Эмч нар үндсэн ажлаасаа хөндийрч, ажлын гүйцэтгэл гаргахад цаг ихээр зарцуулж байна



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнгөрсөн баасан гарагийн /2023.06.16/ хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл:Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг сонссон.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд xамруулax  ажил эхлээд нэг жил өнгөрч байгаа хэдий ч улсын хэмжээнд нийт хүн амын дөнгөж 31 хувь нь хамрагдсан байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг онцлов.
Мөн эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилт нэвтэрсэн нь эмч нар үндсэн ажлаасаа хөндийрч маш их цагийг ажлын гүйцэтгэл гаргах тооцооны ажилд зарцуулж байгаа юм байна. Тиймээс  эрүүл мэндийн салбарт цахим мэдээллийн сүлжээг боловсронгуй болгож хөгжүүлэхэд Засгийн газар, ялангуяа Эрүүл мэнд, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч ажиллах нь чухал гэдгийг дурдсан.
Мөн эрт илрүүлгийн  явцад аймаг, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуур, урвалж бодисоор хангах, чадавхжуулах, алслагдсан сум, баг, хороонд амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй, бусад шалтгаанаар эрүүл мэндийн байгууллагад хандах боломжгүй иргэдэд явуулын хэлбэрээр үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх хэрэгцээ байгаа нь харагдсан.
Орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглан, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлэх ажлыг нэвтрүүлэх ажил удаашралтай байгааг Ц.Туваан гишүүн санал, дүгнэлтдээ онцлоод Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зарцуулалтад хяналт тавих тогтолцоог илүү сайжруулах, үүний тулд Эрүүл мэндийн даатгалын сангийн Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хараат бус ажиллах бодлогын арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.
Түүнчлэн хүн амын эрүүл мэндийн асуудал өрхийн орлого, амьдралын чанартай шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд өрхийн бодит орлого буурч, хүнсний гол хэрэгцээт барааны үнэ нэмэгдэж, ядуу иргэдийн тоо өсөж байгаа нь тулгамдсан асуудал боллоо. Улс орны эдийн засгийг тогтворжуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ үгүйлэгдсээр байна. Ийм нөхцөл байдалд эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, хүний нөөцийн зөв бодлого явуулж, чадавхжуулах, олон улсын байгууллагуудын санхүүгийн тусламжийг энэ чиглэлд түлхүү зарцуулах, эрт илрүүлгийн ажлыг төлөвлөсөн хугацаанд бүх иргэдийг, ялангуяа орлого багатай иргэдийг бүрэн хамруулах хэлбэрээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Эцэст нь эрт илрүүлгийн ажлыг нийтийг хамаарч хийхийн зэрэгцээ оношилгооны чанар үр дүнг нь сайжруулах үүднээс зүрх судасны өвчин, хавдар, бэлгийн замаар дамжих халдварт өвчин гэх мэт анхаарал татсан өвчлөлөөр  зохион байгуулах нь нэн чухал гэдгийг  онцлон тэмдэглэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

640мл усны шид