-Цөс ямар үүрэгтэй эрхтэн бэ. Цөсний чулуу үүсэх гол шалтгаан юу вэ?
-Цөс нь амьтны болон ургамлын гаралтай өөх тосыг задлах үүрэгтэй, агшмал байдалтай байдаг эрхтэн. Хүний одоод гэдэс рүү задлах үүрэгтэй хоол хүнс нь орж ирэхгүй бол цөсний хүүдий хэзээ ч агшихгүй. Цөсний хүүдий агшихгүй байх нь чулуу үүсэх гол шалтгаан болно. Мөн тогтмол цагт хоол идэхгүй бол цөс нь өтгөрнө, сунана, хана нь гэмтэнэ. Цөсний хана гэмтвэл ургацаг ургана, талсжаад эхэлбэл чулуу үүснэ. Мөн өөр нэг шалтгаан нь шарж, хуурсан зүйлд хүмүүс дурламтгай болчихсон. Хоолоо амттай болгохын тулд маш их шарна, хуурна. Энэ нь цөсний зогсонгишил болох, цөсний хүүдийд чулуу үүсэх шалтгаан болно. Нэгэнт үүссэн чулууг түүж авна гэж байхгүй учир цөсний хүүдийг нь хамт авахаас өөр аргагүй.
-Цөс угаана гэж ярьдаг шүү дээ. Цөсөө угааж байна гээд шар сүү, магнизм уугаад дэглэм бариад байдаг. Энэ зөв үү?
-Цөсөө угаана гэсэн ойлголт огт байхгүй. Цөсний хүүдий агшаана л гэж бий. Хэрэв цөсний хүүдийг агшаая гэвэл амьтны юм уу, ургамлын гаралтай өөх тос хэрэглэвэл зохино. Жишээлбэл, малын гаралтай мах, цагаан идээ, өндөг орно. Хоолоо тогтмол цагтаа идэх, цөсний хүүдийд тохиромжтой хоол идээд л байвал цөс эрүүл байна. Цөсний хүүдий ходоод, бүдүүн гэдэс шиг хүрэх эрхтэн биш учир угаана гэж огт байхгүй. Цөсөө угаана гээд магнизм уулаа гэхэд магнизм хүрэх эрхтэн буюу ходоод гэдсэндээ үйлчлээд, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжээд, өтгөн гаралтыг сайжруулаад л өнгөрнө. Түүнээс биш цөсний хүүдийд шууд нөлөөлж чадахгүй.
-Цөсний хүүдийг авлаа гээд биед гарах өөрчлөлт бий юу. Бүрэн эдгэрсэн гэсэн үг үү?
-Хэрэв биохимийн шинжилгээгээр цөс зогсонгишлийн үзүүлэлтүүд нь өндөр гарвал эмийн эмчилгээ яригдана. Хүмүүсийн дийлэнх гаргадаг алдаа гэвэл цөс нь өтгөрөөд, чулуу үүсэхээр хагалгаагаар цөсний хүүдийгээ авахуулчихаж байгаа юм. Үүний дараа өөрийгөө эдгэрчихлээ гэж боддог. Гэтэл элэг дотор олон тооны цөсний сувгууд байдаг. Тэр сувгууд дотор чулуу үүсэхийг үгүйсгэхгүй. Гол шалтгаан болох цөсний өтгөрөлтийг шийдэж чадаагүй, зөвхөн үр дүнг нь л авахуулсан гэсэн үг. Мэдээж цөсний хүүдийг авахуулж байгаа учир ямар сайн байх вэ дээ. Нэг эрхтэнээ алдчихаж байгаа л гэсэн үг. Тиймээс цөсний хүүдийг үрэвсүүлэхгүй байх л арга хэмжээ авна.
-Тэгвэл цөсний хүүдий агшаах энгийн аргаас манай уншигчдад зөвлөгөө өгнө үү?
-Тогтмол цагт хоол идэх, мөн дээр дурдсан малын гаралтай мах, цагаан идээ, өндөг зэрэг хүнс түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Цөсний чулуугүй бол олив юмуу наранцэцгийн тосыг өглөөд амны халбагаар уувал цөсний хүүдийг 100 хувь агшаана. Би цөс угаах гэдгийг ойлгодоггүй. Сайн арга ч гэж хэлж чадахгүй. Олив юм уу наранцэцэгийн тосыг амны халбагаар уугаад шууд эход харууллаа гэхэд цөсний хүүдий агшчихсан байх жишээтэй. Мөн цөсний хөөлт ч маш сайн явагдана. Харин цөсний чулуутай хэрнээ цөсний хүүдий агшаах арга хэмжээ авбал бүх чулуунууд нь суваг руу очиж бөглөрөөд шууд шарлах аюултай. Тиймээс маш болгоомжтой хандахыг зөвлөе.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Амаржаргал
https://itoim.mn/a/2023/02/28/healthy-mongolia/esx