөгөөд энэхүү шийдвэр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болно. “ICD” гэдэг нь олон улсын өвчлөл, эрүүл мэндийн нөхцөл байдлыг мэдээлэх олон улсын стандартын суурь ажээ.
ДЭМБ-ын гишүүн орнууд энэхүү өвчлөлийн эмчилгээг албан ёсоор боловсруулах шаардлагатай бөгөөд эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалаар төлүүлэх боломж нээгдэх юм.
Тоглоом тоглох нь тухайн хүний амьдрал болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байхад ямар ч хяналтгүйгээр хэтрүүлэн тоглож, өдөр тутмын үйл явдалдаа анхаарал хандуулахаас илүүтэй цахим тоглоомыг нэн тэргүүнд тавихыг “тоглоомын дон” хэмээн ДЭМБ тодорхойлжээ.
Тоглоомд донтох өвчин нь хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг няцаах боломжгүй. Тухайлбал, Энэтхэгт цахим тоглоом хэтрүүлэн тоглосны улмаас хоёр хүн амиа алдсаны дараа "PUBG"-г хориглосон байна. Мөн Их Британид "Fortnite" тоглоомоос болж өнгөрсөн жил 200 орчим хос салжээ.
Гэсэн ч тоглоомын зах зээлийн үйлдвэрлэгчид болон зарим эрүүл мэндийн салбарынхан ДЭМБ-ын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж.
Эх сурвалж: Korea times