Шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлджээ. Дэлгүүр, худалдааны төвүүдээр амттаны цуглуулга болсон бэлэгнүүд өрөөстэй. Өнгө өнгийн цаасаар бүрсэн бэлэгнүүд амттай харагдавч, нэг уут бэлгэнд хүний өдрийн хэрэгцээнээс 16-20 дахин их сахар агуулагддаг нь харамсалтай.
Тодруулбал, Мэргэжлийн байгууллагаас нэг бэлгэнд ойролцоогоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүн агуулагддаг гэж тооцсон бөгөөд ийм бэлгэнд ойролцоогоор 300-400 грамм сахар агуулагддаг аж. Энэ нь 30 гаруй халбага сахартай дүйцэх юм. Ууталсан бэлгэнд сахарын хэмжээнээс гадна транс тос, хадгалалтын хугацаа, зэрэг асуудал яригдана. Бид их хэмжээний амттан, сахар нь хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмонгоос тодрууллаа.
-Хүүхэд баяраар нэг дор их хэмжээний амттан иддэг. Энэ нь эрүүл мэндэд нь ямар аюултай вэ?
-Хүн тэжээллэг, аюулгүй хүнсийг тогтмол, тохируулан зөв хэрэглэснээр хоол, хүнснээс үүдэлтэй өвчин эмгэгээс сэргийлж, улмаар хөдөлмөрийн бүтээмж, оюуны чадамж өндөр байж, амьдралын чанар нь сайжирдаг. Олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэх, хоногт гурав болон түүнээс олон нэгж хүнсний ногоо, хоёроос доошгүй нэгж жимс хэрэглэх, сүү, цагаан идээ, эслэгээр баялаг хүнс хэрэглэх, өөх тосыг тохируулан, амьтны гаралтай өөх аль болох бага хэрэглэх, сахар, чихэр, давсыг тохируулан хэрэглэх, архи, согтууруулах ундааг хязгаартай хэрэглэх зэрэг зөв хооллолтын энгийн дадлууд нь хүний эрүүл мэндийг тодорхойлдог.
Хязгаартай хэрэглэх хүнс буюу сахарын хэрэглээ хоногт авах ёстой нийт илчлэгийн 10 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй.
Сахарыг хэтрүүлэн хэрэглэснээр хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулах, эрүүл саруул өсөж, бойжих нөхцөлийг бууруулах, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
-Хүүхдийн бэлгэнд чихрээс гадна чипс, жигнэмэг, крем агуулсан зүйлс байдаг. Чихрээс гадна транс тос, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн зэргийн аюулын талаар ярьвал?
-Хүүхдийн бэлэг бэлтгэхдээ зөвхөн идэх зүйлс биш ном, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, хичээлийн хэрэгсэл гээд олон сонголт эцэг эхчүүдийн гарт байдаг.
Боож бэлтгэсэн ихэнх бэлгэнд овор хэмжээ ихтэй чипс, кекс зэрэг амттан түгээмэл байдаг. Эдгээрийг идэж болох ч бага насны хүүхдүүд хязгаартай буюу нэг дор хэт их идэхгүй байх хэрэгтэй.
Жишээ нь, чипс маш их тос болон давс, амтлагч агуулдаг. Чипсийг ургамлын тосыг өндөр хэмд халааж хийдэг ба тэр тосыг олон удаа ашигладаг. Энэ нь транс тос юм. Транс тос нь маргарин, түүний орцтой төрөл бүрийн гурилан болон амтлаг бүтээгдэхүүнд агуулагддаг. Транс тос зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй учир үүнийг агуулсаг бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй.
Мөн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хадгалж, борлуулж буй нөхцөл, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн огноо болон хадгалах хугацаа зэргийг сайтар шалгаж, худалдан авалт хийх шаардлагатай. Хэрэв тухайн хүнсний бүтээгдэхүүний баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан, хадгалалтын хугацаа дууссан бол хоолны хордлого, хоол хүнсээр дамжих өвчин үүсгэх эрсдлийг бий болгодог. Тиймээс бялуу, кекс, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авахдаа анхааралтай байх хэрэгтэй.
-Баярын үеэр эцэг эхчүүд юу анхаарах хэрэгтэй вэ?
-Аливаа баяр ёслолын үеэр эцэг эхчүүд хүүхдийнхээ өдөрт авах ёстой илчлэгийг нь хангахуйц шим тэжээлтэй, эрүүл хоол идэхэд анхаарах хэрэгтэй. Мөн төрөл бүрийн сахар ихтэй ундаа, чихэр, эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнийг хязгаартай хэрэглүүлэх шаардлагатай.
Эцэг эхчүүд өөрсдөө, бүтээгдэхүүний шошго уншиж сураад, аль болох сахарын агууламж багатайг хүнс сонгох нь чухал.
Тухайлбал, 100 грамм хүнсний бүтээгдэхүүнд таван граммаас бага сахар агуулагдаж байвал эрүүл, 5-10 грамм байвал анхаарал татахуйц, 10 граммаас их байвал сахар ихтэй гэж үздэг.