Согтууруулах ундаа ууснаас хойш 6 долоо хоног өнгөрсөн ч тархийг гэмтээсээр байдаг

Согтууруулах ундааг уухаа больсноос хойш хэдэн долоо хоногийн хугацаа өнгөрсөн ч тархийг гэмтээсээр байдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэхүү судалгааг Герман, Испани, Италийн эрдэмтдийн баг хийсэн байна. 
Тэд архины нөлөөгөөр тархины цагаан бодисонд болж буй өөрчлөлтийг судалсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглээгүй зургаан долоо хоног болсон ч мэдрэлийн эсүүдийг муутгаж байсныг тогтоожээ. 
Архийг их хэмжээгээр хэрэглэж байгаад эмчилгээ хийлгэсэн 90 хүний соронзон резонанст томографийн зургийг судлахад тэдгээр өвчтөнүүд сүүлийн хэдэн долоо хоног дусал архи уугаагүй ч тархины үйл ажиллагаанд нь өөрчлөлт орж, муудаж байсныг эрдэмтэд тогтоосон байна. 
Согтууруулах ундаа хэрэглэлгүй зургаан долоо хоног өнгөрсөн ч тархины идэвхтэй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. 
Энэхүү өөрчлөлтийн талаар сайтар ойлголттой болохын тулд эрдэмтэд хархнууд дээр туршилт хийжээ. Хархнуудыг согтууруулах ундаанд дасгаж, улмаар архи өгөхөө больсон байна. Гэтэл үүний дараа тархины үйл ажиллагаа нь муудсаар байсныг ажиглалтын үр дүн харуулжээ.
Тодруулбал, сэтгэл хөдлөл болон урт хугацааны ой тогтоолтын үйл ажиллагааг хариуцдаг тархины хоёр хэсэгт гэмтэл учруулж байв. Өмнө нь хийсэн олон судалгаанаас үзэхэд согтууруулах ундаа нь тархины гиппокамп буюу санах ойн хэсэгт маш хортойгоор нөлөөлж байсан гэсэн дүгнэлтэд хүрээд байжээ. Архи ууснаар тархины энэ хэсэг улам жижгэрч, ой тогтоолтыг муутган, тархинд хадгалагдаж байсан мэдээллийг алдагдуулдаг байна.
Өнөөдрийг хүртэл хүн архиа боливол тархи эргээд хэвэндээ ордог эсэх нь тодорхойгүй байсан бол энэ удаагийн судалгааны үр дүнгээр согтууруулах ундаа хэрэглэлгүй зургаан долоо хоног болсон ч тархины идэвхтэй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. 
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан