​М.Булган: Дасгал ихэдсэнээр зүрх ядарч, өвдөлтгүй зовуурь мэдэрч эхэлдэг



Дасгал хөдөлгөөн хийхдээ зүрхэндээ хэт ачаалал өгснөөс болж бие махбодод гарах өөрчлөлт болон зохистой ачааллын талаар Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Анагаах ухааны албаны дарга, их эмч М.Булгантай ярилцлаа.  
-Дасгал хөдөлгөөн хийх, ялангуяа хэт өндөр ачаалал авах нь зүрхэнд хэрхэн нөлөөлөх вэ? 
-Сүүлийн үед иргэд фитнесээр хичээллэх, жингээ нэг дор хэт их хаях, жингээ барих, биеийн галбирыг засах, усанд сэлэх, кардио дасгал хийх, спиннингээр хичээллэх зэрэг нь нэмэгдсэн. Өөрийн зорьсон жиндээ ч юм уу, ямар нэг үр дүнд хүрэхийн тулд эрчимтэй дасгал хийдэг. Зүрхний хэм алдагдалтай хүн өндөр ачаалалтай дасгал хийхэд зүрх нь өвдөх зовуурь илэрдэг. Гэтэл түүнийгээ өндөр ачаалалтай дасгал хийж байгаа юм чинь зүгээр гээд тоохгүй орхидог талтай. Үүн дээр нэмээд багш нар нь яваандаа дасна, та огт ачаалал авахгүй байж байгаад гэнэт ачаалал авахаар ингэж байгаа юм гэж зөвлөгөө өгдөг. Ингээд зүрхний өвчнийг даамжруулах эрсдэлтэй.  
Фитнест энгийн дасгал хийх нь нэг асуудал. Харин жингээ хасах, эрчимтэй галбиржих зорилгоор хэт ачаалал авч байгаа бол эхлээд зүрхээ үзүүлж, зүрхний цахилгаан бичлэг хийлгээд ямар нэгэн өөрчлөлт, эмгэг байна уу гэдгээ оношлуулах хэрэгтэй юм. Гэвч фитнест орох гэж буй бүх хүнийг эхлээд зүрхээ үзүүл гэх боломжгүй. Тиймээс үүгээр дамжуулж зөвлөхөд зүрхний цахилгаан бичлэгээ хийлгээд, дасгал хөдөлгөөнөө хийх нь үр дүнтэй.  
-Дасгал хөдөлгөөнөөр хэт ачаалал авч, тэр нь зүрхэнд нөлөөлбөл ямар шинж тэмдэг илрэх вэ? 
-Хүний дундаж зүрхний цохилт минутад 70-85 байдаг. Зүрхний цохилт 150-аас дээш гараад ирвэл хэт өндөр ачаалал зүрхэнд очсоныг илэрхийлнэ. Энэ нь удаан үргэлжилснээр нойргүйдэх, давчдах, олон хүнтэй газраас зайлсхийх, өөрийн мэдэлгүй ядрах, цээж нэлэнхүйдээ хөндүүрлэх шинж тэмдэг илэрнэ. Үүнийг хүмүүс зовуурь гэж ойлгодоггүй. Өөрийгөө ажлын ачаалалтай байна даа, стресстэй байна даа, нойргүй яваад байснаас боллоо, дасгал хөдөлгөөн ихдээд байгаа юм байна даа гэж боддог. Тэгээд удахгүй хэвийн байдалдаа орох байх гэсэн хүлээлттэй байдаг. Гэтэл энэ нь зүрх хэт ачааллаж, өвдөлтгүй шинж тэмдэг илэрч байгаа гэсэн үг юм. 
-Зүрхний цохилт 150-аас дээш гарвал хэт өндөр ачаалал байх нь. Зүрхний цохилт хэд байвал зохистой гэж үзэх вэ? 
-Хүний зүрхний цохилтын тоо харилцан адилгүй, өөр өөр байдаг. Ихэвчлэн минутад 70-85 цохилдог. Тухайн хүн зүрхээ минутад хэд цохилж байгааг эхлээд хэмжих хэрэгтэй. Тэгээд дасгал хөдөлгөөний үед 60-70 хувиар нэмэгдүүлж болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүний зүрх минутад 70 цохилдог бол дасгал хөдөлгөөний үед 110 болж өсөх нь хэвийн гэсэн үг. Харин дасгал хөдөлгөөний үед зүрхний цохилт хоёр дахин нэмэгдвэл хэт ачаалал гэж үзнэ. Энэ үзүүлэлт мэргэжлийн тамирчид дээр өөр гэдгийг онцлох нь зүйтэй.  
Нэгд, дасгал хөдөлгөөн хийхийн өмнө буюу тайван байх үедээ зүрхээ нэг минутад хэд цохилж байгааг мэдэх. Хоёрт, дасгал хөдөлгөөн хийсэн, өндөр ачааллынхаа үед зүрхний цохилт минутад хэд болж нэмэгдэж байгааг тэмдэглэх. Гуравт, дасгал дууссанаас 30 минутын дараа мөн зүрхний цохилтоо минутад хэд байгааг тэмдэглэх. Тэгээд үүнийгээ багшдаа эсвэл зүрхний эмчид, спортын эмчид хянуулдаг байвал тухайн хүнд өөрт нь л хэрэгтэй.  
Жишээлбэл, тухайн хүний зүрхний цохилт энгийн үед минутад 75 цохилдог байлаа гэж бодъё. Тэгээд сар фитнест явсны дараа минутад 90 удаа цохилдог болж өөрчлөгдөөд буухгүй байвал зүрхэндээ хэт ачаалал өгөөд, зүрхний хэт ядралд орсон байх магадлалтай. Зүрхний хэт ядралд орсноор дээр хэлсэн шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. 
-Ярилцсанд баярлалаа.  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан