Нийгмийн стресс, бухимдал харвалт, шигдээсэнд хүргэж байна

Нийгмийн стресс, бухимдал харвалт, шигдээсэнд хүргэж байна

 

Монголчуудын эрүүл мэнд жил ирэх тусам доройтож, хүүхэд, хөгшид, дундаж насныхан гэлтгүй нийтээрээ шахам “өвчний үүр” болж буйг эмч нар харамсан, халаглан ярих боллоо. Агаар, орчны бохирдол, хоол хүнсний аюулгүй байдал, амьдралын буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчлөл “дууны хурдаар” нэмэгдэж байна. Ялангуяа урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх боломжтой, хүн амын зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шууд шалтгаалдаг халдварт бус өвчин зонхилж буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд дурджээ. Үүнээс шалтгаалсан нас баралт ч нэмэгдсээр байгааг хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд “хэлэх” боллоо.

Халдварт бус өвчний тэргүүлэх шалтгаанд хоол боловсруулах, амьсгал, зүрх, судас, шээс, бэлгийн тогтолцооны өвчин орж, архаг хэлбэрт шилжин, хожуу үед оношлогдон, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ авч буй нь салбарын санхүүжилтэд ч дарамт учруулах хэмжээнд хүрснийг дээрх судалгаанд дурдсан байв. Өнгөрсөн жил улсын хэмжээнд хүн амын өвчлөлийн 3.8 сая тохиолдол (давхардсан тоогоор) бүртгэгдэн, 2014 оныхоос 1.5 саяар, өмнөх оныхоос 237.8 мянгаар нэмэгдсэн аж. 2023 онд зүрх, судасны тогтолцооны өвчин гэхэд л Улаанбаатарт 10 мянган хүн тутамд 1326, орон нутагт 1423 оношлогдсон нь өмнөх жилийнхээсээ 119.9-өөр нэмэгдсэн үзүүлэлт гэсэн.

Халдварт бус өвчний дотор зүрх, судас, тархи, нуруу нугасны мэс засал жил бүр нэмэгдэж байгааг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн хэлсэн. Тухайлбал, тус эмнэлэгт 2014 онд тархи, нуруу нугас, мэдрэлийн 500 гаруй мэс засал хийдэг байж. Харин өнөөдөр эл тоо дөрөв дахин нэмэгдэж, жилд дунджаар 2000 гаруй ийм хагалгаа хийдэг болжээ. Хүн амын тоо нэмэгдсэн, өвчлөл ихэссэн зэрэг нь мэс заслын тоог олшруулах үндсэн шалтгаан болж буй гэнэ. УГТЭ-ийн хамгийн ачаалалтай, хүлээгдэлтэй өөр нэг тусламж, үйлчилгээ нь зүрх, тархины судсан дотуурх мэс засал гэсэн. Жилд дунджаар 3500-3600 хүнд уг мэс заслыг хийдэг юм байна. Тус эмнэлгийнхэн жилд нийт 8000-8500 хүнд үндсэн мэс заслын тусламж үзүүлдэг аж.

УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын албаны эрхлэгч Л.Аваажигмэд “Манай эмнэлэг 70 жилийн түүхтэй. Мэдрэлийн мэс заслын албыг үүсгэн байгуулаад 58 жил болжээ. Улсын хэмжээний энэ төрлийн тусламж, үйлчилгээний 80-аас дээш хувийг УГТЭ-т үзүүлдэг. Хэдийгээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэгт Мэдрэлийн мэс заслын тасаг нээсэн ч манай ачаалал хэвээрээ л байна. Тархи, нуруу нугасны мэс заслын тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн өвчин нэмэгдэж байгаа гэсэн үг. Тиймдээ ч сүүлийн 10 жилд манай албыг өргөжүүлэх, салбарын яамнаас Мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэх үндэсний албыг УГТЭ-т төвлөрүүлсэн. Үүний хүрээнд багагүй хөрөнгө оруулалт ч хийлээ. 7.7 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжүүдээ шинэчилсэн. Мэс заслын өрөөнүүдээ олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор 2023, 2024 онд хагалгааны дараах өрөөнүүдээ бүрэн вакумжуулсан” гэсэн юм.

Гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын албаныхан тархины цус харвалттай, нуруу, нугасны хавдар, эмгэгээс болж саажсан, өвдсөн хүмүүст олон улсын жишгийн дагуу тусламж, үйлчилгээ цаг алдалгүй үзүүлдэг. Өмнө хэлсэнчлэн хүн амын тоо нэмэгдсэн, амьдрал ахуй, нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор өвчлөлийн давтамж нэмэгдэж буйг тус эмнэлгийнхэн тодотгосон. Нөгөө талаас оношилгоо сайжирч, өмнө нь илрүүлж чаддаггүй байсан өвчнүүдээ хүртэл эрт үед нь “барьж авдаг” болсон. Үүнтэй холбоотойгоор ерөнхий мэс заслын тасгийнх нь ачаалал хэд дахин нэмэгдсэн гэнэ.

Гадаадад эмчлүүлэгсдийн 30 орчим хувь нь тархи, нуруу нугасны хавдрын хагалгаа, эмчилгээтэй холбоотойгоор харь орныг зорьдог гэсэн судалгаа бий. Харин энэ оны эхээр манай улс тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стероетактик туяаны мэс заслын эмчилгээг нэвтрүүлсэн билээ. Ингэснээр Монголд эмчилдэггүй өвчний жагсаалтад багтсан тархи, нуруу нугасны болон толгой, хүзүүний дахисан хавдрын үеийн стероетактик туяаны эмчилгээг эмч нар эх орондоо хийдэг болжээ. Мөн тархи, нуруу нугасны гүний төвөгтэй байрлалтай хавдар, эмгэгийг Монголдоо эмчилдэг болсон юм байна.

Тархи, нуруу нугасны хавдар нь элэг, бөөрнийх шиг түгээмэл биш ч сүүлийн үед бас л нэмэгдэх хандлагатай аж. Мэдрэлийн мэс заслын олонх нь хавдрын болон харвалт, шигдээсийн шалтгаантай гэнэ. Эмч нар тархины харвалт, зүрхний шигдээс нэмэгдэж буйн шалтгааныг нийгмийн хүчин зүйл, тэр дундаа стресс, бухимдалтай холбон тайлбарлаж байна лээ. Тухайлбал, гадаа хүйтэнд автобус хүлээгээд удаан зогсох, такси “олдохгүй” байх, хүнс, барааны үнэ нэмэгдэх, шатахуунгүй болох, цахилгаанаа хязгаарлуулах, халуун усаа “таслуулах”-д хүртэл хүн стресстдэг байна. Өдөр тутамдаа ийм бухимдалтай амьдарсаар сүүлдээ энэ нь өвчин болж, тархины судас нь нарийссаар харвалт, шигдээсэнд хүргэдгийг эмч нар анхааруулав. Нийгмийн бухимдал энэ мэт олон өвчнийг “өрдөж”, нас богиносгож байгааг иргэд, олон нийт төдийлөн мэддэггүй. Гэтэл өдөр бүр нийслэлчүүдэд тохиолддог хорт утаа, замын түгжрэл, автобусны хүрэлцээгүй байдал зэрэг нь биднийг аажмаар “идэж”, өвчлүүлсээр байдаг аж.

Улсын хэмжээнд зөвхөн амбулаториор 11-12 сая хүн жилдээ үйлчлүүлдэг гэж байгаа. 3.5-хан сая хүн амтай улсын өвчлөлийн статистик нь ийм хэмжээнд хүрснийг гамшигтай адилтгасан ч болох. Дайн дажинтай улс оронд ч иргэд нь жилд хэдэн арван мянгаараа энддэггүй шүү дээ. Харвалт, шигдээснээс өгсүүлээд зүрх, судасны тогтолцооны өвчний тархалт манайд маш их, жил бүр 10 мянган хүн тутамд 1400-1500 оношлогддог. Уг өвчний шалтгаантай нас баралт ч нэмэгдсээр байгаа.

УГТЭ мэс заслын долоон тасаг, дотор, мэдрэлийн 10, мэргэжлийн долоон төв гээд нийтдээ 40 тасаг, алба, нэгжтэйгээр, хоногийн 24 цаг, жилийн 365 хоног тасралтгүй тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа ч ачааллаа дийлдэггүйгээ учирласан. Тус эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Манайх улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг, ачаалалтай эмнэлгийн нэг. Ялангуяа зүрх, мэдрэл, тархины харвалт, зүрхний шигдээсний эмчилгээ, хагалгааны ачаалал маш өндөр. Тодруулбал, зүрх, судасны чиглэлийн 20 гаруй тусламж, үйлчилгээний ачаалал 80-аас дээш хувьтай байна гэсэн судалгаа ч гаргасан. Тиймээс дүүрэг болон орон нутгийн эмнэлгүүдийг чадавхжуулах, эмч нарыг сургах гэх мэт төвлөрлийг сааруулах бодлогоо эрчимжүүлнэ” хэмээсэн юм.

Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн сүүлийн 10 жилд 15-16 чиглэлээр оношилгоо, эмчилгээний 85 технологи нэвтрүүлсэн юм билээ. Дэвшилтэт технологийг нэвтрүүлээд орхих бус, Монголдоо нутагшуулаад, эмч нараа байнга туршлагажуулж, сургадаг талаараа ч тэд ярьсан юм. Жилд 220-230 мянган хүн тус эмнэлгээр үйлчлүүлдэг аж. Ганцхан эмнэлгийн статистик гэхэд дэндүү ачаалалтай нь харагдаж буй биз ээ.

Эмнэлгүүдийн тоног төхөөрөмж сайжирч, эмч нарын ур чадвар жил ирэх тусам дээшилж, эмчилгээний шинэ арга, технологийг нутагшуулж буй хэдий ч харамсалтай нь ард иргэдээ аюулт өвчнөөс урьчилан сэргийлэх ямар ч бодлогогүй төр засагтай юм даа, бид. Нийгмийн бухимдал, стресс багасаагүй цагт өвчнөөс сэргийлэх тухай ярих нь илүүц гэх. “Утаа шингэрч, түгжрэл бууртал ч өдий байна даа” гэж эмч нар толгой сэгсэрсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гээд байх юмгүй, урьдчилан сэргийлэх биш, эмчилж, “хагалахад” л анхаарлаа хандуулдаг “бодлого”-той улс учраас энэ тогтолцоо мөддөө зөв урсгалдаа орохгүй гэж байна лээ. Өөрөөр хэлбэл, иргэдийг амь амиа л бодож, өөрсдөө үзүүлж, хянуулж явахгүй бол энэ бохир хотод эрүүл амьдрах бараг л боломжгүй гэсэн юм.

 

https://www.unuudur.mn/a/271833

 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан