АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч С.Сээсрэгдоржтой ярилцлаа.
-Таныг инновацийн чиглэлээр хоёр ч бүтээгдэхүүн гаргасан гэж сонссон. Анагаах ухааны салбарт инноваци хийх боломж, нөөц хэр байдаг вэ?
-Би уламжлалт анагаах ухааны хүн. Уламжлалт анагаах ухааны мэдлэг, энэ чиглэлийн судалгаа, эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд суурилан “Оюутолгойгоос 4-5 дахин илүү орлого олох бололцоо уламжлалт анагаах ухаанд байна” гэж академич Ш.Болд хэлсэн байдаг. Энэ бол цээжнээсээ гаргаад тавьчихсан тоо биш. Тооцож боддог томьёоллоор энэ хувилбарыг нь гаргаж тавьсан байх. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны салбарт энэ хэмжээний инноваци байна гэж харагдаж байна.
Анагаахын их сургуулийн багш хүний хувьд байх ёстой хамгийн чухал үүрэг бол нэгдүгээрт, хүн чанар, ёс зүйн асуудал, дараа нь сайн багш, сайн эмч байх ёстой. Мөн эрдэм шинжилгээний ажил байна. Аль нэгийг түрүүнд тавих бус бүгдэд нь адил тэнцүү оролцох ёстой. Ялангуяа, сүүлийн жилүүдэд судалгаанд суурилсан их сургууль болохоор манай АШУҮИС-ийн хамт олон ихээхэн анхаарал хандуулан ажиллаж улс орны хэмжээнд тэргүүлэх эгнээнд явж байгаа.
Энэ хүрээнд би судалгаа шинжилгээний ажлыг бас ч гэж эртнээс эхлүүлжээ. Гэхдээ энэ бол багш болгоны хийдэг ажил. Монголын уламжлалт анагаах бол дээдсийн минь хийж бүтээсэн соёл, шинжлэх ухааны арвин өв сан юм. Уншиж судлах юм бол тэнд анагаахын шинжлэх ухааны цаашдын хөгжил, гарц, нөөц, нууц юу вэ гэдэгт хариулт болох их хөрөнгө бий. Аливаа судалгааг сайн бодож судалж төлөвлөж хийх хэрэгтэй байдаг. Энэ талаар олон улсад ч манайд ч тулгамдаж байгаа асуудал бол гэмтэл бэртэлд өгчих дотоодын бүтээгдэхүүн алга. Түүнчлэн ясны сийрэгжилт гэдэг чимээгүй цагаан тахал хүн амын өвчлөлийн дунд аль ч оронд өндөр байна. Эдгээр өвчнийг анагаах юу байгаа талаар нөгөө өв сангаасаа ухсан хэрэг. Энэ талаар сурвалж тайлбар бүтээлүүдэд ургамал, эрдэс, чулууны талаар тодорхой бичиж бидэнд үлдээжээ. Эдгээрээс олон талаас нь шүүн тунгааж судалгаа бүхий сонголт хийж эмийн жоншинд суурилж бусад цөөн тооны нөөц сайтай эмийн түүхий эдүүдийг нэмж шинэ жор үүсгэж судлаад түүндээ тулгуурлаж “Остеокальци-5” бүтээгдэхүүнийг гаргасан. Энэ бүтээгдэхүүнийг ЭМЯ-ны ёс зүйн хорооны зөвшөөрөлтэйгөөр ГССҮТ, СХД-ийн эмнэлэгт судлан нотолгоожуулж гаргасан одоо өргөн хэрэглэж байна. Шинжлэх ухааны байгуулагуудын оны тэргүүний шагнал ч хүртсэн.
“Остеокальци-5” шиг ясны бэртэл, сийрэгжилтэд хам байдлаар үйлчилдэг эм бэлдмэлийн талаар олон улсад одоохондоо мэдээлэгдээгүй байна. Түүгээр ч үл барам энэ бүтээгдэхүүн ясны бас нэг аюултай остеомиелит буюу ясны идээт үрэвсэлд үр дүнтэй байна. Ийм оноштой группэд байсан 10 жил дараалан хагалгаанд орсон хүн хэрэглээд эдгээд группээсээ гараад ажил төрлөө хийгээд явж байна. Энэ бүтээгдэхүүний давуу тал нь шинэ яс үүсэх явцыг дэмжиж, ясны задрал, үрэвслийг дарж, дархлааг дэмжиж, өвдөлт намдааж, биеэс хорт бодисыг зайлуулдаг гэсэн олон чухал үйлдэлтэй. Бусад ижил төстэй бүтээгдэхүүнд илэрдэг сөрөг нөлөө үүсдэггүй онцлогтой.
-Хоёр дахь бүтээгдэхүүнээ мөн жоншноос гаргаж авсан шинэ жор уу?
-Мөн л эмийн жоншин дээр суурилж ходоодны улайлт, шарх, шалбархай, үрэвсэл болон цээж хорсох шинжээр илэрдэг ходоодны сөргөө өвчинд хам байдлаар үйлчилдэг ходоод, улаан хоолойн хүчил шүлтийг богино хугацаанд тэнцвэржүүлдэг “Антацидкальци-6” гэдэг бүтээгдэхүүнүүдийг гаргаж авсан. Энэ бүтээгдэхүүн хеликобактерт нөлөөлж байна гэсэн лабораторийн шинжилгээний дүн гарсан байдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн мөн олон талын хамтарсан үйлдэлтэй өргөн хүрээний үйлчилгээтэй, ижил төстэй гадаадын олон бүтээгдэхүүнийг орлох боломжтой нь тодорхой байгаа.
-Уламжлалт анагаах ухаан эргэн сэргэж хөгжихийн эхээс нь та гар бие оролцож түүнээс хойш тасралтгүй ажиллаж иржээ. Та уламжлалт анагаах ухааны давуу гайхамшигтэй чанарыг юу гэж үздэг бол?
-Уламжлалт анагаах ухаан бол хэзээ ч хаана ч хэрэгжих байгалийн хуулийг онол сургаалиа болгож төгс чанартай цэгцэрч аливаа асуудлыг өргөн хүрээнд цогц нэгдмэлээр авч үзэж болдог нь гайхамшигтай байдаг. Орчин үеийн анагаах ухааны гол асуудал болгож байгаа бодгалжсан анагаах ухааныг л гэхэд биеийн галбир төрөх, хэл сэтгэхүйн онцлогийг хувь хүний төрөлхи өвөрмөц чанартай холбон нэгдмэлээр шийдэж онол, хэрэглээнийхээ гол цөм болгож олон зуунаар дамжуулсан хөгжүүлж нотолгоожуулсан нь гайхалтай. Уламжлалт анагаах ухаан хүний бүх асуудалд цогцоор хандаж ерөнхий болон ялгавартай шүтэн барилдлагад нь авч үздэг нь их ээдрээтэй оньсон тоглоомыг эвлүүлэх мэт бөгөөд энэ арга зүйд бид суралцаж эзэмших ёстой юм.
-Сүүлийн асуултыг танд үлдээе...
Монгол анагаах ухаан бол бидний өв их соёл, олон зуун жилээр батлагдаж нотлогдсон өвчнөөс сэргийлэх, эдгэрүүлэх анагаах урлаг, цаашдын хөгжлийн гарц, нөөц, нууц увдис, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх Монгол бренд юм гэдгийг онцолж хэлье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН