Л.ХУЛАН: ӨСВӨР НАСНЫХАН БЭЛГИЙН ХАВЬТАЛД ӨӨРИЙГ СОРЬЖ, ТУРШИХ ГЭЖ ОРДОГ

Өсвөр насныхны дунд БЗХӨ-ний халдвар авах, өвчилж буй хувь хэмжээ буурахгүй байгаа нь судалгаануудад дурдагдсан тоонуудаас харагдаж байгаа юм. БЗХӨ-нөөр өвчлөгсдийн 30-40 хувийг 15-17 насныхан эзэлж байна гэсэн сэтгэл эмзэглэм тоо насанд хүрэгчид бид юун дээр алдаж, юуг анхаарах ёстойгоо мэдэхгүй байгаагийн илрэл юм.
БЗД Өсвөр үе, залуусты ээлтэй клиникийн эмч Л.Хулантай ярилцлаа.
БЗХӨ-өөр өвчлөгдсийн дунд өсвөр үе буюу 15-19 насныхны эзлэх хувь өндөр байгааг сүүлийн жилүүдийн судалгааны дүн харуулж байна?
Ерөнхийдөө зонхилох насыг нь аваад үзэхээр 15-аас эхлээд 34 насанд бэлгийн амьдралд идэвхтэй үе гээд үечлэлээрээ ороод ирж байгаа юм. Улсын хэмжээний БЗХӨ-ний тоон мэдээ ХӨСҮТ-ээс гардаг. ХӨСҮТ-ийн2017, 2018 оны судалгааны дүнд, тоог харахад жилдээ нэг хоёр хүний зөрүүтэй байдлаар ч юмуу, багахан хэлбэлзэлтэй гарсан байдаг. Массаар нь аваад үзэхэд нийгэм хөгжихийн хэрээр ганц хоёр тохиолдол ч гэсэн буурч байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм. Үүний зэрэгцээ анхаарах нэг асуудал нь тэмбүү өвчний тохиолдол ихэссэн. Тэмбүү өвчин нэг үе нууц, далд байсан бол одоо эргээд жирэмсэн эхчүүд, оюутан залуус, өсвөр насныхны дунд их их илэрдэг болсон. Нэг хэсэг бид ДОХ өвчинд хамаг анхаарлаа хандуулдаг байсан бол одоо бол эрсдлийн гол уурхай маань ДОХ гэхээс илүүтэй тэмбүү өвчин болжээ. Баримтат тоон мэдээ биш л дээ, гэхдээ бидний хувьд ХӨСҮТ-ээс мэдээлэл авч сонсож байхад ерөнхийдөө бэлгийн замын өвчинд насны хязгаар байхаа больсон гэж ярьж байна. Зөвхөн залуус биш 60 гарсан хүн ч тэмбүү, заг хүйтэн өвчнөөр өвчлөөд ирж байна. ДОХ-ын тохиолдол ч гэсэн тухайн хувиараа аваад үзэхээр 15-19 насныхан тодорхой хувийг эзлээд байгаа, өсвөр үеийнхний эзлэх хувь 20 хувиас буухгүй байгаа. Үндсний хэмжээнд аваад үзвэл дийлэнх хувь нь 40-өөс дээш насныхан гэж гарч ирдэг. БЗХӨ-ний дүн мэдээ, тоон дээр ажиллахаар өмнөх шигээ бэлгийн чиг баримжаа, эрсдэлт зан үйлийн хүмүүс илүү өртдөг, ЛГБТИ хүмүүсээр ихэвчлэн дамждаг гэсэн байдал өөрчлөгдөж байна гэсэн үг юм.
Бэлгийн замаар дамжих өвчний халдвар 15 наснаас эхэлж байгаагийн шалтгаан юунд байгаа бол? Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харьцаж энэ талын мэдээлэл өгөхгүй байна уу, эсвэл зан үйл талдаа буруу байна уу?
Өсвөр насныхны хувьд зан үйл гэхээс илүүтэй сонирхлын үе, даган дуурайх, цаашлаад үе тэнгийн дарамт шахалт хамгийн их байдаг зэргээс болдог. Нэг ангид 30 сурагч байлаа гэхэд 10 нь ямар нэгэн байдлаар үе тэнгийн хүүхдүүдийнхээ дарамт шахалтанд орсон байдаг. Энэ нь заавал БЗХӨ гэлтгүйгээр наад зах нь сэтгэлээр уналаа гэж бодоход эцэг эх гэхээсээ илүү үе тэнгийн найзууддаа эхлээд хэлэх, тэдний зөвлөгөөг авахаас эхэлдэг. Энэ нь эрсдэл дагуулах нэг зүйл болж байна уу даа гэж харагддаг. Нөгөө талаар өнөө үе тэнгийн найз маань өөрөө тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл нь 100 хувь хангалттай биш. Амнаас ам дамжих ч юмуу, нийгэм хөгжсөнтэй холбоотой янз бүрийн сошиал ертөнцөөс буруу, зөв мэдээллийг авч байгаа байдалтай ч холбоотой. Гуравдугаарт эцэг эхийн хараат байдал гэж нэг зүйл байна. Багш, сурган хүмүүжүүлэгчид ажлын 8 цаг сурагчдаа харж хандаад байж байна. Харин хоногийн 24 цагийн үлдсэн хэдэн цаг нь эцэг эхчүүдэд ноогдож буйг бодох ёстой. Бүгдийг нь унтаж өнгөрөөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд өөрсдөө миний хүүхэд хэдэн настай билээ, ямар онцлогтой байна вэ, энэ насанд миний биед ямар өөрчлөлт гарч байсан билээ гэдгийг бодохгүй байх шиг санагддаг. Юун сүртэй юм бэ, юундаа уурласан юм бэ гэхчилэн хүүхдээ үл тоомсорлодог. Эсвэл хүүхэд нь аавтайгаа ч юмуу ярилцах гэхээр, өөрт тулгамдсан асуудлаа хэлэх гэхээр шууд эсэргүүцдэг. Бэлгийн бойжилт эхэлж байгаа үед хүү нь -Ааваа миний дуу хоолой бүдүүрээд, сонин болоод байна. Суга, цавинд үс ургаад байх юм гэхээр юу яриад байгаа юм, цаашаа бай гэсэн үгүйсгэсэн байдал үзүүлдэг гэнэ. Охидын хувьд сарын тэмдэг үзэгдэхээс өмнө хөх ургаж эхэлдэг. Энэ үед нь –Ээжээ миний хөх хөндүүрлээд өвдөөд байна гэж хэлэх үед ч юмуу ээж нь бас л үгүйсгэдэг. – Чи чинь дөнгөж 11, 12 настай байж тийм юм болох ёсгүй ч гэдэг юмуу эсэргүүцэж, хэлснийг нь үгүйсгээд эхлэдэг, алдаа гаргадаг. Цаашилбал бэлгийн бойжилт явагдаад эхэлчихсэн 15, 16 насандаа хүүхдүүд бэлгийн хавьталд ороод эхэлдэг. Бэлгийн хавьталд яагаад ордог вэ гэхээр өөрийг сорьж, турших гэж ордог байна. Яг орж үзэхээр ямар байдаг юм бол? гэдгийг мэдрэхийн тулд ордог болохоос биш энэ насанд таашаал авах, зохистой хэрэглээ гэсэн ойлголт хараахан суугаагүй байдаг. Туршилтын байдлаар эхэлж бэлгийн хавьталд орж буй тухайн хүү, охины хувьд хэн нэгэн нь өөртөө хангалттай хэмжээний мэдлэгтэй бол өөрийгөө хамгаалах үүднээс бэлгэвч хэрэглэх гэх мэтээр ярилцах ёстой байтал ичих нь их байдаг. Хамтрагчтайгаа бэлгийн харьцаанд орохдоо энэ талаар ярьж чадахгүй маш их ичиж эмээдэг, санаа нь зовдог. Бэлгэвч гэдгийг мэддэг, учрыг нь ч ойлгодог ч наанаа хэлж чаддаггүй.
Манайд ирсэн нэг хүүгийн түүхийг ярьж өгье л дөө. Хүү маань 16 настай, найз охин нь 17-той. Үерхээд жил гаран болж буй тэдний хувьд бэлгийн харьцаанд санамсаргүйгээр орсон гэж байгаа юм. Зуны амралтаараа уулзаад нэгнийдээ очоод кино үзсэн. Кино үзэж байхдаа үнсэлцэж эхэлсэн, тэгээд нэг л мэдэхэд бэлгийн харьцаанд орчихсон байсан. Тэр үедээ найз хөвгүүн нь маш их айдас төрсөн гэж сүүлд ярьсан. Бэлгийн харьцаанд орсноос хойшх 3 дахь хоногоосоо найз хөвгүүнийх нь бэлэг эрхтнээс хэвийн бус зүйл ялгарч, шээж чадахгүй болох гэх мэт зовиур илэрч эхэлж. Тэгээд ээж, аав, гэр бүлийнхнийхээ алинд ч хэлэлгүйгээр шууд эмийн сан руу очсон. Эмийн санчид зовиураа хэлээд эм авах гэхэд нь эмийн санч нь ингэж хамаагүй дур мэдэн эм уухгүй шүү гэдгийг анхааруулаад манай эмнэлгийг зааж өгсөн байгаа юм. Тэгээд манай зөвлөгөө өгдөг утсыг хэлж өгсөн. Өнөө хүү маань манай утсаар ярьж зөвлөгөө аваад, эмнэлэгт ирж шинжилгээ өгөхөд заг хүйтэн өвчин авчээ гэдэг нь илэрсэн. Ингээд бидний зүгээс түүнтэй ярилцаж асуухад анх удаа найз охинтойгоо санаандгүйгээр бэлгийн хавьталд орсон гэдгээ хэлсэн. Найз охиноо заавал дагуулж ирээрэй гэж захиад явуулахад найз охин нь манайд ирэхээс олон удаа татгалзсан. Тухайн хүүд эмчилгээ хийсж эхэлснээс хойш бараг сарын дараа найз охин нь ирсэн. Ганцаарчлан ярихад “Би өмнө нь бэлгийн хавьталд санамсаргүйгээр орсон. Гэртээ ганцаараа байхад хажуу айлын ах орж ирээд намайг оролдож байгаад хүчирхийлсэн. Тэр үедээ би анхны удаа бэлгийн хавьталд орсон хүнд БЗХӨ тусдаггүй гэж бодсон. Тэгтэл би өвчин авчихсан байсан” гэж хэлсэн. Энэ охины хэлсэн үгнээс нэг юм харагдаж буй нь эцэг, эхийн хараа хяналт чухал байгаа нь илэрч байгаа юм. Монгол зан заншлаараа бид нэгэндээ итгэдэг. Хөршдөө хүүхдээ захидаг, өглөө оройд эргэж байгаарай гэх мэт байдлаар итгэл хүлээлгэдэг. Гэтэл тэр итгэлийн нөгөө талд хэн нэгэн хүүхдийг чинь том хүний нүдээр харж байна. Энэ нь эцэг эхчүүдийн өөрсдийн ухамсар чухал.
Эцэг эхчүүдийн зүгээс юу хийх хэрэгтэй, хүүхдүүдтэйгээ харьцахдаа юунд анхаарах ёстой бол?
Хүний хөгжил эрт эхэлдэг болжээ. 9 настайгаас нь охидын хөх ургаж эхэлж, 11-12 настай охидын сарын тэмдэг ирдэг болж байна. Хөвгүүдэд 12-13 наснаас нойтон зүүд үзэгддэг болж. Тэгтэл эцэг эхчүүд 15-16 настай хүүхдүүдээ хүүхэд гэж харж байхад миний хүү, миний охин гэж харж байтал хүүхдүүд нь бэлгийн харьцаанд ороход бэлэн болчихсон явж байдаг. Тийм болохоор ядаж өөрсдөө хэлж чадахгүй бол хэрэгтэй мэдээллийг нь ширээн дээрээ, ариун цэврийн өрөөндөө ч юмуу гарт ойр газарт нь байрлуулж өгөөрэй. Хүүхдийн чинь хамгийн их үзэх дуртай кино, унших дуртай ном юу байна асууж, сонирхдог зүйлсийг нь лавлаж байгаарай. Үнэндээ эцэг эхчүүд хүүхдийнхээ юу сонирхдог болохыг мэддэггүй, асуухгүй атлаа тулган шаардах нь их байдаг. Энэ нь нөгөө талаараа хүүхдэд маань сэтгэлзүйн дарамт үүсгэдэг. Эргээд хүүхдүүд сэтгэлзүйн дарамтаасаа гарахын тулд найз нөхөдтэйгээ жаахан ч гэсэн сэтгэлээ амраая гэж бодож буруу зүйл руу буюу хорт зуршилтай болдог. Чи нэг тамхи татаад үз дээ, тайвширдаг юм гэж хэлсэн найзын ятгалга давхар явдаг. Нэг удаа, хоёр удаа гэсээр дахин давтан хэрэглэдэг болдог. Нөгөө талаар хүүхэд маань дугуйлан секцэнд явдаг гэдэг. Таны хүүхэд үнэхээр түүндээ явж байна уу? Гэдгийг лавлаад хааяа ч болов багш руу нь залгаж асуу л даа. Ангийнх нь багштай уулзаж амждаггүй юм гэхэд утсаар яриад миний хүүхэд хичээлдээ хэр байна гэдгийг асуугаад үз. Ямар нэгэн эрсдэлт зан үйлд оролцсон, БЗХӨ авсных нь дараа ч юмуу уулзаж ярилцахад –Би ээж, аавтайгаа ярилцахыг маш их хүсч байсан. Харин тэд надтай шууд үг сөрж ярьдаг. Чи юу мэддэг юм. Чиний насан дээр болоогүй, цаашаа бай гэдэг. Бэлгэ эрхтэн гэж ярих л юм бол пүү паа гээд хаалттай болчихдог гэж хэлцгээж байсан. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бэлгийн ариун цэврийн талаар яриад эхлэх хэрэгтэй. Миний хүү, миний охин өсвөр нас гэдэг бол хүүхэд наснаас том хүн болох завсрын үед маш их шүүрэл ялгардаг. Ядаж л шингэн юм их ялгардаг болдог шүү. Тийм болохоор хувийн ариун цэврийн алчууртай байх хэрэгтэй. Бэлгэ эрхтнээ өглөө, оройд угааж заншаарай гэхчилэн хэлээд явах нь шүдээ байнга угааж байгаарай гэдэг шиг хэлээд өгөхөд хүүхэдтэйгээ цааш илэн далангүй ярилцах гүүр тавигдана.
Багш, сурган хүмүүжүүлэгчдэд юу гэж зөвлөх вэ?
Миний хувьд хүүхдүүдтэйгээ хамтарч, тэднийхээ дуу хоолойг сонсож буйн хувьд дан ганц эцэг, эх ч гэлтгүй анги даасан багш нар ч хүүхдийн амьдралд чухал гэдгийг хэлэх байна. Энэ 10-16 насны бэлгийн бойжилт явагдаж буй насанд багш бол миний ангийн тэр, сэтгэлзүйн хувьд ямар билээ (бэлгийн бойжилт гэдэг ганц бие физиологийн хувьд яригдахгүй, бие болон сэтгэлзүй, дээрээс нь нийгмийн хэрэгцээ ч өөрчлөгддөг). Багш маань үндсэн хэрэгцээг хүүхэддээ тааруулаад хөвгүүд охидоор нь хааяа ч болов аминчхан, дотно яриа бүлгийн ярилцлага уулзалт хийж, магадгүй хөвгүүд охидоор нь хамтатган уулзалт хийдэг бол хүүхэд бүр дор дороо тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болчихно. Энэ нь улс эх орондоо оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт болно. Бид ирээдүйд БЗХӨ гэхээс илүүтэй үр хүүхэд, ирээдүй хойч минь алга болчих вий гэж айж байгаа шүү дээ. Магадгүй бид энд ингээд сууж байгаа ч тэр хүүхэд бүр 10, 20 жилийн дараа эцэг эх болох нь хорвоогийн жам ёс шүү дээ. Тэр жам ёсонд манайд бол өсвөр насны хүүхдийн эргэн тойронд байгаа бүхий л насанд хүрэгчид нөлөөлж байна. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч байсан ч, сургуулийн захирал байсан ч, наад зах нь өрхийн эмч байсан ч бүгд л энэ хүү, охин чинь өсвөр насны хүүхэд шүү дээ гэж бодож үзлэг хийдэг, зөвлөгөө өгдөг, чин сэтгэлээсдээ ханддаг байх нь чухал. Энэ бүгд л дутагсанаас өсвөр үеийнхэн минь хэн нэгэн хүнийг орлуулах юмыг хайж, хорт зуршил гээд байгаа архи, тамхины хэрэглээнд ороод байгаа юм болов уу гэж бодож байна.
Танай эмнэлгийн зүгээс зөвлөгөө өгөх утас ажиллуулдаг. Утсаар холбогдож байгаа хүүхдүүд ямар төрлийн зөвлөгөөг илүүтэй авч байна вэ?
Манайх 2017 оны есдүгээр сараас эхлэн анх 70150063 энгийн тариф бодогддог дугаараар зөвлөгөө өгдөг байсан. Энэ дугаараараа жил орчим зөвлөгөө өгч хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдэд ч зөвлөгөө өгдөг болсон. Утсаа бид нар хөгжүүлэхийн тулд FM104.5-тай хамтарч ажилладаг, тус радиогоор дамжуулан зөвлөгөө хүргэдэг болсноор илүү олон хүнд хүрсэн. Өнгөрсөн нэгдүгээр сараас тусгай дугаартай болж өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн болон бусад тулгамдсан асуудлаар эмч нар, мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгдөггүй юм байна, нийслэлийн 9 дүүрэг бүү хэл улсын хэмжээнд ч ийм төрлийн зөвлөгөө өгөх утас байдаггүй юм байна гэсэн үүднээс олон улсын санхүүжилтээр 1900-1063 гэсэн шинэ тусгай дугаартай болсон. Утсан дээр үерхэл нөхөрлөл, харилцааны асуудал, бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн талаар тулгарч буй асуудал, батгашилт, бэлгийн харьцаа, сэтгэлзүйн зөвлөгөөг утсаар нээлттэй өгч байна. Зөвлөгөө өгөх утасны минь гол онцлог нь утасны цаадах хүний нууцлал өндөр, тухайн хүний нэр хаяг чухал биш ямар чиглэлээр зөвлөгөө авах гэж буйд анхаарлаа илүү хандуулдаг. Ийм учраас хүүхдүүд минь бидэнд илүү итгэж, илүү ихээр ханддаг болсон. Зөвлөгөө өгөх утас маань суурин утасны тарифаар ярьдаг нь бас нэг онцлог. Учир нь өсвөр насны хүүхдүүд маань санхүүгийн хувьд эцэг эхээс бүрэн хамааралтай байдаг нь тусгай дугаарын утсанд холбогдож зөвлөгөө авахад бэрхшээл үүсдэг. Утасны дуудлагын зэрэгцээ өөрсдийн фэйсбүүк хуудaсны чатаар дамжуулан зөвлөгөөгөө давхар өгдөг. Энэ чат маань 24 цагийн турш нээлттэй байдаг.
Эцэг эхчүүдийн хувьд бэлгийн боловсролын чиглэлээр хүүхдүүдтэйгээ харилцахдаа бага наснаас нь эхлэвэл зүгээр гэдэг?
Хамгийн энгийнээр өсвөр насанд ороход нь биш таны хүүхэд 2 нас хүрлээ л бол хүүхэддээ анхаарах ёстой. Учир нь энэ насны хүүхэд гаднаас хэн юу гэж хэлж байгааг маш сайн ойлгож хүлээн авдаг болсон байдаг. Хоёр наснаас нь эхлэн хүүхдийнхээ хувийн ариун цэвэрт илүү анхаарч эхэлдэгтэй адил миний хүү, охин ариун цэврийн цаасаараа зөв арчиж байгаарай, хөвгүүдийнхээ төмсөг хоёр байна уу, тээрхий арьсыг нь шалгаж байх гэхчилэн энэ наснаас нь анхаарч эхлэх ёстой олон зүйл байдаг. Хүүхэд ажиглалтын нас бол 7 нас хүртэл байдаг. Хүүхдийг 7 нас хүртэл нь ажиглаж, хувийн ариун цэврээ зөв, сайн сахидаг болгож өгөх, энэ хүртэл хүүхдийн бэлгэ эрхтэнд ямар нэгэн өөрчлөлттэй, хэвийн бус зүйл ажиглагдаж байна уу гэхчилэн анхаарч, хэвийн бус гэж бодсон зүйл ажиглагдах бүрт мэргэжлийн эмчид тухай бүрт нь хандаж байх хэрэгтэй. Өөрт нь бэлгийн бойжилт эхлэх шинж тэмдэг илрэх энэ үеэс хүүхэд өөрийгөө арчлаад эхнээс нь заасан дадлаараа цэвэрч байж чаддаг. Бидний хувьд хожимдсон хойно тусламж үзүүлж байгаа учир урьдаж хүүхдээ бэлтгээчээ гэж хэлмээр байна.
Цэцэрлэгийн насанд багш сурган хүмүүжүүлэгчид 00 цаасыг зөв арчуулж сургамаар байна. Өөрөө арчиж сур гэж загнах биш миний хүү 2-3 давхар цаасаар хойш чиглэлдэ 3 удаа арчих ёстой гээд заагаад өгчих хэрэгтэй. Мөн бие зассаны дараа гараа заавал угааж хэвшүүлэх хэрэгтэй. Гар гэдэг хүний бүх л халдвар тээгч хүчин зүйл. Тийм ч учраас цэцэрлэгт нь зөв ойлгуулбал гэртээ ч энэ зөв хэвшлээрээ байна. Тэгэхээр ээж аавууд ялангуяа залуу ээж аавууд хүүхдээ хайрлаж байна гээд хүүхдээ 7-8 нас хүртэл нь хажуудаа унтуулдаг. Хамгийн их халдвар тээгч бол ээж, аавууд байдаг. Шөнийн цагаан ор хөнжлийн даавуугаар дамжуулан нян паразитыг хүүхэддээ халдаадаг. Иймээс болж өгвөл 2 наснаас нь хойш хүүхдээ тусад нь унтуулж сургаач ээ, магадгүй тусад нь унтуулж чаддаггүй юм бол ор хөнжлийн даавууг нь тусад нь байлгаж, усанд ордог ванн, гар нүүрийн алчуурыг нь ч тусад нь гаргаж өгөх хэрэгтэй. Усанд орууллаа гэхэд бие, бэлгэ эрхтнийх нь алчуур тус тусдаа байх ёстой. Энэ нь нян бактерийг халдаахгүй байх гол хүчин зүйл. Яагаа ч үгүй 6-тай, 8-9 настай охид цагаан юм гараад, сүүлдээ өнгөтэй, үнэртэй боллоо, элдэв зовиур мэдрэгдлээ гэдэг бол хамгийн наад захын тэр ваннын алчуураас халдвар авч буйн илрэл гэж хэлж болно.
Ариун цэврийн цаас сонгох асуудал дээр бид чухалчилж ярьдаг. Үнэндээ ямар ч ариун цэврийн цаас хэрэглэж болно. Хамгийн гол нь өтгөнөөр бие зассаны дараа 2-3 удаа урдаас хойш чиглэлд арчиж байх, мөн гараа заавал угааж хэвших ёстой. Энэ мэт энгийн санагдахуйц зөвлөгөө зөвлөмжийг хүүхэддээ хэвшүүлж сургах нь эрсдэлгүй амьдрах боломж гэж үздэг.
Эх сурвалж: Eagle.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан