2019 он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний нийт таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс хачигт энцефалитын нэг тохиолдол өвчлөл тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Иймд хачгаар дамжих өвчний тухай Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг. Хачигт энцефалит өвчин нь вирусээр үүсгэгддэг, эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг. Манай орны найман аймаг 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн. Харин Улаанбаатар хот орчим хачигт энцефалитийн голомт бүртгэгдээгүй байна.
Хачигт боррелиоз өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Эмнэл зүйн хувьд толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, биен дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг.
Хачигт риккетсиоз өвчин нь риккетсигээр үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь 12 аймаг, 53 сум, нийслэлийн 5 дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн байна.