Арваад жилийн өмнө Кентаки мужийн Луисвилл хот “дулааны арлын үзэгдэл” (UHI ) буюу суурьшлын бүсэд агаарын температур нэмэгдэх нөлөөлөлд хамгийн эрчимтэй өртөж байгаа АНУ-ын хот болж байжээ. Модтой бүс цөөн, дээр нь хувийн өмчийн үл хөдлөх хөрөнгүүдэд ой мод хамгаалах хууль тогтоомж үйлчилдэггүй байсан тус хот энэхүү базаахгүй үзүүлэлтээр толгой цохисон нь тэр.
Үүнээс хойш Луисвилл хот хэт халалт, агаарын бохирдлын эсрэг олон төрлийн ногоон шийдлийг судалжээ. Ойжуулсан бүсийг хэрхэн байгуулах, түүнийгээ хэрхэн хамгаалах, аль бүсэд хамгийн их шаардлагатайг тодорхойлох үнэлгээнүүдийг мөн хийж эхэлсэн байна. Өдгөө энэ нь хотжилтын бүсийг ойжуулах мастер төлөвлөгөө болон өргөжжээ.
2023 онд Конгрессийн Инфляцыг бууруулах тухай хуулийн хүрээнд Луисвиллийн тохижилт муутай хорооллуудад олон мянган мод тарих төсөлд АНУ-ын Засгийн газраас 12.6 сая ам.долларын мөнгөн тусламж олгосон байна. Тус хуулиар АНУ-ын хотын бүсийг ойжуулах төслүүдэд нийт 1.5 тэрбум ам.долларыг төсөвлөөд байгаа.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Луисвиллийн Их сургуулийн эрдэмтэд хотын шинэ ногоон бүсэд хийсэн томоохон судалгааныхаа үр дүнг танилцуулжээ. “The Nature Conservancy” тэргүүтэй байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн 15 сая ам.долларын санхүүжилттэй “Green Heart Louisville” төслийн хүрээнд 8000 орчим мод, бут сөөг тарьж ургуулсан бүсэд амьдардаг 700 гаруй оршин суугчийг тус судалгаанд хамруулсан байна.
Судалгаанаас үзвэл, шинээр мод тарьсан хорооллуудын оршин суугчдын цусны шинжилгээ дэх үрэвслийн биомаркерийн ерөнхий түвшин мод тариагүй хорооллын оршин суугчдынхаас 13-20 хувиар бага байжээ. Үрэвсэл бол зүрхний өвчин, хавдар, чихрийн шижин үүсгэх гол эрсдэлт хүчин зүйлд тооцогддог юм.
“Green Heart Louisville” төслийн хэрэгжүүлэгчид вэбсайт дээрээ төслөө “модыг эм болгон ашиглах эмнэл зүйн туршилт” хэмээн нэрийджээ. Энэхүү төсөл нь “хотын бүсэд мод, ногоон байгууламж нэмэх нь хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэйг ердийн ажиглалтын судалгаагаар бус хяналттай интервенцийн аргаар судалсан эмнэл зүйн анхны туршилтын загвар” гэж гэж төслийн ахлах судлаач, Луисвиллийн их сургуулийн “Christina Lee Brown Envirome” хүрээлэнгийн захирал Аруни Бхатнагар онцолсон байна.
Мөн уг судалгаагаар мод суулгах газрыг баримт нотолгоонд тулгуурлан нарийн сонгожээ. Өөрөөр хэлбэл орчны үзэмжийг сайжруулах зорилгоор бус харин хаана агаарын бохирдлын түвшин хамгийн өндөр байгааг хэмжиж, мод суулгах газраа сонгосныг Бхатнагар өгүүлж байв. Түүнчлэн модны суулгац бус харин нас бие гүйцсэн моддыг шилжүүлэн суулгах замаар судалгааг хийснээрээ онцлог аж.
Луисвилл хотын төвийг тойрон өнгөрдөг, 1960-аад онд баригдсан 264-р хурдны зам дагуух хорооллуудад тус төсөл хэрэгжжээ. Судалгаанд оролцогсдын тэн хагасынх нь өрхийн орлого жилийн 50 мянган ам.доллароос доош байсан нь агаарыг ихээр бохирдуулдаг дэд бүтцүүд орлого багатай хороолол, дүүрэгт баригддаг нийтлэг хандлагыг илтгэж байлаа.
Мод бол эм
Хотожсон бүсэд агаарын температурын халалт нэмэгдэж буй дэлхий нийтийн тулгамдсан асуудлын түгээмэл шийдэл нь хотуудын мод тарих хөтөлбөр болж байна. Финикс, Детройт хотууд гэхэд агаарын чанар, амьдрах орчноо сайжруулж, үерийн гамшгийг даван туулах чадамжаа нэмэгдүүлэх үүднээс олон мянган мод тарих амлалт өгөөд байгаа аж.
Хэт халалт энгийн үзэгдэл болж, агаарын бохирдлоос үүдсэн нас баралтын тоо нэмэгдэж буй энэ үед хот төлөвлөлт, нийгмийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтнүүд илүү бүтээлч оролцоо, мөн ногоон байгалийг хотын орчинд цэцэглүүлэх илүү шинжлэх ухаанч арга замыг хэрэгжүүлэхийг уриалж байна.
“Модыг хаа ч тарьсан хэт халалтыг бууруулж, агаарын чанарыг сайжруулахад нэмэртэй” хэмээн Атланта дахь Жоржиа мужийн технологийн их сургуулийн “Urban Climate Lab”-ийн захирал Брайан Стоун онцолж байлаа. Хэдийгээр шинээр тарьсан моддын тоо нэмэгдсэн ч хотууд тоо баримтад суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээ хийж, төслүүд нь хувь хүн, олон нийтэд дээд зэргийн ашиг тус үзүүлж буйг баталгаажуулах тал дээр дутмаг байна гэж Стоун дүгнэсэн юм.
“Хотууд модыг дэд бүтэц гэж харж эхэлж байна.Үерийн эрсдэл хаана өндөр байж болохыг нарийн тооцоололгүйгээр ус зайлуулах хоолой барьдаггүй шиг бид модыг ч хэт халалтын эрсдэл хаана илүү байгааг тооцоолгүй суулгах нь буруу” хэмээн тэрбээр өгүүлж байв.
Сэтгүүлч Х.Солонго
Bloomberg Tv