Иргэдийн дунд түгээмэл буй нурууны суулт, чилээ зэрэг өвчний талаар DaraMed эмнэлгийн уламжлалт анагаах ухааны их эмч, Оточ Манрамба их сургуулийн багш, АУ-ы магистр С.Пэрэнлэйлхүндэвтэй ярилцлаа.
-Нурууны суулт гажиг өвчин юунаас шалтгаалан үүсдэг вэ. Манай улсын хүн амын хэдэн хувь нь нуруу, нугасны суулт гажигтай байна вэ?
-Нурууны суулт, гажиг гээд байгаа муруйлт, нурууны суудал мэдрэлийн дарагдал, зөөлөн эдийн цүлхийлт, эвэрхий, урагдал гэх өвдөлтүүд юунаас болж бий үүсэж байна вэ гэхээр дийлэнх монголчуудад байгаа хөдөлгөөний дутагдалтай холбоотой. Мөн ажил байдлын нөхцөлөөс хамаарч зогсож эсхүл сууж ажил хийдэг хүмүүст энэхүү нурууны суулт, суудал мэдрэлийн дарагдал гэдэг өвчин үүсэж байна. Зарим тохиолдолд төрөлхийн нурууны суулт, муруйлттай хүн байдаг. Гэхдээ түүнээс илүүтэй монголчуудад нийтлэг тохиолдож байгаа нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй суулт, суудал мэдрэлийн дарагдал гэдэг өвчин их болоод байна. Тоон үзүүлэлтийн хувьд авч үзвэл уламжлалтын эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь буюу арван хүн тутмын 5-6 нь нурууны өвчтэй хандаж байна.
-Насны байдлаар авч үзвэл хэдээс хэдэн насныхан нурууны өвчлөлөөр өвдөж байна вэ?
-Насны байдлаар авч үзвэл нурууны өвчтэй хүмүүсийн дийлэнх нь ид ажил хөдөлмөр хийдэг 35-45 насныхан л өвдөж байгаа. 35-45 насныханд нурууны өвчний нэлээд хурцадмал байдалтай зөөлөн эдийн урагдал үүсчихсэн эсхүл эвэрхий үүссэн байдаг. Энэ нь ажил байдлын нөхцөл болон таргалалт их болсонтой холбоотой. Жингийн илүүдэлтэй хүмүүс энэ насанд маш их байгаа. Нэг хэсэг манай монголчууд эрэгтэй хүн тарган хүнд жинтэй байхыг гоё гэдэг байлаа. Таргалалттай хүмүүст зөөлөн эдийн дарагдал, урагдал, эвэрхий үүссэн асуудал маш их байна. Түүнчлэн, 50-60 насныханд ямар өвчин элбэг байна вэ гэхээр нурууны яс ургалт, нурууны зөөлөн эдийн шохойжилт, хатуурал үүсэж байна. Эр, эмгүй нурууны өвчнөөр өвддөг. Гэхдээ хүндрүүлчихсэн ирдэг хүмүүс нь эрэгтэйчүүд байдаг. Хүндэрсэн шатандаа ирж эмчилгээг хийлгэдэг.
-Тан дээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд голчлон ямар зовуурьтай ирж байна вэ?
-Над дээр ирж эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь нурууны зөөлөн эдийн цүлхийлттэй ирж байгаа. Нурууны үе хооронд байгаа зөөлөн эд буюу жийргэвч гэсэн үг. Мөн зөөлөн эдийн эвэрхий, урагдал болсон хүмүүс их ирж байна. Манайхан чинь нурууны өвдөлтөө тоодоггүй хүмүүс юм байна. Нуруугаар нь өвдөж, чилж эхэллээ гээд өвчин намдаах эм уугаад яваад байдаг. Тэгээд нуруугаар нь татлаа гэхэд ойр зуурын эмчилгээ юм уу өвчин намдаах тариа хийлгэчхээд тоохгүй хаячихдаг. Эсвэл уламжлалтын эмч, бариа заслын хүмүүс дээр очиж түр зуур аргалж яваад байдаг. Ингэж явсаар эцсийн шатандаа эмнэлэгт очъё, мэс засал хийлгэе гээд тууштай явдаг хүмүүс л бий болчихлоо. Тэр хүмүүсийн дийлэнх нь ямар өвчтэй болсон байдаг вэ гэхээр зөөлөн эдийн урагдал, эвэрхий үүссэн, хөлийг мэдрэлжүүлж байдаг мэдрэлийн судлуудыг дарсан, хавчсан асуудлууд үүссэн байдаг. Ер нь хагалгааны өмнөх заалттай хүмүүс ирж эмчилгээ хийлгэдэг. Мөн хагалгааны заалттай хүмүүс ч гэсэн ирдэг л дээ. Мэс засал хийлгэмээргүй байна. Наана нь ямар нэг байдлаар торгоох арга байна уу гэсэн байдалтай л ирж эмчилгээ хийлгэдэг. Иргэдийг хараад байхад хэр баргийн өвчнөө тоохгүй явсаар хүнд хэлбэрийн өвчлөл үүссэн үедээ эмчилгээ хийлгэдэг.
-Ямарваа нэг өвчинд тодорхой хүнд, хөнгөн үе гэж байдаг шүү дээ. Нурууны өвчин тэр дундаа нийтлэг тохиодог нурууны суулт, муруйлтын үе шатуудыг тайлбарлаж өгөөч. Тухайлбал, хөнгөн үед ямар зовуурьтай, хүнд үед ямар зовуурь илрэх талаар?
-Нуруу өвдөхдөө чилж эхэлдэг. Удаан зогсохоор, удаан алхахаар чилээд байна гэдэг чинь нурууны үе хооронд байгаа зөөлөн эд хатуураад уян байдлаа алдаж байгаа юм. Тэгээд нурууны үе хоорондын зайнд хавчигдаж тодорхой хэмжээний өвдөлт зовуурийг үүсгэдэг. Энэ үед хэр баргийн хүн тоодоггүй. Энэ байдал цааш газар авч явсаар багадаа гурав эсвэл хоёр жилийн дараа, зарим тохиолдолд хүнд ажил хийхдээ бэртэл гэмтэл авсан тохиолдолд тэр дороо зөөлөн эдийн цүлхийлтийг бий болгодог. Цүлхийлтийн эхэн үед хонго руу өвдөж, хүмүүс эмчид хандаж эхэлдэг. Дан ганц эмч гэхгүй бариа заслынханд их ханддаг. Энэ үед аарцаг засал, нурууны суулт арилгах бариа засал хийлгэж түр зуур аргалах нь бий. Үүний дараагаар тухайн хүн тоохгүй явсаар суугаа, босоо, хүнд ажлаа хийсээр, дээр нь таргалалттай байсаар байвал байдал хүндрээд л байна. Хүндэрч явсаар зөөлөн эдийн цүлхийлт нь зөөлөн эдийн урагдал болдог. Цүлхийсэн уян хатан чанараа алдсан зөөлөн эд эвгүй мушгигдах, хүнд зүйл газраас өргөх, халтирч унах, хий гишгэх тохиолдолд урагдал үүсдэг. Нуруунд юм орчих шиг боллоо, татчихлаа гэж ярьдаг шүү дээ. Нэг бол гэдийдэг, нэг бол бөгтийгөөд хөдөлж чадахгүй нуруугаараа тахийсан хүмүүс яваад байдаг. Энэ зовуурь бол нурууны урагдал үүссэний шинж. Үүний дараагаар урагдал үүсдэггүй юм аа гэхэд зөөлөн эдийн цүлхийлт хүндэрч эвэрхий үүсдэг. Энэ тохиолдолд хөл рүү өвдөж эхэлнэ. Удаан хугацаагаар явахад гуяны гадна талаар бадайрдаг, хөлөө чирдэг, шилбэ, өсгий рүү өвддөг. Ер нь, яасан ч өвддөг болчихдог. Энэ үед эмчид их ханддаг. Энэ нь MRI зургаар оношлогддог. MRI зурган дээр танд зөөлөн эдийн цүлхийлт, эвэрхий үүсэж мэс засал хийх шаардлагатай болсон байна гэхэд тоохгүй удаан явсан хүмүүс шокт орж эхэлдэг дээ.
-Хүн яг ямар шинж тэмдэг илэрвэл нурууны асуудалтай болж байна гэдгээ мэдэх вэ?
-Түрүүнд хэлсэнчлэн нуруу чилж эхэлсэн үеэс идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээд өгөөч ээ гэсэн үг. Хүмүүс өвдөлт гэдэг зүйлийг хүлээгээд тоодоггүй. Ер нь, өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой шүү дээ. Нурууны өвчнөөр өвдөх магадлалтай гэсэн эрсдэлтэй бүлэгт хамруулж л үзэж байгаа бол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
-Нуруу нь өвдөж байгаа хүн гутлаа зөв сонгохыг эмч нар зөвлөж байгаа харагддаг. Энэ нь нуруунд хэр үр нөлөөтэй вэ?
-Хөлд хамгийн эвтэйхэн гутлыг л сонгох хэрэгтэй. Нурууны өвчтэй болохоос сэргийлж яг тийм гутал сонго гэхээр бага зэрэг асуудалтай. Хүн бүхэн өөрийнхөө хөлд тохирсон эвтэйхэн гутлыг л өмсөх хэрэгтэй. Өсгийтэй гутал өмсөх нь нурууны өвчинд халгаатай байна эсхүл хавтгай ултай гутал нурууны өвчин үүсгэдэг гэсэн нарийн судалгаа үзэж байгаагүй юм байна. Тийм судалгаа ч бараг байхгүй байх. Нурууны өвчинд гутлыг зөв буруу гэж харахаас илүү дасгал хөдөлгөөн хийдэг, хийдэггүй гэдэг асуудал л байгаа.
-Иргэдийн дунд түгээмэл байдаг нурууны өвчлөл, нурууны суултын талаарх буруу ойлголт юу байдаг вэ?
-Монголчуудын хувьд хэр баргийн өвдөлтийг тоодоггүй. Солонгос улсын эмч нар ярьж л байсан. Өвчнийг тэсвэрлэх чадвар бусад орныхноос илүү байна. Солонгостой харьцуулахад нурууны чилж өвддөг өвдөлтийг солонгосчууд заавал эмчид үзүүлэх хэрэгтэй гээд тодорхой зөвлөгөө аваад, дасгал хөдөлгөөн хийж эхэлдэг. Манайханд ийм зүйл байхгүй. Ажлаа л хийгээд байдаг. Нуруу нь чилээд л байдаг. Нурууны зөөлөн эдийн асуудлууд, судас мэдрэл дарагдахын анхан шат л даа. Үүнийг хэвийн юм шиг ойлгож явдаг. Энэ бол хамгийн том буруу ойлголт. Энэ үеэс эхлээд л миний амьдралын хэв маяг тохирохгүй байна. Нуруу чилж эхэлж байна. Асуудал үүсэх эхлэл байна гэж анхаараад дасгал хөдөлгөөн хийж эхлэх хэрэгтэй. Мөн нурууны өвчин намдаах тариа хийлгэдэг. Өвчин намдаах тариаг хийлгэчхээд өвчнөө бүрэн эдгэсэн гэж ойлгодог нь том буруу ойлголт. Нуруу руу хийж байгаа тариа мэдрэлийн өвдөлтийг бууруулах л тариа шүү дээ. Өвдөлт намдаах тариа хийлгэж өвдөлт л намдсан болохоос өвчин эдгэрсэн зүйл огт биш. Ямар нэгэн өвчин намдаах эмд үйлчлэх хугацаа гэж зүйл бий. Үйлчлэх хугацаа дуусахад өвчин хэвэндээ байгаа болохоор бүр их өвдөнө шүү дээ. Өвчин намдсан хугацаанд иргэд өвчин зүгээр боллоо гээд хүнд юм аа өргөж, суугаа ажлаа хийгээд хуучин амьдралын хэв маяг нь яг хэвээрээ. Энэ хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж өвчнөөс бүрэн ангижрах бодолтой байх хэрэгтэй. Тоохгүй явж байгаад жилийн дараа цүлхийлттэй хүн нь эвэрхийтэй, эвэрхийтэй хүн нь урагдалтай, мэс засал хийхгүйгээр эдгэрэх боломжтой байсан хүн мэс заслын шатанд ороод ирдэг.
-Нурууны суулт, муруйлт зэрэг өвчлөлийн үед ямар эмчилгээ хийлгэх вэ, хэрхэн эмчлэх вэ?
-Уламжлалт, сэргээн засах, физик эмчилгээ, хөдөлгөөн засах эмчилгээ гэж бий. Миний хувьд эмчлүүлэгчдээ 7-10 хоног курс эмчилгээ хийлгэ гэдэг. Курс эмчилгээ нь нурууны өвчнийг 100 хувь бүрэн эдгээж байгаа зүйл биш. Тухайн үед өвдөлт ихтэй байвал өвдөлтийг намдаана, хөдөлгөөний чадавхыг сайжруулна. Ийм л эмчилгээнүүд долоо хоногт хийнэ. Уламжлалт хавсарсан эмчилгээ хийлгэж байгаа үед амьдралын чадавх нь сайжирна гэсэн үг. Хөдөлгөөн нь сайжирч, өвдөлт нь намдахаас цаад нурууны муруйлт бүрэн засагдахгүй. Үе шат бүрд тохирсон эмчилгээ байна. Эхний чилж эхэлж байгаа үед дасгал хөдөлгөөнөөр арилгах хэрэгтэй. Чилж эхэлснээс хойш буюу хонго руу өвдөж, байнгын нурууны өвдөлттэй болж байгаа үед бариа засал хийлгэж, нурууны булчинг суллан үе хоорондын зайг холдуулж болно. Энэ байдлаас хүндэрч зөөлөн эдийн цүлхийлт, урагдал, эвэрхий үүссэн тохиолдолд аль болох зөөлөн бариа заслаар нурууны булчинг суллах хэрэгтэй. Булчин нь сулрахгүй бол булчин суллах эмтэй хавсрах хэрэгтэй. Мөн мэдрэл дагасан өвдөлт үүссэн бол зүү тавиулна. Манай иргэдийн хувьд нурууны эвэрхийтэй, урагдал үүссэн, цүлхийлтийн хүнд хэлбэр үүссэн асуудал дээр блок гаргадаг хүн дээр очоод улам дордуулаад ирдэг. Тэгэхээр ямар үе шатанд ямар эмчилгээ хийлгэх вэ гэдэг тал дээр тодорхой хэмжээний мэдлэгтэй баймаар байна.
-Цаг хугацааны хувьд хэр хугацааны дараагаар эдгэрэх боломжтой вэ?
-Чилж эхэлж байгаа үед дасгал хөдөлгөөн хийхэд хурдан эдгэрэх боломжтой. Суугаа ажил хийж байгаа хүн амьдралын хэвшил болгочих хэрэгтэй. Харин бага зэрэг зөөлөн эдийн цүлхийлт үүсэж эхэлж байгаа, суудал мэдрэлийн дарагдал үүсэх үе шатын өмнөх үед сарын хугацаанд гайгүй болох боломжтой.
Монголчуудын дийлэнхэд байгаа цүлхийлт, суудал мэдрэлийн дарагдал, урагдал, эвэрхий үүссэн хүмүүст багадаа зургаан сар тууштай идэвх зүтгэл шаардана. Эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгээд, дасгал хөдөлгөөнийг зургаан сар тууштай байлгах хэрэгтэй. Тэгж байж зургаан сарын дараа тодорхой хэмжээний үр дүр гарч эхэлнэ. Тэгэхгүйгээр нэг эмчилгээ хийлгэж, өвдөлт намдахаар хаяж алга болдог. Эмч нар танд зургаан сарын турш тууштай эмчилгээ шаардлагатай шүү. 2-3 удаагийн эмчилгээ хийлгэнэ, дасгал хөдөлгөөн хийх ёстой гэхээр миний өвчнөөр бизнес хийх гэж байна гэдэг асуудал эмчлүүлэгчийн талаас байна. Өвдөлт намдчихаад байхад дахин эмчилгээ хийж, надаас мөнгө авах гээд байна гэсэн буруу ойлголт байна. Эмчилгээ хийлгэж л байгаа бол тодорхой хэмжээний үнэ хөлс яригдах нь ойлгомжтой. Гэхдээ төлбөрөөс илүү таны эрүүл мэнд хамгийн чухал шүү дээ. Энэ зургаан сарын хугацаанд тууштай эмчилгээ хийлгэхгүй бол дараагийн удаа бүр үнэтэй мэс засал хийлгэнэ. Мэс засал 100 хувийн найдвартай эмчилгээ биш ээ.
-Нурууны бүс нуруунд хэр ач холбогдолтой вэ?
-Зөөлөн эдийн цүлхийлт, урагдалт, эвэрхий үүссэн хүмүүс нурууны бүсийг байнга зүүх хэрэгтэй. Мөн нуруу нь өвдөж эхлэх гээд байгаа суугаа болон босоо ажил хийдэг хүмүүс нурууны бүс байнга зүү. Нурууны бүс бол дээрээс ирж байгаа ачааллыг нурууны үе хоорондын бүх зайнд жигд тараадаг. Тэгэхээр аль нэг үе дээр илүү их цүлхийлт, дарагдалт үүсэх эрсдэлээс сэргийлж авардаг. Хүнд юм өргөж яваа иргэд хий гишгэж, хүнд зүйлээ эвгүй өргөх нь бий. Ийм тохиолдолд урагдлаас сэргийлж байгаа юм. Нэгэнт нурууны өвчин үүссэн тохиолдолд эвгүй халтирах, гишгэхэд гэнэтийн өвдөлт, булчингийн чангарал үүсэхээс нурууны бүс сэргийлдэг. Тиймээс нурууны эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс байнгын нурууны бүсийг зүүх хэвших хэрэгтэй.
-Урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарвал зохих вэ?
-Дасгал хөдөлгөөнийг амьдралын хэвшил болго. Фитнес, нурууны сунгалтын дасгал, иогийн дасгал хийдэг юм уу. Аль болох л дасгал хөдөлгөөний идэвхтэй байдлыг дээд зэргээр амьдралдаа бий болгох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
https://itoim.mn/a/2023/06/24/healthy-mongolia/wpg