Ес эхэлж, хүйтний эрч чангарсантай холбогдуулан амьсгалын замын цочмог халдвар буюу томуугийн өвчлөл эрс нэмэгдэж байна. Тэр дундаа бага насны хүүхдүүд үүнд их өртөж, нийслэлийн эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 6.2 хувийг томуугийн өвчлөл эзэлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.9, сүүлийн гурван жилийн дунджаас 2.2 хувиар бага үзүүлэлт аж. Хэдийгээр үзлэгийн хувь, хэмжээ бага байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо их байна. Тухайлбал. хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 50-60 тохиолдлоор олоь байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Томуу томуу төст өвчний нөхцөг байдал болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасгийн их эмч нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн 10 хоногт улирлын томуу үүсгэгч А хүрээний Н1N1 вирус дэгдэж байгааг мэдээллийн эхэнд онцоллоо. Энэ вирус нь хүндрэл ихтэй, бага насны хүүхэд туссан тохиолдолд уушгины хатгалгаа болох эрсдэлтэй гэнэ. Энэ сарын 2-7-нд уг вирусээр өвчилж, эмнэлэгт хэвтэгсдийн тоо нэмэгджээ. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69.4 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан яамны зүгээс ч нэмэгдэл ор гаргажээ. Тодруулбал, нийслэлийн эмнэлгүүдэд 419 ор нэмэлтээр гаргаж одоогоор амьсгалын замын өвчтэй 1400 орчим хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.
Мөн улирлын томуутай холбогдуулан ДЭМБ-д хүсэлт тавьж 1200 хүн тун хүүхдийн, 500 хүн тун том хүний вакцин авч буй аж. Одоогоор ХӨСҮТ-ийн нөөцөнд байсан 500 хүн тун вакциныг хүүхдийн эмнэлгүүдэд хуваарилаад байна. Энэ вакциныг нэг хүртэлх насны хүүхдэд хэрэглэж болохгүй. Нэгээс дээш насныхан болон насанд хүрэгчдэд эмчийн заавраар урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэнэ гэдгийг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл анхаарууллаа. Тэрбээр “Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачаалал хамгийн их байна. Учир нь, хүн ам ихтэй. Жил бүр дэгддэг улирлын томуугийн өвчлөлийг нэмэгдүүлж байгаа нэг хүчин зүйл нь агаарын бохирдол. Тиймээс амны хаалт зүүхийг зөвлөе. Мөн эмнэлгүүдийн эм, тариа дууссан гэх мэдээлэл гарч байна. Үүнтэй холбогдуулан тайлбар хэлэхэд эмнэлгүүдийн эм, тариа дутагдсан зүйл байхгүй, хүрэлцээтэй байгаа. Мөн Эрүүл мэндийн сайд долоо хоног бүр дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд биечлэн ажиллаж, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг өгч байна” гэв.
38.5-ААС ДЭЭШ ХАЛУУРСАН ТОХИОЛДОЛД ЭМИЙГ 3ОХИХ ТУНГААР ӨГЧ БОЛНО
Томуу, томуу төст өвчлөл шинэ жилийн баярын дараа эрс нэмэгдсэнийг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байлаа. Энэ нь бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явсан, өөрсдөө халдвар авч хүүхдэдээ тараасан, дааруулсан, агаарт гаргаж байна гээд хөлөргөсөн, дархлаа нь сул байгаатай холбоотой аж. Тиймээс тус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЭХЭМҮТ-ийн тусламж, үйлчилгээний зохицуулагч эмч Б.Бат-Амгалан хэлэхдээ “Одоо А хүрээний Н1 N1 вирус зонхилж байгаа бөгөөд 0-2 насны хүүхдүүд их өвчилж байна. Энэ вирусээр хүүхэд өвчилсөн тохиолдолд өндөр халуурч таталт өгөх, цээж бөглөрөх, шуугих, ханиалгаж, бөгшүүлэх хүндрэлээс үүдэн эмнэлэгт хандах нь их байна. Тиймээс хүүхэд өвдсөн тохиолдолд эцэг, эхчүүд халууныг нь тогтмол хянах хэрэгтэй. 38.5-аас дээш хэмээр халуурсан тохиолдолд халуун бууруулах эмийг зохих тунгаар хэрэглэх, хувцсыг нь нимгэлж, шингэн зүйл сайн уулгах шаардлагатай. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийн газраар хүүхдээ авч явахгүй байх, амны хаалт байнга хэрэглэх, амин дэм, витаминаар баяжуулсан хүнс хэрэглэх, гэрээ агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийхэд анхаарах хэрэгтэй. Мөн хүүхэд хэт их амьсгаадаж, цээж хонхолзох, идэж ууснаа бөөлжиж гаргавал яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай” гэв.
Б.АРИУНХИШИГ: ТОМУУГИЙН ҮЕД ХАВСАРСАН ЭМГЭГГҮЙ ХҮҮХДЭД АНТИБИОТИК ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ
Сүүлийн үед олон улсын нэршил нь нэг боловч үйлдвэрлэгч байгууллагуудын өөр нэршилтэй эм олон гарах болсон. Үүнтэй холбоотойгоор хүүхдээ халуурсан үед нэг эмийг олон дахин өгөх явдал гарч байгааг ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн их эмч Б.Ариунхишиг анхааруулсан юм. Тиймээс хүүхдийг 38.5 ба түүнээс дээш хэмээр халуурвал эмчийн зөвлөснөөр халуун бууруулах эм өгөх хэрэгтэйг хэлж байлаа. Түүнчлэн томуугийн үед хавсарсан эмгэггүй хүүхдийн дархлааг дэмжсэнээр эмчилдэг тул антибиотик өгөх шаардлагагүй. Мөн томуугийн эмчилгээг 5-7 хоног хийж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу гэдгийг анхааруулж байв. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн их эмч Б.Ариунхишигээс зарим зүйлийг тодрууллаа.
-Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн энэ үед ЭХЭМҮТ-ийн ачаалал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгдэж байгаа ч гамшгийн хэмжээнд хүрээгүй. Гэхдээ өнгөрсөн шөнө /энэ сарын 7-нд шилжих/ Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 390 хүүхэд үзүүлсэн байна. Томуугийн улирлын үед хамгийн ихдээ нэг шөнө 200 гаруй хүүхэд үзүүлдэг. Хэвтэн эмчлүүлэх тасгийн ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Манай Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг гэхэд 40 ортой. Өнөөдрийн байдлаар 58 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бид нөөц боломжоороо өрөө гаргаад хүүхдүүдээ хүлээж авч байгаа.
-Хүн амын дунд томуугийн А хүрээний Н1N1 вирусийн тархалт өндөр байгааг мэдээллээ. Тус вирус нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?
-Томуугийн вирус ихсэх хандлагатай байна. Вирусийн онцлогоос хамаарч эмнэлзүйн шинж тэмдэг янз бүр байдаг. Одоо бол Н1 N1 вирус зонхилж байгаа тул хүүхэд өндөр халуурч байна. Өндөр халуурснаар таталт өгөх, өвчин хүндрэх эрсдэл дагуулдаг. Хүүхэд амьсгаадах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах ёстой. Тухайлбал, халуураагүй, уйлаагүй, хөхөөр хооллоогүй тайван байх үедээ нярай хүүхэд 60 буюу түүнээс дээш, хоёр нас хүртэлх хүүхэд 50 буюу түүнээс дээш, хоёроос дээш настай хүүхдийг 40 буюу түүнээс дээш тоогоор амьсгаадаж байвал эмчид хандах ёстой. Мөн цээж хонхолзох шинж тэмдэг илэрвэл эмчид хандана. Цээж болон хавирганы доод нумаар амьсгал дотогш татагдахыг цээж хонхолзох шинж гэж байгаа юм. Амьсгал дутагдлын шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Идэж. уухдаа муудах, бөөлжих зэрэг шинж илэрвэл өрх болон дүүргийн эмнэлэгтээ яаралтай хандах шаардлагатай.
-Эцэг, эхчүүд хүүхдээ эмнэлэгт хэвтүүлээд гарч ирээд ханиад нь эдгэсэнгүй гэх юм. Ханиадыг хэд хоног эмчилж байж бүрэн эдгэх вэ?
-Томуугийн вирусийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Эмнэлэг бол 5-7 хоног хэвтүүлж эмчлээд хурц үеийг нь дардаг. Цаана нь дахин хоёр долоо хоногийг эцэг эхчүүд анхаарч асарч сувилах ёстой. Гэтэл эцэг, эхчүүд дутуу эмчилсэн гэх яриа гаргадаг. Эмнэлгээс гаргаад өрхийн эмчийн хяналтад хүүхдээ бүрэн эмчлэх ёстой. Тухайлбал, хатгалгаа гэхэд сарын дараа бүрэн гүйцэд эдгэрдэг. Хэд хоног эм уучихаад эдгэчихлээ гэж ойлгож болохгүй. “Таны бичиж өгсөн эмийг уугаад эдгэхгүй байна, эмнэлэгт хэвтсэн мөртлөө дахиад хүндэрчихлээ” гэдэг. Тухайн хүүхдийн дархлаа сэргээгүй байгаа учраас хэвийн болохгүй. Тиймээс хүүхдийн дархлааг сэргээх, эцэг, эхийн асаргаа сувилгаа маш чухал. Томууг антибиотик хэрэглэхгүйгээр хүүхдийн дархлааг дэмжих замаар эмчилж болно.
-Хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ. Дархлааг дэмжсэнээр томуугаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Хамгийн чухал зүйл бол асаргаа сувилгаа. Хүүхдээ эрт унтуулж, амраах шаардлагатай. Орой 21.00 цагаас өмнө амрааж хэвшүүлэх хэрэгтэй. Зурагт үзэж, утас тоглоод байгаа хүүхдүүд орой унтаад, орой сэрдэг. Энэ нь дархлаанд сөргөөр нөлөөлдөг. Мөн шингэн зүйлийг хангалттай хэмжээгээр уулгах нь чухал. Ердийн үеэс 2-3 дахин илүү өгөх ёстой. Шингэн зүйл гэдэг нь ундаа биш ус, цай, хярмыг хэлж байгаа юм. Дээрээс нь өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, утаагүй үед гэр орноо агааржуулж байх ёстой. Ингэснээр хүүхдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин