Канадын 44 настай зохиолч, профессор Шоносси Бишоп-Столл дэлхийн 30 хотоор аялж, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэжээ. Түүний зорилго нь шарталтыг маш түргэн хугацаанд тайлах шидэт бэлдмэлийг олох байж. Нэг хотод очиж согттолоо уусныхаа маргааш Шоносси тухайн нутгийнхны шарталт тайлах элдвийн л зүйлийг зааврын дагуу хэрэглэж, туршсаар иржээ.
Хонины даршилсан нүд, тамхи үйрүүлж хутгасан кофе, үнэтэй эм тан гээд шараа тайлахын тулд хэрэглээгүй зүйл цөөн гэнэ. Мөн ихэвчлэн нутгийн дарсыг ууж шараа тайлсан байна. Мэдээж, олон хоног бус бүр олон сараар ууж буй түүний амьдралд элдвийн л асуудал тулгарчээ. АНУ-ын Аризона мужийн хотын нэгэн шөнийн цэнгээний газар ууж байгаад ухаан санаагаа алдаад сэртэл цөлд арьсаа түлэгдтэл унтчихсан байж.
Мөн Германы нийслэл Берлинд ууж яваад гадаад паспортоо гээгдүүлсэн тул мөнгөгүй долоо хоног гудамжаар хэсүүчлэхэд хүрчээ. Ингэж арван жилийн турш өөр дээрээ туршилт хийж, ууж согтуурсны тэрбээр шар амархан тайлах бэлдмэлээ олсноо зарлалаа. Энэ нь 150 мг N-ацетилцистеин (NAC) гэнэ. N-ацетилцистеин нь өвчин намдаагч “Тайленол” эмд ихээр агуулагдсан байдаг ажээ. Үүн дээр В1, В6, В12 амин дэмийг нэмж хэрэглэвэл бүр ч сайн үр дүнтэй гэж профессор зөвлөжээ. N-ацетилцистеин элэгний үйл ажиллагааг сайн дэмжиж, сэргээдэг юм байна. Шоносси өөрийн адал явдлынхаа талаар Hungover: The Morning After and One Man’s Quest for the Cure ном бичиж, борлуулалтад гаргажээ.