Умайн хүзүүний хорт хавдар эрт үедээ төгс эмчлэгддэг

Умайн хүзүүний хорт хавдар эрт үедээ төгс эмчлэгддэг

 

Дэлхий даяар хорт хавдар тасралтгүй өсөн нэмэгдэж буй ч 30-50 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг.

Монгол Улсад буй хамгийн түгээмэл хорт хавдруудыг
-Элэгний хавдар
-Ходоодны хавдар
-Уушгины хавдар
-Улаан хоолойн хавдар
-Умайн хүзүүний хавдар
-Бүдүүн шулуун гэдэсний хавдар
-Хөхний хавдар тэргүүлж байна.

Энд дурдсан хавдрууд дундаас урьдчилан сэргийлэх хамгийн боломжтой нь умайн хүзүүний хавдар. Гэвч Монгол Улсын хүн амын дунд 2022 онд нийт 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, умайн хүзүүний хорт хавдар 4.6 хувийг эзэлж буй нь бүс нутагтаа өндөр үзүүлэлт юм. Мөн уг хавдар нь манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хорт хавдрын гуравдугаарт бичигдэж буй бөгөөд элэг, ходоодны хорт хавдрын дараагаар жагсаж байна. Умайн хүзүүний хорт  хавдар нь эрт үе шатандаа төгс эмчлэгддэг, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай бол өрхийн эмнэлэгтээ хавдрын илрүүлгийн шинжилгээ хийлгэх боломжтой

Хөх, умайн хүзүү, түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэхийн тулд эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдах хамгийн чухал байдаг.

Эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийг хүсвэл /30-аас дээш насны/ харьяа эрүүл мэндийн төвд хандаж умайн хүзүүний хавдар илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Умайн хүзүүний хорт хавдар эрт үедээ төгс эмчлэгддэг

Тодруулбал, 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай бол өрхийн эмнэлэг дээрээ очиж умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Монголд жил бүр 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогддог бөгөөд 60 хувь хожуу шатандаа ирж, улмаар 150-160 хүн уг хавдрын шалтгаанаар нас барж байна.

Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:

Умайн хүзүүний хорт хавдар эрт үедээ төгс эмчлэгддэг

Өөр нэг арга нь вакцин
Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан нь папиллома вирус байдаг. Тиймээс энэ хавдраас сэргийлэх өөр нэгэн арга нь уг вирусын эсрэг дархлаажлуулалт. Хүний папиллома вирусын эсрэг товлолт дархлаажлуулалтыг 11 настай охид, хөвгүүд хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой гэж үздэг.

Өнгөрсөн 2023 онд Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг заавал хийх үндэсний товлолт вакцинд оруулсан. Ингэснээр 11 насны бүх хүүхдийг вакцинд хамруулахаар болсон юм. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дархлаажуулалтын тов удахгүй тодорхой болох юм.

Уг нь 2012 онд ДЭМБ-ын зөвлөмжөөр Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэвтрүүлэхээр болсон ч үргүйдэлд хүргэдэг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж вакцинжуулалтыг зогсоож байсан юм.

ХСҮТ, Эрүүл мэндийн яам, "Хавдрын үндэсний зөвлөл" төрийн бус байгууллагаас 2012 онд вакцин хийлгэсэн охидыг дагаж судалсан бөгөөд судалгааны дүнг вакцинд хамруулаагүй ижил насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад төрөлт, жирэмслэлтэд ямар нэгэн ялгаа гараагүй аж. Харин ч вакцин хийлгэсэн охидод папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинж (папиллома вирусийн 100 гаруй хэв шинж байдгаас 20 орчим нь хавдар үүсгэдэг) алга байжээ.

“Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан энэ талаар “Вакцин охидыг үргүй болгох эрсдэл бий юү" гэдэг асуултад хариулт өгөхийг зорьж, судалгаа хийсэн. Судалгаагаар вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг ижил насных нь эмэгтэйчүүдтэй харьцуулж үзэхэд жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн ялгаа байгаагүй. Харин хүний папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжийн тархалт вакцинд хамрагдсан хүн амын дунд 10 дахин буурсан үзүүлэлттэй гарсан. Таван жилийн дараах үр дүнг харахад вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжүүд вакцин хийлгэсэн охидод байхгүй болсон бол харин вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдэд 10 дахин өндөр байсан. Тодруулбал, 18-23 насны эмэгтэйчүүдийн дунд хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй вирусийн хэв шинжийн тархалт 39.5 хувь буюу маш өндөр байсан” хэмээж байсан юм.

Умайн хүзүүний хорт хавдар эрт үедээ төгс эмчлэгддэг

Хүний папиллома вирус нь эмэгтэйчүүдийн хавдраас гадна эрэгтэйчүүдэд хавдар үүсгэдэг. Иймээс улс орнууд хөвгүүддээ хүний папиллома вирусээс хамгаалах вакцин хийдэг. Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 120 гаруй улс нэвтрүүлснээс дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө 90 гаруй улс оруулж 9-14 насны охидод хийж эхэлсэн.

Харин өндөр хөгжилтэй 30 гаруй оронд тус вакциныг зөвхөн охидод биш, хөвгүүддээ хийж байгаа юм.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан