Эмийн бизнесийн ноёрхол

Хятадын эдийн засгийн өсөлт нийтээрээ саарч, түүнтэй зэрэгцэн эмийн салбарт дуулиан дэгдсэн ч салбарын тэргүүлэгчдийн санхүүгийн үзүүлэлт оны эцэст сайн байв. Хөрөнгөө 46 хувиар өсгөж 10.4 тэрбум ам.долларт хүргэн, улмаар 15 дугаарт эрэмбэлэгдээд буй Сунь Пяояан эхнэр Жун Хуйж юанийн хамт энэ зах зээлийн оргилыг эзэлж байна.
Сунь “Hengrui Medicine” компаниа Хятадын хавдрын эмийн хамгийн том үйлдвэрлэгч болгон хөгжүүлж байгаа бол түүний гэргий Жун улсдаа тэргүүлэгчдийн нэг “Hansoh” эмийн үйлдвэрийнхээ хувьцааг Хонконгод гаргах ажлыг удирдаж байна.
Тэдний ард бичигдэх Жян Рэньшөнийн хөрөнгө сүүлийн нэг жилд 35 хувиар нэмэгдэж, 5.2 тэрбум ам.доллар болжээ. Түүний “Zhifei Biological Products” компани АНУ-ын “Merck” брэндийн албан ёсны түншээр олон жил ажиллаж буй бөгөөд Америкаас ХПВ (хүний папиллома вирус)-ийн эсрэг эмийг Хятадад нийлүүлэх эрх авч чадсаны дүнд хувьцааны үнэ нь тавдугаар сард огцом өссөн юм. Уг төрлийн эмийн хомсдол Хятадаас Хонконг зэрэг бүсийг чиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалыг нэмэгдүүлж байсан юм. Компанийн бүтээсэн сүрьеэгийн эсрэг хоёр төрлийн вакцин одоогоор хяналтын шатанд байгаа бөгөөд 2019 онд худалдаанд гарах төлөвтэй байна.
Хятад улс дотоодын эм үйлдвэрлэлийн стандартаа дэлхийн жишигт нийцүүлэхээр олон улсын байгууллагуудад нэгдэж буй. 
Жороор олгох эмийн борлуулалтын хэмжээгээр Хятад улс Америкийн дараа хоёрдугаарт ордог ба 2018 онд 132 тэрбум ам.долларт хүрсэн борлуулалтын дүн 2022 он гэхэд 160 тэрбум ам.доллар давах магадлалтай байна. “Sino Biopharmaceutical”-д хөрөнгө оруулж, нийт хөрөнгөө 120 хувиар өсгөн 3.46 тэрбум ам.долларт хүргэсэн Цэ Пинийн жишгээр инновацад хөрөнгө оруулсан эрхмүүд өсөлтийн эзэд болохоос аргагүй юм. 2017 оныг хүртэл есөн жил огт өөрчлөөгүй байсан үндэсний эрүүл мэндийн төлөвлөгөөг эрх баригчид жил бүр эргэн хянахаа амласан бөгөөд үүнд нөхөн олговортой эмийн жагсаалт тусгагдсан байдаг.
“Sino Biopharmaceutical” хорт хавдрын эсрэг шинэ эм “Anlotinib”-ийн чанарыг батлуулахаар холбогдох шатны удирдлагуудтай хэлэлцэж буй бөгөөд уг эмийг зургадугаар сард зах зээлд гаргасан эхний өдөр 19 сая ам.долларын орлого олсон аж. Тэдэнд үүнээс гадна хувьцааны ханшийг өсгөхүйц олон шинэ бүтээгдэхүүн бий.
“Wuxi AppTec” тавдугаар сард Шанхайн хөрөнгийн биржид бүртгүүлсний дүнд (үнэт цаасных нь ханш гурав дахин өссөн) Ли Гө 3.54 тэрбум ам.доллартайгаар жагсаалтын 70 дугаарт бичигдлээ. Тус компани Хонконгийн биржид давхар бүртгүүлэх санал хүргүүлсэн бөгөөд босгосон хөрөнгөө дэлхийн хэмжээнд тэлэх, судалгааны компани, үйлдвэр худалдан авахад зарцуулах аж. Хятад улс дотоодын эм үйлдвэрлэлийн стандартаа дэлхийн жишигт нийцүүлэхээр олон улсын байгууллагуудад нэгдэж буй.
Дэлхийн зах зээлд нэвтэрч буй “China Grand Enterprises”-ийн ерөнхийлөгч Ху Кайжунийн хөрөнгө 11 хувиар өсөж, 2.1 тэрбум ам.долларт хүрэв. Группийн салбар хувьцаат компани нь Австралийн эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Sintex”-ийн 49 хувийг 660 сая ам.доллараар худалдан авах гэрээг өнгөрсөн есдүгээр сард баталсан юм.
Тухайн сард Европын холбоо төдийгүй Америкийн Хүнс, эмийн бүтээгдэхүүний удирдах газар найрлагын асуудлаар Хятадын эмийн импортыг зогсоож салбарыг бүхэлд нь ганхуулсан билээ. Энэ шийдвэр хэдийгээр цус шингэлэгч гепарин үйлдвэрлэдэг (Европ, АНУ-ын холбогдох байгууллагууд баталгаажуулсан), экспортоос ихээхэн хамааралтай “Hepalink” компанид нөлөөлөхгүй ч салбарын хэмжээнд хувьцааны ханш унасан нь компанийн ТУЗ-ийн дарга Ли Лигийн (99 дүгээрт жагссан) орлогод сөргөөр нөлөөлж, тэрбээр 2.64 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон юм.
"Засгийн газрын мэдээ" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан