Эрдэм шинжилгээний “The Lancet” сэтгүүлийн газраас дэлхийн улс орнуудын иргэдийн хөгшрөлтийн талаар судалгаа явуулжээ. Судалгаагаар монголчууд бусад орны хүмүүсээс эрт өвчин тусдаг нь тогтоогджээ.
Хөгжилтэй орнуудад иргэд нь 76 настайдаа “нас ахиж” байгаагаа мэдэрч эхлэдэг бол манай улсад дөнгөж 55 наснаасаа гэнэ.
Энэ судалгаа нь дундаж наслалтыг харьцуулах биш харин хөгшрөлтийн өвчинд хэд орчим насандаа нэрвэгдэж эхлэдэг вэ гэдгийг тогтоосон судалгаа юм. Судалгаанд Паркинсоны өвчин, Альцхаймерын өвчин зэрэг нийт 92 өвчин, цус харвалт, зүрх судасны өвчинг хамруулж, дэлхийн 192 оронд 27 жилийн турш явуулсан шинжилгээг харгалзан үзсэн байна.
Дэлхий нийтийн хэмжээнд хөгшрөх дундаж нас 65 байгаа ч Швейцарь, Япон, Сингапур, Франц улсуудад иргэд нь 76 настайдаа л өөрийгөө хөгширлөө гэж мэдэрч эхлэдэг байна. Харин Украинд 57, Молдавд 58, ОХУ-д 59, Румынд 61 настайдаа 65 настай мэт хөгширч, өвчин тусдаг гэнэ.
Монголд бол 55 настайгаас нь хөгшрөлтийн өвчин илэрч эхлэдэг гэжээ.
Папуа Шинэ Гвинейд 45, Афганистанд хүмүүс 51 нас хүрэхэд хэдийнэ 65 нас хүрсэн мэт хөгширсөн байдаг гэсэн дүн гарсан байна.