Хелико нь хоол боловсруулах замд үрждэг бактерийн төрөл бөгөөд ходоодны салстыг гэмтээж, өвчлүүлдэг. Дэлхий даяар ойролцоогоор нийт насанд хүрэгчдийн 60 орчим хувьд нь хелико бактерийн халдвар тархсан байдаг. Хэдийгээр ихэнх тохиолдолд хелико бактерийн халдвар хүндрэлд хүргэдэггүй ч ходоод, нарийн гэдэсний шархлаа үүсэх гол шалтгаан юм.
Хелико бактерийн халдварыг ихэнх хүмүүс хүүхэд насандаа авдаг. Хелико бактерийн халдвар нь ерөнхийдөө ямар нэг шинж тэмдэггүй боловч, зарим хүмүүст ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг өвчний шалтгаан болдог.
Хелико бактер ходоодны хүчиллэг орчинд дасан зохицох чадвартай. Уг бактер нь эргэн тойрныхоо хүчиллэг орчныг саармагжуулж амьд үлддэг. Мушгирсан хэлбэртэй хелико бактер ходоодны салст бүрхэвч рүү нэвтэрч, салсаар хамгаалагдаж, хүний биеийн дархлааны эс тэдэнд хүрэх бололцоогүй болно. Хелико бактер дархлааны хариу урвалд саад хийж, өөрийгөө хамгаалах чадвартай бөгөөд ингэснээр ходоодонд асуудал үүсдэг.
Хелико бактерийн халдварын шалтгаан?
Хелико бактерийн халдвар хэрхэн тархдгийг бүрэн тайлбарлах боломжгүй. Уг бактер олон мянган жилийн турш хүний биед оршсоор ирсэн. Халдвар нэг хүний амнаас нөгөөд халдварладаг гэж үзсээр ирсэн бөгөөд мөн өтгөн аманд орсноос халдварлах боломжтой. Өөрөөр хэлбэл бие зассаны дараа гараа сайтар угаагаагүйгээс халдвар авна. Мөн муудсан хоол, усаар дамжин халдварлах эрсдэлтэй.
Хелико бактер ходоодны салст бүрхэвчинд нэвтэрч, ходоодны хүчлийг саармагжуулдаг бодис ялгаруулснаас ходоодны гэдэсний өвчин үүсдэг гэж тайлбарладаг. Ингэснээр ходоодны эсүүд хүчилд тэсвэргүй болж, ходоодны хүчил, хелико бактер хамтдаа гэдэсний ханыг цочроож, ходоод болон нарийн гэдэсний эхлэл хэсэг болох 12 хуруу гэдсэнд шархлаа үүсэх нөхцлийг бүрэлдүүлнэ.
Хелико бактерийн халдвар авсан үед илрэх шинж тэмдэг?
Хелико бактерийн халдвартай ихэнх хүмүүст ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй.
Бактерийн халдварын улмаас шархлаа үүссэн тохиолдолд ходоод хоосон шөнийн цагаар, эсвэл хооллосноос хэдэн цагийн дараа хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрдэг. Өвдөлт нэлээд зовиуртай бөгөөд хэсэг хугацаанд мэдрэгдээд намддаг. Хоол идэх эсвэл ходоодны хүчил саармагжуулдаг антацид эмүүдийг хэрэглэснээр өвдөлт намдана.
Хэрэв хэвлийгээр хүчтэй өвдөж, өвчин намдахгүй байвал эмчид хандах шаардлагатай.
Хелико бактерийн халдвар авсан үед дараах шинж тэмдэг илэрч болно:
- Хэхрэх
- Гэдэс дүүрсэн мэдрэмж төрөх
- Дотор муухайрах
- Цээж хорсох
- Халуурах
- Хоолны дуршил буурах, анарокси
- Шалтгаангүй жин хасах
Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандана:
- Залгихад хүндрэл учрах
- Цус багадалт
- Өтгөн цустай гарах
Дээр дурдсан шинж тэмдгүүд бусад өвчний үед ч түгээмэл илэрдэг. Хелико бактерийн халдварын үеийн зарим шинж тэмдгүүд эрүүл хүнд ч илрэх тохиолдол бий. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд удаан хугацаанд илэрч, таны сэтгэлийг зовоож байвал эмчид хандах нь зүйтэй. Өтгөн болон бөөлжис цустэй, бараан өнгөтэй гарвал яаралтай эмчид үзүүлнэ.
Хэн хелико бактерийн халдвар авах эрсдэлтэй вэ?
Хелико бактерийн халдвараар хүүхдүүд илүү өвчлөх эрсдэлтэй. Гол шалтгаан нь ариун цэвэр хангалтгүй сахихтай холбоотой.
Халдвар авах эрсдэл нь хүрээлэн буй орчин болон амьдралын нөхцлөөс шалтгаалдаг. Дараах хүмүүс илүү өндөр эрсдэлтэй:
- Хөгжиж байгаа оронд амьдардаг
- Хелико бактерийн халдвартай бусад хүмүүстэй хамт амьдардаг
- Нэг гэрт олуулаа хамт амьдрах
- Халуун усны хангамжгүй, боловсон жорлонгүй нөхцөлд амьдрах
Ходоодны шархлаа үүсэх гол шалтгаан нь стресс, хүчиллэг хоол хүнс хэрэглэх бус хелико бактер гэдгийг тогтоосон. Хелико бактерийн халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 10 хувь нь ходоодны шархаар өвчилдөг.
Хелико бактерийн халдварыг хэрхэн оношилдог вэ?
Эмч таны эрүүл мэндийн түүх болон гэр бүлийн өвчний түүхийг асууна. Мөн хэрэглэж байгаа эм бэлдмэлийнхээ талаар эмчид үнэн зөв мэдээлэл өгөх нь чухал. Амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ч тооцох шаардлагатай. Танд ходоодны шархлааны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ибупрофен зэрэг стеройд бус үрэвслийн эсрэг эмүүдийн хэрэглээг лавлаж асууна.
Эмч онош тавихаасаа өмнө хэд хэдэн төрлийн шинжилгээ хийнэ.
Биеийн үзлэг
Үзлэгийн үеэр эмч хэвлий дээр дарж өвдөлт, хатуурал, гэдэс дүүрсэн шинж тэмдэг байгаа эсэхийг шалгана. Мөн хэвлийн хөндийг чагнаж үздэг.
Цусны шинжилгээ
Цусны шинжилгээгээр хелико бактерийн эсрэг биеийг илрүүлдэг. Лабораторийн ажилтан гарын судаснаас бага хэмжээний цус авч шинжилнэ. Цусны шинжилгээг өмнө нь хелико бактерийн эмчилгээ хийлгэж байгаагүй хүнд үзэхэд тохиромжтой.
Өтгөний шинжилгээ
Өтгөнд хелико бактер илрүүлэх шинжилгээ. Эмч танд зориулалтын ариутгасан жижиг сав өгч явуулна. Гэрийн нөхцөлд өтгөнөөсөө зааврын дагуу бага хэмжээгээр авч, уг саванд хийж, лабораторид авчирж өгнө. Өтгөн болон амьсгалаар шинжилгээ өгөхийн өмнө антибиотик зэрэг зарим эм бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлагатай байдаг.
Амьсгалын шинжилгээ
Амьсгалын шинжилгээ хийлгэхийн тулд тусгай зориулалтын бодисыг залгидаг. Хэрэв та хелико бактерийн халдвартай бол энзим ялгаруулж, залгисан бодистой урвалд орж, карбон диоксид ялгаруулснаар төхөөрөмж таньж илрүүлдэг.
Дурангийн шинжилгээ
Ходоодыг дурандах зорилгоор урт, нарийн хэлбэртэй төхөөрөмжийг амаар оруулна. Үзүүрт байрлуулсан камераар зураг авч, эмч зургийг харж, оношилдог. Зураг дээр хэвийн бус эд тодорхой харагдана. Шаардлагатай тохиолдолд эмч дурангийн хамт тусгай зориулалтын багаж оруулж, сэжиг бүхий хэсгээс эдийн шинжилгээ авч, нарийвчлан шинжлэх боломжтой.
Хелико бактерийн халдвар ямар хор уршигтай вэ?
- Хелико бактер ходоодны шархлаа үүсгэдэг. Гэвч халдвар болон шархлаа нь дараах илүү ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй:
- дотуур цус алдалт – ходоодны шархлаа цусны судсыг дайруулан задарч, төмөр дутлын цус багадалттай хавсарсан үед.
- түгжрэл – хоол ходоодноос гадагшилдаг хэсэгт түгжрэл үүсэх
- ходоодны хананд үүссэн шарх задрах
- үрэвсэл хэвлийн хөндийд тархах
Хелико бактерийн халдвартай хүмүүс ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй байдгийг судалгаагаар тогтоосон. Гэвч хэдийгээр бактерийн халдвар нь ходоодны хавдрын эрсдэлт хүчин зүйл мөн боловч, хелико бактерийн халдвар авсан ихэнх хүмүүс хавдраар өвчилдөггүй.
Хелико бактерийн халдварыг хэрхэн эмчлэх вэ?
Хэдийгээр та хелико бактерийн халдвартай боловч эрүүл мэндийн ямар нэг хүндрэлгүй, ходоодны хавдраар өвчлөх эрсдэлгүй бол эмчилгээ шаардлагагүй байж болно.
12 хуруу гэдэс, ходоодны шархлаатай хавсарсан ходоодны хавдрын шалтгаан хелико бактерийн халдвар байдаг. Хэрэв таны ойрын хамаатан садан ходоодны хорт хавдар, 12 хуруу гэдэс, ходоодны шархаар өвчилж байсан бол эмч танд эмчилгээ санал болгох өндөр магадлалтай. Эмчилгээ ходоодны шархлааг эдгээж, ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулна.
Эмийн эмчилгээ
Хелико бактерийн эмчилгээнд ихэвчлэн 2 төрлийн антибиотикийг ходоодны хүчил багасгах эмийн хамт хэрэглэдэг. Ходоодны хүчлийг саармагжуулах нь антибиотик эмийн үйлчилгээг сайжруулахад нөлөөлнө. Уг эмчилгээг гурвалсан эмчилгээ гэж нэрлэдэг.
Эмчилгээний сонголтыг таны эрүүл мэндийн түүх болон эм бэлдмэлээс харшилтай эсэхэд тулгуурлан хийнэ.
Эмчилгээний дараа үр дүнг үнэлэх зорилгоор хелико бактерийн давтан шинжилгээнд хамрагдана. Ихэнх тохиолдолд халдварыг бүрэн эмчлэхэд 1 курс антибиотик эмчилгээ хангалттай боловч шаардлагатай үед эмийг сольж, эмчилгээг үргэлжлүүлнэ.
Амьдралын хэв маяг, хооллолт
Хелико бактерийн халдвартай хүмүүс хоолны дэглэм барьснаар ходоодны шархлаа үүсэхээс урьдчилан сэргийлдэг гэсэн нотолгоо байхгүй. Гэвч халуун ногоотой хоол, архи согтууруулах ундаа, тамхи нь ходоодны шархлааг сэдрээж, бүрэн гүйцэд эмчлэгдэхэд саад учруулдаг.
Хелико бактерийн урт хугацаанд үзүүлэх нөлөө?
Хелико бактерийн халдвартай олон хүнд эрүүл мэндийн ямар нэг асуудал тулгардаггүй. Хэрэв танд шинж тэмдэг илэрч, зохих эмчилгээг хийлгэсэн бол урт хугацаанд эрсдэл гарах нь ховор. Эмчилгээ дууссанаас хойш хамгийн багадаа 4 долоо хоногийн дараа давтан шинжилгээгээр эмчилгээний үр дүнг үнэлэх хэрэгтэй. Таны нас болон эрүүл мэндийн бусад нөхцлөөс шалтгаалж эмч амьсгалын болон өтгөний шинжилгээг алийг нь хийхээ сонгодог.
Хэрэв 1 курс эмчилгээний дараа халдвар бүрэн арилаагүй байвал ходоодны шархлаа сэдэрч, цаашид ходоодны хорт хавдар үүсч болзошгүй. Гэвч хелико бактерийн халдвартай маш цөөхөн хүн ходоодны хорт хавдраар өвчилдөг. Хэрэв та ходоодны хорт хавдрын гэр бүлийн өгүүлэмжтэй бол хелико бактерийн шинжилгээнд хамрагдаж, халдвар авсан бол зохих эмчилгээг хийлгэх нь чухал.