Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулах юм.
Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг Монголд анхлан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийж эхэлснээс хойш гурван сарын дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийжээ.
НААГ нь БНСУ-ын RF Medical төвтэйхамтарсан сургалтыг 2018 онд НААГ-т хоёр удаа хийж 48 эмч, БНСУ-д 2018 онд хоёр эмч, 2019 онд таван эмчийг тус тус сургасан байна.
“Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлсэн нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг хоёрдугаар сарын 12-14-ны өдрүүдэд НААГ-т зохион байгуулж, БНСУ-ын RF Medical төвийндэд захирал Robert Yoo, мэргэжилтэн Nuri Park болон П.Бат-Ирээдүй, Кореа фарм ХХК-ы захирал Б.Бурмаа, Гоодаль эмнэлгийн захирал Ч.Батмөнх нартай хамтран ажиллажээ. Сургалтанд НААГ, ЭХЭМҮТ, НХАГ,Unimed, Орхон аймгийн Медипасзэрэг эмнэлгүүдээс 15 эмч оролцсон байна.
Түүнчлэн хоёр орны эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нарын хамтарсан баг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг долоон үйлчлүүлэгчдэд амжилттай хийжээ. Уг эмчилгээнд НААГ-ын дарга Ц.Батболд, их эмч Л.Долгоржав, Б.Даваацэцэг, Б.Байгалмаа, Б.Хишигдаваа, мэдээгүйжүүлгийн эмч Б.Болортайван, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа,туслах сувилагч Р.Юмжирдулам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж инженер Д.Пүрэвхүү, Д.Гомбодорж нар, БНСУ-ын RF Medical төвийн эмч мэргэжилтэн П.Бат-Ирээдүй нар оролцсон байна. Цаашид энэхүү эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Х.Хулан