Тогтвортой хооллолт
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас /FAO- Food and Agricultural Organization of the United Nations/ гаргасан мэдээгээр дэлхий даяар нийт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг хэсэг буюу 1 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний үнийн дүнтэй бүтээгдэхүүн хүнс үйлдвэрлэх ба хэрэглэх явцад хаягддаг байна. Хүнсний хаягдал нь хураалт, үйлдвэрлэл, түгээлтийн гэсэн үйлдвэрлэлийн дамжлагуудад дийлэнх хэсэг нь хорогддог бол жижиглэн худалдаа ба хүнсний хэрэглээний үед ч их хэмжээгээр хаягддаг байна. Европ, Хойд Америкийн орнуудад нэг хүнд ногдох хүнсний хаягдлын хэмжээ жилд 95-115 кг байхад Африк, зүүн өмнөд Азийн орнуудад жилд 6-11 кг байна.
2050 онд дэлхийн нийт хүн ам 7 тэрбумаас 9 тэрбум хүрэх хандлагатай байгаа ба одооноос эхлэн хүн бүр дор бүртээ хүнсний хаягдалгүй байхад анхаарахгүй бол ирээдүйд өлсгөлөнгийн аюул заналхийлж байна.
Дэлхий нийтээр тогтвортой хооллолт буюу байгаль орчинд ээлтэй, хог хаягдал багатайгаар хооллоход анхаарал хандуулж олон улсын хурал, хэлэлцүүлэг зохион байгуулан ард иргэд, бодлого тодорхойлогчдод чиглэсэн зөвлөмж, мэдээллийг түгээсээр байна. Энэхүү ажлын хүрээнд хөтлөн явуулдаг /www.thinkeatsave.org/ цахим хуудаснаас дараах зөвлөмжийг гаргажээ.
Хэрэглэгчдэд
- Ухаалгаар хүнсээ цуглуулах. Хоол, хүнсээ төлөвлөж жагсаалт гаргахын зэрэгцээ хэт их худалдан авалтаас зайлсхийж, таныг худалдан авахыг уриалсан зар сурталчилгаанд автахгүй байх
- Хачин хэлбэртэй жимс ногоог худалдаж авах. Хэлбэр, хэмжээ, өнгө нь өөрчлөлттэйн улмаас их хэмжээний ногоо, жимснүүд хаягддаг. Зөгийн тоос хүртээлтбайхгүйн улмаас эдгээр жимс, ногоонуудын хэлбэр өөрчлөгддөг байна.
- Хугацаа дуусах гэдгийг ойлгох. “Best-before” буюу тухайн өдрөөс өмнө ашиглавал сайн гэсэн утгатайг бид тухайн өдрөөс хойш ашиглаж болохгүй гэж ойлгох нь ташаа ойлголт юм. Энэхүү заасан хугацаанд бүтээгдэхүүний чанар хамгийн сайн байх ба тус хугацаанаас хойш ихэнх хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд ашиглах боломжтой гэдгийг илтгэдэг байна. Харин “use by” гэсэн хугацаа нь тухайн хүнсний бүтээгдэхүүнийг заасан хугацаанд хэрэглэх ба хэрэглэхгүй бол хөлдөөж болох эсэхийг нь шалгах хэрэгтэй.
- Хөргөгчөө хаягдалгүй байлгах. www.lovefoodhatewaste.comцахим хуудсанд хоол хүнсийг хаягдалгүйгээр ашиглах аргууд, хоолны жорууд байдаг байна.
- Бусад хэрэгжүүлэх арга хэмжээ: хоол хүнсийг хөлдөөх; хоол хүнсийг зааврын дагуу хадгалах; зоогийн газруудад бага хэмжээгээр таваглахыг хүсэх; гэрт, зоогийн газруудад аль алинд нь хоолны үлдэгдэлгүй хооллох.
Жижиглэн худалдаачид, зоогийн газруудад
- Жижиглэн худалдаачид хог хаягдлын аудит хийж хаягдал их гарч байгаа хэсгүүдэд шинжилгээ хийн хаягдлаа бууруулахын тулд нийлүүлэгчидтэйгээ тохиролцох, хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүнүүдээ хямралтайгаар худалдаалах, хаяг шошгыг стандартын дагуу болгож хоол хүнсээ хандивлах боломжтой.
- Зоогийн газар, уушийнгазар, зочид буудлууд хоолны цэсний сонголтыг цөөлөх, уян хатан сонголтыг бий болгох гэжээ.
Тогтвортой хооллолт нь байгалийн нөөцийн зохистой ашиглалтад гол нөлөөтэй тул нийслэлчүүд та бүхнийг тогтвортой хооллолтын зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгохыг уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар