Сармагчин дээр хийсэн туршилтаас үзэхэд согтууруулах ундаа хэрэглэх нь хүүхдийн тархинд муугаар нөлөөлөөд зогсохгүй өсөлтийг удаашруулдаг аж. Eneuro сэтгүүлд өгүүллээ нийтлүүлсэн эрдэмтэд ийм дүгнэлт танилцуулсан байна. Орегон муж улсын Портлэнд дахь Анагаах ухааны их сургуулийн профессор Кристофер Кронке “Ийм судалгаанууд гол төлөв согтууруулах ундаа уудаг хүүхдүүдийн өөрсдийнх нь ярианд суурилсан байдаг. Харин манай туршилт согтууруулах ундаа тархины өсөлтийг сааруулдаг гэсэн эргэлзээгүй дүгнэлт хийж, шалгалаа” хэмээв.
Сүүлийн жилүүдэд эмч нар урт хугацаагаар архи хэрэглэх нь элэгний цирроз, тархины үйл ажиллагаа төдийгүй бусад маш хүнд үр дагаварт хүргэдгийг нотолсоор байгаа. Жишээ нь, хоёр жилийн өмнө спиртийн хэт хэрэглээ долоон төрлийн хорт хавдраас гадна бие дэх азотын ислийн эргэлтийг тасалдуулж, уушгины ажиллагаанд бэрхшээл үүсгэдгийг нотолсон.
Дээр нь бага хэмжээний архи хүртэл ой санамжийн төв болон тархины бусад хэсгийг хатаадаг шинж тэмдэг үзэгдсэнийг илрүүлжээ.
Кронке болон түүний баг дээрх үзэгдэл архинд эмзэг хүүхэд, залуусын тархинд хэрхэн нөлөөлдгийг сонирхсон байна. Үүний тулд 35 настай 60 макака сармагчин авчруулжээ. Судлаачид тэднийг хоёр төрлийн ундаатай тусгай торонд суулган тархины зургийг авсан байна. Нэгд нь цэвэр ус, нөгөөд нь дарс буюу шар айрагтай дүйхүйц спиртийн ханд тавив. Согтууруулах ундааны амт авсан сармагчинд хагас жилийн хугацаанд дуртай хэмжээгээрээ уух боломж олгожээ.
Дээр нь бага хэмжээний архи хүртэл ой санамжийн төв болон тархины бусад хэсгийг хатаадаг шинж тэмдэг үзэгдсэнийг илрүүлжээ.
Үе үе ундааны агууламж ба тархины өөрчлөлтийн зургийг авч, хэмжээ ба бусад шинж чанарыг өмнөхтэй нь харьцуулав. Энэхүү өгөгдлөө цэвэр ус уусан бүлгийнхтэй мөн жишиж үзсэн байна. Эдгээр харьцуулалт эрдэмтдийн сэжиг таамгийг нотолж, өдөрт 45 аяга шар айрагтай тэнцэх спиртийн илүү агууламж тархины хэмжээ өсөхөд илт саад учруулж, уудаг сармагчны хөгжилд олон зөрчил үүсгэдгийг илрүүлжээ. Уусан спиртийн грамм бүр жилдээ мэдрэлийн эдийн өсөлтийг 0.25 шоо сантиметрээр багасгадгийг тогтоов.
Энэхүү өөрчлөлт ой санамжийн төв, тархины гүн дэх санамжийг хадгалж, мэдээллийг хуваарилдаг цагаан эд ба таламусын хөгжилд сөрөг нөлөөтэйг мэдрэлийн систем судлаачид илрүүллээ. Их уусан макака сармагчны тархины өсөлт 70 хувиар, дунд зэрэг уусных нь 50 хувиар удааширсан гэж тооцжээ.
Сонирхолтой нь спиртийн ундаа уухаа болиход тархи буцаад хэвийн байдалдаа түргэн орсон байна. Эрдэмтэд ийм эргэлт тархинд ирээдүйд үүсэх асуудлаас сэргийлж чадах эсэхийг судлаагүй агаад макака дээрх дараагийн туршилтаа үүнд зориулахаар төлөвлөжээ.
"Засгийн газрын мэдээ" сонин