Х.Мөнгөн-Өлзий: Монголд дасгал хийдэг хүн маш ховор байна. Тиймээс зүрхний дасгалжилт нь алдагдчихсан хүмүүс их ирдэг

 

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзийтэй ярилцлаа.

- Зүрхний хэм алдалт олон төрөл байдаг гэсэн. Олдмол болон төрмөлөөс гадна ямар байдлаар зүрхний хэм алдалт үүсэж болох вэ?

- Зүрхний хэм алдалтыг дотор нь гурав ангилж болно. Төрөлхийн, удамшлын, олдмол гэж.

Удамшлын гэдэг нь генийн өөрчлөлтийн улмаас үүсдэг. Зарим хүмүүс төрөхөөсөө зүрхний хэм алдагдалтай байдаг. Тэр нь зүрхний хөгжлийнхөө явцад гарсан зарим нэг алдаанаас болж үүсдэг.

Олдмол нь тухайн хүний амьдралын хэв маягаас хамаарна. Үүнд эрүүл амьдралын хэв маягийг сахиж байсан уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Удамшлын хэм алдагдлын үед урьдчилан сэргийлэх боломжгүй. Генийн өөрчлөлтөөс үүсэж байгаа учраас тэр. Тухайн өвчлөлийг эрт илрүүлэх, хэм алдагдал нь амь насанд нь заналхийлж байна уу гэдгийг оношлох шаардлагатай. Ингээд зохих эмчилгээ хийх асуудал яригдана.

Төрөлхийн гэдэг нь удамшлаасаа өөр. Зөвхөн тухайн хүн л өвддөг. Анх зүрх нэг бүхэл булчинлаг эд байгаад тэр нь салаад, хавхлагууд үүсээд, судасжилтууд үүсээд, хөндийнүүд үүсээд явдаг өвчлөл. Энэ нь явцын дунд нэг ширхэг булчин нь тасрах ёстой байсан бол тасрахгүй үлдчихдэг. Тэр нь хэм алдагдах өвчлөлийг үүсгэж болно.

- Олдмол зүрхний хэм алдалт яагаад үүсээд байна вэ?

- Бидний амьдралын хэв маягаас шууд хамааралтай. Тамхи татах. жин ихтэй байх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх. буруу хооллох, өөх тос ихтэй хоол идэх гэх мэтчилэн.

Энэ бүхнээс болоод зүрхэн дэх өвчлөл үүснэ гэсэн үг. Тэр нь хэм алдагдлыг үүсгэх гол эрсдэл болдог.

- Энэ өвчлөлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

- Зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо цөөрөх, амьсгаадах, янз бүрийн зовууриуд илэрч болдог.

- Зүрхний хэм алдагдалттай гэдгээ хүн яаж мэдэх вэ. Үүнийг яаж оношлох вэ?

- Дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Яаж оношлох вэ гэхээр гол хүндрэлтэй тал нь зүрхний хэм алдагдаж байх үедээ л хэм алдагдах өвчин оношлогддог. Тийм учраас бид эмчлүүлэгчдээ үзээд энэ хүн яг ямар төрлийн зүрхний хэм алдагдал байж болох вэ гэдгийг хараад, түүнээс нь шалтгаалаад оношилгоонуудыг зөвлөдөг.

Зарим хүнд 24 цагийн эмчилгээ хийдэг. Хэрвээ өдөр болгоны хэм алдагдалттай өвчтөн бол 24 цагийн дотор илэрдэг. Хэрвээ өдөр болгон зүрхний хэм алдагддаггүй бол 24 цагийн бичлэг нь тухайн хэм алдалтыг илрүүлэх магадлал буураад явчихдаг. Тэр тохиолдолд бид хэр их давтамжтай байна гэдгийг нь ерөнхийдөө хардаг. 5, 7, 9 хоногоор хэм алддаг байж болно.

Цаашлаад арьсан дор суулгацууд суулгадаг. Тэр нь 2-4 жилийн турш буюу өөрийнхөө батарейг дуусах хүртэл тухайн хүний зүрхний хэмийг хянаж байна гэсэн үг. Зарим эмчлүүлэгчид жилдээ нэг удаа хянуулдаг. Бусад үед нь зүгээр явж байдаг. Зүрхний хэм алдаагүй үедээ бүх төрлийн шинжилгээ өгөхөд ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй. Тэгэхээр жилдээ нэг л удаа зүрхний хэм алдагдаж байгаа тэр мөчийг л бичиж авах асуудал яригддаг.

- Тэгэхээр байнга бичээд байх боломжгүй биз дээ. Яаж жилд ганцхан удаа зүрхний хэм алдаж байгааг бичиж авах вэ?

- Бидэнд олон төрлийн шинжилгээний сонголтууд гарч ирсэн. 24 цагийн бичлэг. 5-9 хоногийн фолдерууд, 14 хоногоор бичих фолдер. Түүний дараа суулгацууд байна. Мөн энгийнээр хэлбэл хүмүүс халааслаад явж байдаг жижиг зүрхний бичлэгийн аппаратууд байдаг. Одоо Монголд ороод ирчихсэн. Тэрхүү аппаратууд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмчлүүлэгчид өөрийнхөө зүрхний хэм алдаж зовууриласан үедээ тухайн аппаратаа гаргаж ирээд зүрхний бичлэгээ хийнэ гэсэн үг.

Ихэнхдээ хүмүүст нийтлэг тохиолддог алдаа нь зүрхний хэм алдагдаад эхлэхээр шууд эмнэлэг рүү явдаг. Очиход нь нөгөө хэм алдагдалт нь зогсчихсон байдаг. Ингээд бичлэгээр гарч ирдэггүй. Хуучин ийм байдал маш олон давтагддаг байсан. Одоо олон төрлийн технологиуд гарч ирснээр оношлох боломжтой болсон.

- Зүрхний хэм алдагдал нь янз бүр байдаг уу. Хурдсах, удаашрах гэх мэт?

- Зүрхний хэм алдагдал дотроо зүрх цөөрдөг 20-30 төрлийн хэм алдагдал байдаг. Зүрх нь олон цохидог 20-30 төрлийн хэм алдагдал байна.

Нарийвчлаад аваад үзвэл маш олон төрлийн хэм алдагдлууд бий. Яг аль нь вэ гэдгээс хамаараад эмчилгээний сонголтууд нь бас өөр өөр. Зүрх цөөрдөг үеийн хэм алдагдалд бидний гол хардаг зүйл нь зүрх зогсолт байна уу, хориг байна уу, ажиллах ёстой зүрхний хэсгүүд дэс дарааллынхаа дагуу ажиллаж байна уу, үгүй юу, эсвэл тэр дотор ямар нэгэн саад байна уу гэдгийг харна. Тэгэнгүүтээ ачаалал даах чадвар буюу хүн дасгал хөдөлгөөн хийхэд зүрхний зогсолтын тоо өсөх, тайван үед нь буцаад байна уу, үгүй юу гэдгийг үзнэ.

Зарим хэм алдагдлын үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгалжуулах хэрэгтэй. Ачаалал даах чадварыг сайжруулах ёстой байдаг

Тэгэхгүй алхаад явж байсан ч зүрх цөөрөөд, гүйж байсан ч цөөрөөд байвал болохгүй гэсэн үг. Иймэрхүү тохиолдлууд аюултай гэж үзнэ. Энэ тохиолдолд суулгац эмчилгээнүүдийг их хийдэг. Зүрхний цохилтын тоог дээш нь өсгөж өгдөг. Зүрх нь ажиллахгүй цөөрсөн үед түүнийг нь өсгөж өгдөг. Бусад үед нь хянаж байдаг суулгац бий. Үүнийг фэйсмэйкер гэж нэрлээд байгаа.

- Энэ төрлийн өвчний тохиолдол нэмэгдсэн үү. Ямар эмчилгээнүүд хийдэг вэ?

- Манай эмнэлгээр жилдээ 250-300 хүнд энэ төрлийн өвчний мэс заслыг хийж байна. Бусад эмнэлгүүдээр жилдээ 20-30 тохиолдол хагалгаанд ордог гэж сонссон. Эдгээр нь зүрх цөөрдөг хэм алдалтын үед хийдэг эмчилгээ.

Нөгөө талд зүрхний цохилтын тоо олширдог хэм алдагдлууд байгаа. Олон цохилдог гэсэн үг. Олон цохилдог хэм алдагдлын үед ихэвчлэн электрофизиологи оношилгоо, эмчилгээ хийдэг. Электрофизиологи оношилгоо, эмчилгээнд цавины венийн судсуудыг ашигладаг. Цавины венийн судас руу уян зүү хатгаад, жижигхэн гуурснууд тавьчихдаг. Түүн дотроо нарийхан цахилгаан мэдрэгч гуурснуудыг гүйлгэж зүрхэнд нь оруулаад, зүрхэн дотор болж байгаа цахилгааных нь үйл ажиллагааг шинжилдэг. Хаана нь цахилгаан ирж байна. Хаашаа тархаж байна. Хаана нь очиж байна. Яг явах ёстой замуудаараа явж байна уу. Эсвэл цахилгаан үүсэх ёсгүй газраа цахилгаан цэнэг үүсээд байна уу. Явах ёсгүй газраар цахилгаан цэнэг дамжаад байна уу. Түүнээсээ болоод хэм алдаад байна уу гэдэг байршлыг нь олоод, тэрүүхэн тэнд нь голомтыг нь түлдэг.

Тусгай долгион ашиглаж халалт үүсгээд, тэрүүхэн хэсэгт нь түлээд сорвижуулах эмчилгээг хийнэ. Түлээд сорвижуулах эмчилгээ хийсний дараа түлсэн хэсэг сорви болчихвол тухайн хэм алдагдал эмчлэгдэнэ гэсэн үг. Хүн гараа зүсэхээр заримдаа сорвитой, заримдаа сорвигүй эдгэдэг шүү дээ. Түүн шиг сорвигүй эдгэчих юм бол тухайн хэм алдагдал давтагдах боломжтой.

Олон улс болон манай эмнэлгийн өөрсдийн хийсэн судалгаагаар ойролцоогоор 7-15 хувь нь дахидаг гэсэн судалгаа гарсан. Дахисан тохиолдолд бид эргээд түрүүнийхээ үйлдлийг дахин хийнэ гэсэн үг. Үүний дараа дахих магадлал нэг хувиас доош буурч ирдэг. Энэ эмчилгээг хийхгүй бол тухайн зүрх дэлсдэг хэм алдагдал нь эмийн эмчилгээгээр эдгэдэггүй.

- Зүрх олон цохилдог хэм алдагдлын үед бас энэ эмчилгээг хийх үү?

- Бүх төрлийн хэм алдагдалд биш. Зарим хэм алдагдлын үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгалжуулах хэрэгтэй. Ачаалал даах чадварыг сайжруулах ёстой байдаг. Манай амбулаториор эмчлүүлэгчдийн 60-аад хувь нь дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай, зүрхний суурь дасгалжилт алдагдсан хүмүүс байдаг.

Өнөөдөр Монголд дасгал хийдэг хүн маш ховор байна. Тиймээс зүрхний дасгалжилт нь алдагдчихсан хүмүүс их ирдэг. Энэ үед ерөөсөө л дасгал хий гэдэг. 2-3 cap дасгал хийгээд, зүрх нь дасгалжаад үйл ажиллагаа нь сайжраад, хэм алдагдал нь арилдаг. Зарим хүмүүстээ бид эм уулгадаг. Дэмжих төрлийн эмийг уулгаад, зүрхний үйл ажиллагааг буцаагаад жигдрүүлэхээр оролддог. Үнэхээр эмгэг голомтууд байгаа тохиолдолд хэм алдагдлыг үүсгээд байгаа, тусгай биеэ даасан хэм алдагдлын өвчнүүд үүсгэгч байгаа тохиолдолд бид электрофизиологи оношилгоо, эмчилгээг хийнэ.

Энэ дотор нэг өвөрмөц хэм алдагдлын тухай бас ярих ёстой тэр нь тосгуурын жирвэгнээ гэх хэм алдагдалт. Тосгуурын жирвэгнээ ихэвчлэн амьдралын хэв маягаас шалтгаалдаг өвчин. Таргалалт, тамхи татах маш их нөлөөлдөг. Мэдээж нас хүйс нөлөөлнө. Түүнийг бид өөрчилж чадахгүй. Гэхдээ тамхи, таргалалт, хооллолт, дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг хүн бүр өөрчлөх боломжтой. Эдгээрийн буруу хэвшилтэй байснаас болоод зүрхэн дотор жижиг сорвижилтууд үүсдэг. Түүнээсээ болоод тосгуурын жирвэгнээ гэдэг хэм алдагдалт үүсэх эрсдэлтэй.

- Энэ төрлийн зүрхний хэм алдагдалт хэр аюултай вэ?

- Тосгуурын жирвэгнээ өвчин нь ямар аюултай гэхээр цус шахах үйл ажиллагаагаа алдчихдаг. Шахах үйл ажиллагаа нь алдагдчихаар цусны урсгал удаашраад хуйлраад эхэлдэг.

Жижиг хөндийнүүдэд нь бөглөм үүсдэг. Цусны гүйж байсан хорууд цусны эсэд наалддаг. Тэр нь тасраад явчихвал зүрхнээс гараад хамгийн эхэнд очдог гурван том судсанд наалдана. Энэ гурван том судас бүгдээрээ тархи руу явж байдаг. Түүнээс болж харвалт үүснэ. Тухайн хэм алдагдал нь өөрт онцлох зовуурьгүй яваад байж болно. Тийм учраас хүмүүс мэдэхгүй явж байснаа гэнэтхэн харвачихдаг. Ийм тохиолдлууд сүүлийн үед нэмэгдэж байгаа.

- Одоо залуу хүмүүс гэнэт зуурдаар нас барах боллоо гээд байгаа нь үүнтэй холбоотой байж болох уу?

- Зүв зүгээр байж байснаа гэнэт харвачихлаа гэж яригдаад байгаа шүү дээ. Гэх мэтчилэнгээр цаанаа суурь байх магадлал өндөр байдаг. Энэ хэм алдагдлын үед яах ёстой гэхээр цусны бүлэгнэлтийн эсрэг эм уулгадаг. Иргэд цус шингэлэх эм гэж ойлгоод уугаад байна. Гэтэл цусыг шингэлэх гэдэг ойлголт нэг өөр. Цусны бүлэгнэлт, бөглөм үүсэхээс сэргийлэх гэдэг ойлголт нэг өөр. Зарим эмнүүд эсүүд хоорондоо наалдахаас сэргийлж, бөглөмөөс хамгаалж байдаг.

Зарим нь цусны бүлэгнэх тогтолцоонд нь нөлөөлж бөглөмөөс сэргийлж байдаг. Тэгэхээр эмч ямар эм бичиж өгсөн түүнийг маш сайн зөв уух ёстой. Зүгээр л эмнэлэг ороод цус шингэлэх эм уух гэсэн юмаа гээд л буруу ойлголцоод, буруу эм уугаад байдаг. Нэгдүгээрт, цусны бүлэгнэлийн эсрэг тусгай эмнүүдийг уудаг.

Хоёрдугаарт, бидний хийж эхэлсэн хөлдөөх эмчилгээ гэдэг зүйл орж ирдэг. Эдгээр эмчилгээг эхэн үед нь хийлгэвэл өндөр ач холбогдолтой. Хэрвээ зүрхний хэм алдагдал нь удаан байнгын болчихсон байгаа тохиолдолд үр дүн бага. Дээрээс нь энэхүү хэм алдагдлын үед зүрхний хөндийнүүд тэлээд томрох гээд байдаг.

Долоохон минут алх. Тэгээд амар. Долоо долоон хоногоор энэ хугацааг хоёр, хоёр минутаар нэм гэдэг. Энэ бол олон улсын зөвлөмж

Хэт томорчих юм бол бас үр дүн багатай болчихдог. Тийм учраас иргэд аль болох зовиуртай байсан ч, зовуурьгүй байсан ч 40 болон түүнээс дээш насандаа жилдээ нэг удаа зүрхний бичлэгээ хийлгэчихдэг, зүрхний ЭХО хийлгэдэг, суурь шинжилгээнүүдээ хийлгээд хянаж байх ёстой. Эрт оношилчихвол тосгуурын жирвэгнээ өвчний эмчилгээ буюу түлэх эмчилгээг хийж болно. Хөлдөөж ч болдог.

Түлэх эмчилгээний үед нийт ажилбарын цаг их удаантай. 4-5 цаг болдог. Хүн хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Тэгэхээр бүрэн унтуулгад оруулдаг. Ихэнх тохиолдолд унтуулна. Дээрээс нь эмгэг голомтыг түлэх процесс нь өөрөө 2-3 цагийн турш явагддаг. Тэгэхээр нэлээд удааширсан процесс өрнөнө.

- Та бүхний шинээр нэвтрүүлсэн хөлдөөх эмчилгээ түлэх эмчилгээнээсээ давуу талтай юу?

- Одоогийн бидний шинээр нэвтрүүлсэн эмчилгээ нь хөлдөөх төрлийнх. Энэ нь катетр гээд зүрхэнд ордог хэсгийн урд талд баллон буюу шаар хэлбэрийн зүйл байж байдаг. Түүнийг голомт дээрээ аваачиж нааж байгаад хөлдөөх процессыг явуулдаг. Азотын хийг түүнд ашигладаг. Хөргөх процесс явуулаад, эдийг нь хөлдөөж сорвижуулдаг гэсэн үг. Процетурын хувьд 1-1.5 цаг орчим болдог. Ихдээ л 2 цаг орчим үргэлжилдэг. Хөлдөөх процесс нь өөрөө 20-30 минут хийгддэг. Тэгэхээр нөгөө мэс заслаа бодвол хамаагүй цаг хугацааны хувьд хурдан.

Эмчлүүлэгч унтуулгад орох шаардлагагүй болчихдог. Хөнгөн тайвшруулах эмчилгээ хийж байгаад. тухайн эмчилгээгээ хийчихнэ. Дээрээс нь процедур хурдан хийгдэнэ гэдэг нь хагалгааны өрөөнүүд хурдан ашиглагдах боломжтой. Тэр хэрээр олон хүнд хүрнэ. Ийм давуу талуудтай гэсэн үг.

- Зүрхийг хөлдөөнө гэхээр тэр хооронд цусаа яаж шахах вэ. Хиймэл аппарат ашиглах уу?

- Зүрх зүгээр ажиллаж л байна. Бид жижигхэн голомтыг л түлж байгаа юм. Тэрхүү жижигхэн голомт хэсгээ л хөлдөөнө. Зүрхээ тэр чигт нь хөлдөөгөөд байгаа асуудал байхгүй. Тэнд байгаа жижигхэн хэм алдагдал үүсгэгч судсуудын булчинлаг хэсгийг л жаахан хөлдөөдөг. Тэгэхээр зүрхийг зогсоогоод, цусны эргэлтийг зогсоох зүйл байхгүй. Хүн өөрөө сэрүүн хагалгаанд ордог. Нөгөө түлэх эмчилгээний аргаасаа цаг хэмнэсэн, өвчтөнд илүү таатай, мэргэжилтнүүдийн хувьд дадлагажих боломж нь илүү өндөр. Цөөхөн тохиолдолд ороход бүрэн туршлагажаад, цаашид хийгээд явах боломжтой ажилбар.

- КОВИД цар тахлаас хойш вакцин хийлгэснээс болж цус өтгөрөөд, залуу хүмүүс гэнэт нас бараад байна гэсэн ойлголтууд яваад байгаа. Үүнийг эмч мэргэжилтнүүд хэрхэн харж байна вэ?

- Бидний харж байгаагаар вакцин хийлгэнэ гэдэг нь өвчин тусахаасаа ялгаатай. Адилхан зүйлийг ашиглаж, дархлалыг өрнүүлж байгаа. Хүний биед өвчилсөн юм шиг процессыг үүсгэдэг. Гэхдээ өвчин үүсгэхгүй. Халдварлагдвал өвдөнө гэсэн үг. Өвдвөл тэр өвчний цаанаас эдгэрч гарах уу гэдэг асуудал яригдана.

Вакцин хийлгээд өвдсөн юм шиг дархлалын урвалыг өрнүүлэх болохоос биш өвчлөлийг үүсгэхгүй. Нэг адилхан зүйл нь юу гэхээр энэ бол хүнд хэлбэрийн халдвар. Тиймээс түүний эсрэг бие тэмцэхэд маш их энерги хүч зарцуулдаг. Үүнээсээ болоод зүрхний суурь дасгалжилт, зүрхний үйл ажиллагаа алдагддаг. Зүрх нь олон цохилдог. Ядарчихдаг. Спортын тамирчдад энэ байдал их анзаарагддаг.

Дасгал хий гэхээр маргааш нь фитнест оччихдог. Иог хийдэг, заалны дасгалуудыг гэнэт хийдэг. Гэнэт сагс тоглодог, гэнэт бүжгэнд явдаг. Угаасаа дасгалжилт алдагдчихсан зүрх тиймэрхүү хэмжээний ачааллыг авч дийлэхгүй

Олимп дэлхий аваргад оролцож байсан өндөр зэрэглэлийн тамирчид гүйж чадахаа болиод суугаа болчихдог. Анхан шатны тамирчин шиг дасгалаа эхнээс нь хийж эхэлдэг. Иймэрхүү байдал маш их ажиглагдсан. Өвдсөний дараа бүр их ажиглагдсан. Вакцины дараа зарим тохиолдолд иймэрхүү зүйлүүд байсан. Энэ нь цусаа өтгөрүүлээд байгаа гэхээсээ илүү ерөнхийдөө бие махбод энэ өвчний эсрэг тэмцэж байхдаа маш их туйлдаж ядарсны улмаас зүрх дасгалжилтаа алдаж байгаа нь илүү харагдсан. Үүнийг эдгээх ямар арга байна гэхээр буцаагаад зүрхнийхээ дасгалжилтыг сайжруулах. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эм уух биш эсрэгээрээ дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй гэсэн үг.

- Дасгал нь ямар байх вэ. Хэт өндөр ачаалал гэнэт авч болохгүй байх?

- Тухайн хүнийхээ биеийн байдал хэр их дасгалжилт алдсан бэ гэдгээсээ хамаарч хийнэ. Зарим хүмүүс алхаж чаддаггүй. Тийм хүмүүст олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөхдөө өдөр бүр долоон минут тасралтгүй алхах. Долоохон минут алх. Тэгээд амар. Долоо долоон хоногоор энэ хугацааг хоёр, хоёр минутаар нэм гэдэг. Энэ бол олон улсын зөвлөмж. Тэгэхээр маш бага багаар ачаалуулж байгаа юм.

Бидний хувьд ажиглагддаг зүйл нь дасгал хий гэхээр маргааш нь фитнест оччихдог. Иог хийдэг, заалны дасгалуудыг гэнэт хийдэг. Гэнэт сагс тоглодог, гэнэт бүжигт явдаг. Угаасаа дасгалжилт алдагдчихсан зүрх тиймэрхүү хэмжээний ачааллыг авч дийлэхгүй. Тийм учраас бид зөвлөхдөө ядаж эхний нэг cap зөвхөн кардио дасгал хий.

Кардио дасгалыг буюу зүрхний цохилтыг өсгөх бууруулах, өсгөх бууруулах дасгал хий. Тэр нь юу байх вэ гэхээр алхах, дугуй унах, жаахан хурдан алхах, хэрвээ чадаж байвал хөнгөн гүйх. Гол нь үүнийгээ өдөр болгон тогтмол хугацаатай хийх. Тэгээд дор хаяж нэг сарын туршид хийх ёстой. Ингээд суурь дасгалжилт, кардио дасгалжилт сайжирсны дараа заалны дасгал гэх мэтээ нэм гэдэг асуудал яригдаж байгаа.

- Хүн өөрөө зүрхний хэм алдагдалтай гэдгээ мэдэхгүй, хааяа хааяа нэг зүрхний бичлэг хийлгэчихдэг. Ингэхдээ өөр өөр газарт очдог. Түүгээр нь хэм алдагдал нь үнэн зөв гарах уу. Та түрүүн хэлсэн. Жилд нэг удаа хэм алдагдах ч тохиолдол байдаг гэж. Энэ тохиолдолд онош үнэн зөв тогтоогдох уу?

- Олон давтамжтай үзүүлбэл эргээд илрэх боломжийг ихэсгэнэ. Ганцхан удаа үзүүлээд тэр нь зүгээр гарчихдаг. Түүгээр нь хэм алдагдал оношлогдохгүй. Т эгвэл хоёр удаа үзүүл бэл арай илүү. Гурван удаа үзүүлбэл бүр л магадлал ихэснэ. Гэхдээ бидний хувьд удаашруулсан байдлаар заавал эмнэлэгт ханд гэдгээсээ илүү хүмүүс анзаарч байгаа бол кино, гадны нэвтрүүлгүүдээр их гардаг болсон.

Зүрх дэлссэнээсээ, олон цохилсноосоо болоод өвчин хүндрэх биш эсрэгээрээ хэрэглэсэн эмнээсээ болоод хүндрэх тохиолдол их байдаг

Хүмүүс өөр өөртөө 24 цагийн эмчилгээ хийдэг болчихсон. Цээжиндээ 24 цагийнхаа аппаратыг зүүгээд гараад гүйдэг. Гараад алхдаг. Өөрсдөө зүрхний цохилтынхоо тоог хянадаг. Биедээ хэр хэмжээний ачаалал авах вэ, хэдэн минут дасгал хийх вэ. зүрхнийхээ цохилтын тоог тэдэнд хүргэх ёстой гээд хүргэдэг. Энэ бүгдээ яаж хянаад байна гэхээр өөрсдөд нь хувийн хяналтын аппаратууд байдаг. Зүрхний цохилтын тоог хянадаг. Бичлэгээ хийчихдэг. Халааслаад явж байдаг. Тийм аппаратаар өөрийгөө хянаад, зүрхнийхээ суурь цохилтын тоогоо зохицуулаад, ачааллаа тааруулаад хянаад явж байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал уг нь Монголд үүсэх хэрэгтэй л байгаа юм.

- Монголд энэ төрлийн аппаратууд хэр элбэг вэ. Хүмүүс худалдаанаас авч болох вэ?

- Элбэг байгаа. Монголд оношилгооны зүйлүүд хангалттай ороод ирсэн. 24 цагийн эмчилгээг маш олон эмнэлэг хийж байна. 2-4 жилээр ажилладаг суулгацыг олон эмнэлгүүд хийдэг болсон. Улсаас дийлэнх мөнгийг дааж байна. Мөн зүрхний цахилгаан бичлэг хийдэг гар аппаратууд бий. Иргэд өөрсдөө тодорхой хэмжээгээр санаачлаад өөрөө яаж эрүүл байх вэ гэдгээ бодоод, өөрийгөө хянаад дасгал хийгээд явах бүрэн боломжтой.

- Зарим эмчилгээний үед эм зөвлөдөг гэсэн. Эмийг заавал эмчийн заавраар уух уу?

- Хэм алдагдлын өвчний үед зайлшгүй 100 хувь эмчийн хяналтаар эм уух ёстой. Яагаад гэхээр хэм алдагдлын эсрэг ууж байгаа эм болгон эргээд хэм алдагдал үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл зүрхнийхээ цохилтын тоог цөөлөх гээд ууж байгаа эм зүрхний цохилтыг тоог унагаах цөөрүүлэх боломжтой. Хэт цөөрүүлэх тохиолдол байдаг. Ингээд эрсдэлд өртөх магадлалтай. Эмнүүдээ мэдэхгүй нэг төрлийн эмийг өөр өөр нэршлээр үйлдвэрлэгдсэнийг давхар уух, хослуулж хэрэглэх, хавсарч уух зэргээр эсрэг хэрэглээд байдаг.

Ялангуяа зүрх дэлсэх хэм алдагдлын үед хүмүүс их эм уудаг. Зүрх дэлссэнээсээ, олон цохилсноосоо болоод өвчин хүндрэх биш эсрэгээрээ хэрэглэсэн эмнээсээ болоод хүндрэх тохиолдол их байдаг. Сандраад нэг эмийг давхар уудаг. Олноор нь уучихдаг тохиолдлууд их гардаг. Иймээс эмийн эмчилгээний үед заавал эмчийн хяналтаар уух ёстой.