Уушигны өвчлөлөөс сэргийлэх амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй

Уушги нь таван цул эрхтэний нэг бөгөөд уламжлалт анагаах ухаанд эх, хүү уушги хэмээн ангилдаг. Эх таван уушгийг дотоодын түшмэл адил, хүү таван уушгийг хааны агь хэмээн адилтган нэрлэсэн нь баруун, зүүн уушги нь чухал эрхтэн төдийгүй эмзэг амархан өвчилдөг хэмээн зүйрлэсэн байдаг. Хэрвээ ханиад томууг эмчлэхгүйгээр хүндэрвэл уушгины дагшуур ханиад, уушгины цайвар хаван, халуун бүрэлдсэн, халуун хатгалгаа, уушгинд халуун ус алдах, бүгшүүлэх, уушгины архаг, уушги дэлгэрэх, зөгийн үүртэн хэмээх уушгины 8 язгуурын өвчин үүснэ. Өнөөгийн нөхцөлд тоосжилт, утаа ихтэйгээс гадна иргэд ажил, амралтаа зохицуулдаггүй, давс хэтрүүлэн хэрэглэх болсон зэрэг буруу дэглэмээс шалтгаалж уушгины өвчлөл жил бүр нэмэгдэж байна.
Тиймээс өвчин үүсгэх нөхцлийг анхаарч, идээ унд, явдал мөрийн дэглэмийг улиралтайгаа зохицуулан дадуулвал аливаа өвчнөөс сэргийлж чадна. Намрын улиралд уушгины судал дэлгэрч улирлын эхний 72 хоногт төмөр махбодтой уушги, бүдүүн гэдэсний судал дэлгэрсэнээр уушги болоод бүдүүн гэдэсний үйл ажиллагаа идэвхжиж түрхэн зуурын шалтгаан, нөхцлийг андахгүй хямардаг. Мөн намрын улиралд гадаад орчинд хуурай халуун агаар үүсэж биеийн дотор арвидсан шарын бэлгэ чанарыг нэмэгдүүлсэнээр халдварт ханиад дэгдэж тархах нь элбэг байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд хэт их тослог, шимтэй, давслаг хоолноос татгалзах, амьдарч буй орчиндоо агаар сэлгэж, хиншүү, утаа зэргийг гаргахгүй байх, тоос шороо бохирдсон хэсгийг тогтмол цэвэрлэж хэвших, боломжтой бол ойр ойрхон цэвэр агаарт гарч амьсгалах зэрэг өдөр тутамдаа хэвшүүлэх идээ, явдал мөрийг дадуулах хэрэгтэй.
Уушгины өвчлөлөөс сэргийлэхийн тулд дараах амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй. Учир нь дээш гүйгч болон амь баригч хийн үйл ажиллагааг дэмжсэнээр уушги болоод зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх чухал ач холбогдолтой. Дээш гүйгч хийн дасгал Нэгдүгээрт, амьсгалаа сайн авч хийгээ хоолойн хүрдэнд /хоолойн хонхорт/ төвлөрүүлж барина. Амьсгалж барьсан агаараараа хоолойгоо дүүргэж, төмбийлгөнө.
Дахин амьсгалж уушгиа гүйцэт дүүргэнэ. Амьсгалаа барих зуураа, толгойгоо аажим доош нь гудайлгаж дараа нь толгойгоо цагийн зүүний эсрэг мөрөн дээгүүр, нуруун дээгүүр, нөгөө мөрөн дээгүүр, дахин доош урагш гэх мэтээр аажмаар таван удаа эргүүлнэ. Мөн дахин амьсгал авч амьсгалаа барьсан чигээрээ цагийн зүүний дагуу таван удаа эргүүлнэ. Эргэлтийг дуусгахдаа амьсгалаа гаргаж, амьсгал нь хоолойноос гол сувгаар дээш өгсөж тархиар тархаж ам болон хамраар гаргана. Хэрвээ дасгалын үед амьсгалмаар байвал богино хэмжээний амьсгал авч болно. Амь баригч хийн дасгал Амьсгал авч амьсгалаа зүрхэн хүрдэн /2 хөхний голд/ дээрээ төвлөрүүлнэ. Зүрхний хүрдэн дээрээ анхаарлаа төвлөрүүлэх зуур дахин цээж дүүрэн амьсгална. Дасгалын туршид амьсгалаа түгжинэ.
Зүүн гараа зүүн ташаан дээр тавьж, баруун гарынхаа хуруунуудыг чигээр нь тэнийлгэж гараа өргөнө. Амьсгалаа барьж, гараа эрхий хуруун дээгүүр бусад хуруунууд давхарлан сул зангидсан нударга мэт байрлуулж гараа урагш нь хөдөлгөнө. Толгой дээрээ гараараа тойрог зурна. /Толгой дээрээ бугуйл эргүүлэх мэт хөдөлгөөн хийх/. Гараа толгой дээрээ хөдөлгөж эхлэхэд хуруунуудаа долоовор хуруунаас эхлэн тэнийлгэнэ. Гараа буцааж дахин эргүүлээд дараа нь гараа хуруунууд нь тэнийсэн байдлаар хажуу тийш нь болгож дасгал эхлэхэд байсан байрлалд эргэж очно. Үүнийг 5 удаа хийгээд дээрхийн эсрэг чиглэлд 5 удаа хийнэ.
Гараа эргүүлэх үедээ цээжээ сайтар түхийлгэж цээж болон нурууныхаа бүх булчинг оролцуулна. Гараа хажуу тийш тэнийлгэсэн байх үед мөр гарны чигт бүрэн тэнийсэн байх ёстой. Гар биеийн урд болон дараа нь толгой дээр хөдлөхөд, тохойгоо гүйцэд тэнийлгэсэн байх бөгөөд мөрөө хавчиж болохгүй. Амьсгалаа урьд адил барьж байх үедээ зүүн гараа доош буулгаж дүүн ташаагаа тулна. Хуруунууд урагш эрхий хуруу арагш хандсан байдлаар хоёр ташаагаа тулж цээжээ эргүүлнэ. Цээжээ газартай аль болох тэгш хэмтэйгээр нэг чигт доош, баруун, дээш, зүүн, доош таван удаа, нөгөө чигт таван удаа эргүүлнэ. Хөдөлгөөний аль болох цар хүрээтэй хийхийн тулд цээж болон нурууныхаа булчинг аль болохоор оролцууна. Зүрхний төв эргэлдэж өөрийн чинь бие хялбархнаар даган хөдөлж байгаа мэтээр мэдэрч төсөөлнө. Арван эргэлтийг дууссаны дараа ам болон хамраараа амьсгалаа гаргаж бүх биеэр тархааж буй мэтээр төсөөлөн тайван сууна.
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан