Хүүхдийн мэдрэлийн эрүүл мэндийн талаар ЭХЭМҮТ-ийн МЭСТ-ийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч О.Туултай ярилцлаа.
-Сүүлийн үед мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа мэдрэлийн салбарын тулгамдсан асуудлууд юу байна вэ?
-Нэгдүгээрт, хүний нөөц, хоёрдугаарт, эрүүл мэндийн даатгалын систем, гуравдугаарт эм, тоног төхөөрөмжийн асуудал бий. Эмч нарын ачаалал их байгаа учраас цаашид хөгжих боломж хомс байгаа нь үнэн. Хүүхдийн мэдрэлийн тухай улсад ЭХЭМҮТ-өөс өөр эмнэлэг байхгүй учраас стандартад заасан тооноос хэтэрсэн хүүхэд хүлээж авдаг. Зарим нэгэн өвчлөл ихэссэн үед хэвтэн эмчлүүлэгчдийн тоог дагаад эмч нарын ачаалал өсдөг. Ингэхээр яалт ч үгүй хүлээлт үүсэж, ард иргэд бухимддаг. Энэ төвлөрлийг сааруулахын тулд дүүрэг болон аймгуудад хүүхдийн мэдрэлийн эмчийн ажлын байрыг гаргаж өгөх ёстой. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдээд гарсан ч орон нутагт хүүхдийн мэдрэлийн эмчийн орон тоо байхгүй учраас хүүхдийн эмч л хийлгэчихдэг. Хэт ачаалалтай учраас манай эмнэлэгт шинэ залуу эмч нар тогтож ажиллахад бэрх. Заримдаа өглөө 08:30-д ирээд орой 10.00 цаг хүртэл ажиллахаар чинь ямар хүн дуртай байх вэ. Тийм болохоор манай эмнэлэгт байгаа эмч нар нь дандаа 40-өөс дээш насныхан байна.
-Хүүхдүүдэд ямар өвчлөл, эмгэг шинээр бий болж, нэмэгдэх хандлагатай байна вэ?
-Дутуу төрөлт, төлөвлөөгүй жирэмслэлт, эхийн эмгэгүүдээс үүдэн саа, саажилтууд нэмэгдэж байна. Дээрээс нь нэмээд энэ дэлгэцийн хамаарал замбараагаа алдсан. Үүнээс болоод зөвхөн мэдрэлийн өвчин гэлтгүй сэтгэцийн талаас зан төрхийн өөрчлөлт, анхаарал сулрал, зан үйлийн эмгэг зэрэг хавсарч байна. Бага насныханд ажиглагдаж байгаа эдгээр эмгэгүүдийг яг юунаас үүдэлтэйг тогтоох судалгаа, ангилсан оношилгоо шаардлагатай. Нийгмийн эрүүл мэнд талаасаа хамтарч ажиллах хэрэгцээ тулгараад байгаа юм. Гэтэл эцэг, эхчүүд сэтгэцийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэхээр маш их дургүйцдэг. Өчигдөр л гэхэд нэг хүүхдийг оношлоод “Танай хүүхэд хэтэрхий их эмгэг хөдөлгөөнтэй байна, тэгэхээр зөвхөн манай биш сэтгэцийн хяналтанд давхар байна” гэхэд ээж нь шууд уурласан. “Дэлгэцийн хэт хамаарлаас болоод хэл ярианы болон танин мэдэхүйн хоцрогдолтой байна” гэхээр хүлээн зөвшөөрч чаддаггүй. Сүүлийн үед хүүхдэд эдгээр шинж тэмдгүүд түгээмэл болж байна. Энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг учраас эцэг эхчүүд ийм хандлагатай байгаа юм. Өвдсөн хойно нь биш урьдчилан сэргийлэхийн тулд наад захын ойлголтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж өгөх хэрэгтэй.
-Стресс нас харгалздаг уу. Хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүүхэд эхээс төрөөд л стрессдэж эхэлдэг. Хүмүүс хүүхдийг стрессддэггүй гэж боддог. Үгүй, бүх насны хүүхдэд байдаг. Тэрэнтэй холбоотой өөрчлөлтүүд ч гарч ирнэ. Аав ээж хоёр нь хажууд нь муудалцдагаас болоод таван настай охин хоолны дууршилгүй болгодог өвчин туссан байсан. Тэгээд яваа яваандаа энэ нь мэдрэлд нөлөөлөөд юу ч идсэн бөөлжиж гаргадаг болчихсон тохиолдол хүртэл байна. Толгой өвдөлт, харвалт, нурууны өвчин гээд том хүнд илэрдэг бүх төрлийн өвчин хүүхдэд илэрдэг болсон. Тэр тусмаа эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэд анхаарал маш сул тавьдаг. Өсвөр насныхны өвчлөл их байгаа. Хэрвээ бид өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол мэдрэлийн өвчин ихэссээр л байна.
-Мэдрэлийн эрүүл мэндэд юу хамгийн ноцтой нөлөөлдөг вэ?
-Нэгдүгээрт бол дэлгэцийн хэрэглээ. Тэгээд мэдээж агаарын бохирдол, хотын хэт төвлөрөлт нөлөөлнө. Хоёрдугаарт, гэвэл эм, витамины замбараагүй хэрэглээ нь маш аюултай. Гаднаас орж ирсэн бактерийг биш өөрийнхөө эсийг устгаад байна гэсэн үг. Витаминыг ч гэсэн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Хүмүүсийн дунд байдаг өрөөсгөл ойлголт нь эм өгдөг эмч нь сайн, эм өгдөггүй эмч нь муу бас бүх витамин биед сайн гэж боддог. Нэгэнт өвдсөн хүүхдийг эмчийн зааврыг дагаад хариуцлагатайгаар эмчлүүлэхэд л болно. Гэтэл манайхан гадагшаа явах их сонирхолтой байдаг.
-Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай зөвлөгөө өгнө үү?
-Эрүүл хүнээс эрүүл хүүхэд төрнө гэдгийг бодолцож хүүхдийг төрөхөөс өмнө л анхаарч эхлэх хэрэгтэй. Ээж өөрөө ямар нэг халдварт өвчингүй байх нь хамгийн чухал. Төрсний дараа хооллолт, хувцаслалт, ариун цэвэр гээд асрахуйн талын зүйлс байна. Дараа нь хэлд орох үед нь хүүхдэд утас өгчихөөр англиар хэлд орно. Энийг нь хүмүүс их саймширхаж хүлээж авдаг боловч хожим хэл ярианы хоцрогдолтой болдог. Тэгэхээр хэлд орж байгаа хүүхдэд үлгэр уншиж өгч, юм цээжлүүлж байх хэрэгтэй. Тэрнээс биш дээд боловсролын түвшний гадаад хэл заах хэрэггүй. Том болоод өсвөр насанд ирэхэд нь бид нар маш сайн ажиглаж байх хэрэгтэй. Биеийн зөв өсөлт, сэтгэл зүйн байдал, зан ааш зэргийг нь ажигла. Тэгээд маш сайн зөвлөгч байх ёстой байтал бид нар хэзээ ч тусалдаггүй загнадаг. Энэ нь их том алдаа. Эцэст нь хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг л сайн анхаараарай гэж хүсмээр байна. Дээрээс нь нойрсолтыг чухалчлах ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин