Улирал солигдож байгаатай холбогдуулан эрүүл зөв хооллолтын талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туултай ярилцлаа.
-Эрүүл хооллолт гэж юу вэ?
-Эрүүл хооллолт гэдэг нь хувь хүний биеийн онцлог, нас, хүйс, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд тохируулан өдөрт тутамдаа 5-6 төрлийн бүлэг хүнсээс тохируулан хэрэглэхийг хэлнэ. Үүнд үр тариа буюу гурил будаа, уураглаг бүтээгдэхүүн болох мах, өндөг болон сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, ус зэрэг багтана. Үүнээс аль нэг төрлийн хүнсийг хэрэглэхгүй бол эрүүл хооллолт болж чадахгүй. Жимс жимсгэнэ, хүнсний ногооноос шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг авна. Махнаас уураг, өөх тосыг, сүү, сүүн бүтээгдэхүүнээс уураг болон эрдэс бодисыг авдаг. Гурилан бүтээгдэхүүн нүүрс ус өгнө. Харин эдгээрийн аль нэгийг нь дагнан хэрэглэвэл шаардлагатай шимт бодисоо бүрэн авч чадахгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр зургаан бүлэг хүнсээс зөвлөмж хэмжээгээр тааруулж хэрэглэх хэрэгтэй. Үүнийг гэр зөвлөмжид тусгасан.
Хүнд өдөрт авах ёстой илчлэг, физиологийн норм гэж бий. Дундаж хэргэм настай эрэгтэй хүн өдөрт 2400 ккал хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Харин эмэгтэй хүн 2300 ккал. Хүний хамгийн их илчлэг авах ёстой үе нь 15-18 нас байдаг.
-Уламжлалт баяруудаар бид ихэвчлэн буруу хооллодог шүү дээ. Эдгээр өдрүүдэд хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэх зэргээс үүдэж ямар сөрөг нөлөө илрэх вэ?
-Нэг дор хэт их хоол хүнс хэрэглэснээр ходоод гэдэс хямрах эрсдэлтэй. Хүн нэг удаад 3-4 төрлийн хүнсийг хэрэглэвэл зохистой. Жишээ нь, мах, гурил, ногоо гэх мэт. Түүнээс их хүнс хэрэглэвэл ходоод гэдэсний ачаалал нэмэгдэж, хямрана. Тогтмол хэтрүүлэн хоол иддэг бол мэдээж энэ нь асуудалтай гэж үзнэ. Харин баярын 2-3 өдөрт гарах сөрөг нөлөөлөл харьцангуй бага. Харин хоолоо шингээхийн тулд халуун бүлээн шингэн юм уух хэрэгтэй. Ялангуяа халуун өөх тостой хоолны дараа, хүйтэн ус ундаа уухаас аль болох татгалзаарай. Ингэснээр ходоод, нойр булчирхай цочрохоос сэргийлнэ.
Ногоон өнгийг бүрдүүлж байгаа будагч бодис хлорфилл бие махбодиос хортой бодисуудыг гаргадаг. Цусыг цэвэршүүлж, өөх тосыг биед хуримтлахаас сэргийлдэх ач холбогдолтой. Тиймээс аль болох ногоон өнгийн ногоо орсон салад хэрэглэвэл тохиромжтой.
-Мөн баярын өдрүүдээр хоолны хажуугаар архи согтууруулах ундаа уух нь түгээмэл байдаг?
-Мэдээж битгий уу гэж хэлж болохгүй. Иргэдэд бага багаар тохируулж хэрэглэхийг зөвлөж байна. Хэмжээ хязгааргүй уувал, архи их идэх зуршлыг өдөөдөг. Ингэснээр таргалалтаас гадна, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон элэг, цөс, нойр булчирхайг цочроох эрсдэлтэй.
-Монголчуудын хооллолтонд хамгийн их гаргадаг алдаа юу вэ?
-Өглөөний цайгаа уудаггүй тохиолдол их байдаг. Өглөөний цайгаа уухгүй гарснаар хамгийн эхэнд өдрийн цагаар ядарна. Цаашлаад анхаарал төвлөрөлт удааширна. Мөн өдөр болон орой их идэх гээд байдаг. Түүнээсээ болоод илүүдэл жинтэй болох эрсдэлтэй.
-Монголчууд ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж буй шалтгаан юу вэ?
-Мэдээж саяны хэлсэн өглөөний цайгаа уухгүй гарахаас эхлэлтэй буруу хооллолтын дадал юм. Мөн бип эрүүл бус хүнсний хэрэглээтэй. Манай монголчууд давс, давсалсан хүнсний хэрэглээ ихтэй. Сүүлийн үед кимчиний хэрэглээ ихсэж байна. Мөн хиам, зайдас химийн нэмэлт бодистой ба давсны агууламж өндөр. Цаашлаад түргэн хооллолтын хэв маяг түгээмэл болж байна.
-Соёлын нөлөөгөөр бидний хоол хүнсэнд байгаагүй кимчи зэргийг хэрэглэх болсон. Бидний шингээж чадахгүй хүнс гэж байдаг уу. Кимчи нь бидний бие организмд тохирох бүтээгдэхүүн үү?
-Кимчи ач холбогдолтой хүнс. Учир нь исгэсэн хүнсэнд ашигтай бактер агуулагддаг. Ашигтай бактер нь хүний биед тоо толгой нь хангалттай хэмжээнд байх нь эрүүл мэндийн олон ач холбогдолтой. Жишээ нь, гэдсэнд дэх сөрөг нөлөөтэй хортой бичил биетнүүдийг устгаж, хүнийг дархлааг сайжруулдаг. Үүнээс гадна хүүхдийн өсөлт хөгжлийг нь дэмжих ба зарим төрлийн амин дэмийг нийлэгжүүлдэг. Тэрхүү ашигтай бичил биетийг агуулсан хүнсийг хэрэглэж чадвал сайн. Харин кимчиг орлох үндэсний бүтээгдэхүүн бол тараг, зөөхий, айраг, хоормог юм. Кимчи хэдий ашигтай бактер агуулдаг ч гэсэн сөрөг чанар нь давамгай. Ходоодны хавдар үүсэхэд давс гол нөлөө үзүүлдэг. Тиймээс кимчи манайд тийм ч тохиромжтой хүнс биш.
-Улирал солигдож байгаатай холбоотой холбогдуулан хооллолтын ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хаврын улиралд халуун чанартай хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Адууны мах, гаа сармис болон аль болох шөл устай хоол хүнс хэрэглэвэл тохиромжтой. Мөн хүүхэд баяр ёслолын үеэр амттан их хэмжээгээр хэрэглэдэг. Түүний оронд хоол сайн идүүлэх хэрэгтэй. Хүүхэд амттан идэх тусам хоолны дуршил буурна. Өдөрт авах ёстой илчлэгээ зөвхөн чихэр, шоколадны нүүрс уснаас авбал хоолны дуршилгүй болж, дархлаа нь сулардаг. Ингэснээр шаардлагатай амин дэм, эрдэс бодис, уураг гэсэн шимт бодисуудаа авдаггүй. Үүний үр дүнд цагаан сарын дараа хүүхэд ханиад томуу хүрэх эрсдэлтэй.